Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1829

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/01829

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, нарны хороолол, 4 дүгээр байр, 32 тоот хаягт оршин суух Уран хас овогт Батнасангийн Ууганбаатар /рд:ТГ78112219/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 1 дүгээр байр, 25 тоот хаягт оршин суух Хүрээ овогт Рагчаагийн Баярмаа /рд:ЦБ67060161/-д холбогдох,

 

83,250,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ууганбаатар, хариуцагч Р.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ууганбаатар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Р.Баярмаатай зээлийн гэрээ байгуулж, түүнд 50,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

 

            Өнгөрсөн хугацаанд хариуцагч Р.Баярмаа надад 8 /найм/ сарын хүүнд 14,000,000.00 төгрөг төлсөн бөгөөд хэдийгээр бид зээлийн гэрээний хугацааг сунгаагүй боловч хариуцагч тал 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс зээлийг төлөөгүй тул түүнээс нийт 19 /арван ес/ сарын зээлийн хүү 33,250,000.00 төгрөгийг үндсэн зээл болох 50,000,000.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна.

 

            Зээлийн гэрээнд зээлдэгч тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон хэдий ч миний зүгээс хариуцагчаас алданги нэхэмжлэхгүй.

 

            Өмнөх хурал дээр хариуцагчийн өмгөөлөгч нь “Хаан банк” ХХК болон “Голомт банк” ХХК-ийн дансаар төлсөн 15,000,000.00 төгрөгийг дээр дурьдсан 50,000,000.00 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хэмээн тайлбарласан.

 

            Гэтэл хариуцагч тал надаас өмнө нь 18,000,000.00 төгрөгийг зээлж, буцаан төлөхдөө тэрхүү 15,000,000.00 төгрөгийг дансаар, үлдэх 3,000,000.00 төгрөгийг бэлнээр төлсөн тул тухайн зээлийн төлөлт 50,000,000.00 төгрөгийн зээлтэй ямарч холбоогүй юм.

 

            Иймд, хариуцагч Р.Баярмаагаас нийт 83,250,000.00 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Р.Баярмаа тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие  нэхэмжлэгч Б.Ууганбаатараас нийт 68,000,000.00 төгрөгийг зээлж, үүнээс 18,000,000.00 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлсөн, энэ талаар маргаан байхгүй.

 

            Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зээлийн хүүнд 33,250,00.00 төгрөгийг нэхэмжилж байгаа ч надад хуульд зааснаар үүнд хариу тайлбар өгөх хугацаа авах шаардлага байхгүй.

 

            Бид, зээлийн гэрээний хугацааг нийт 6 /зургаа/ сар байхаар тохирсон ба хугацааг дахин сунгаагүй, би түүнд нийт 14,000,000.00 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн бөгөөд одоо үлдэх 50,000,000.00 төгрөгийг өгөх боломжтой, харин зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 33,250,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Ууганбаатааас хариуцагч Р.Баярмаад холбогдуулан 83,250,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Ууганбаатар болон хариуцагч Р.Баярмаа нар 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч талд 50,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/-н сарын хугацаатай, 1 /нэг/ сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болжээ /х.х-ийн 8-р хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Голомт банк” ХХК дах 3300003921 тоот данснаас 50,000,000.00 төгрөгийг зарлагаар гаргаж, хариуцагч буюу зээлдэгчид бэлнээр өгсөн үйл баримтын талаар маргахгүй байна /х.х-ийн 4-р хуудас/.          

 

Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тус зээлийн гэрээ ёсоор зээлдэгч Р.Баярмаа нь зээлдүүлэгч Б.Ууганбаатарт 1 /нэг/ сарын зээлийн хүү болох 1,750,000.00 төгрөгийг сар бүр, үндсэн зээл 50,000,000.00 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүрэг хүлээжээ /50,000,000x3.5%=1,750,000/.

 

Иргэний хуулийн 206, 208-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Хэдийгээр зээлдэгч Р.Баярмаа нь зээлийн хүүг зохих ёсоор төлсөн боловч үндсэн зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнд тооцдог.

 

Гэвч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар баримтаар нотлохгүй байна.

 

Нэгэнт зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний буюу зээлийг ашиглах хугацаа дууссан байх тул зээлдүүлэгч Б.Ууганбаатар тус гэрээний дагуу зээлдэгч Р.Баярмаагаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

             

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч тал өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид зээлийн хүүнд 14,000,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээр дурьдсан 14,000,000.00 төгрөгийг 8 /найм/-н сарын зээлийн хүүнд тооцож, мөн хариуцагчаас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 19 /арван ес/-н сарын хүүнд 33,250,000.00 төгрөгийг нэхэмжилж байна /50,000,000x3.5%x19=33,250,000/.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д тус тус зааснаар талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд энэ талаар бичгээр гэрээ байгуулах бөгөөд зээлийн хүү бол зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу үнэ юм.

 

            Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн зүгээс зээлийг хүлээн авч ашигласнаар зээлдүүлэгчид тохиролцсон хүүг төлөх үүрэг хүлээх ба зохигчид зээлийг ашиглах хугацааг гэрээгээр тодорхой тохиролцсон байх тул хариуцагч тал 6 /зургаа/-н сарын хүүг төлөх үүрэгтэй.

 

            Харин талууд зээлийн гэрээний хугацааг тусгайлан сунгаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 19 /арван ес/-н сарын хүү 33,250,000.00 төгрөгийг хариуцагч тал төлөх үүрэг хүлээхгүйгээс гадна түүний төлсөн 14,000,000.00 төгрөгөөс 2 /хоёр/ сарын хүүнд тооцсон 3,500,000.00 төгрөгийг зээлийн хүү гэж үзэхгүй.

 

            Учир нь, Иргэний хуулийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заажээ.

 

            Энэ нь, зээлийг тодорхой хугацаатай болон тодорхой бус хугацаагүйгээр байгуулж болохыг зохицуулсан ба хэрэв талууд гэрээг хугацаатай байгуулж, хүү тохиролцсон тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бөгөөд гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд тухайн хүүг гэрээнд заасан хугацаагаар тогтоосон гэж үзэх юм.

 

Тодруулбал, талууд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг нийт 6 /зургаа/-н сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэхээр тохиролцсон байх тул хариуцагчийн зүгээс уг 50,000,000.00 төгрөг, түүнийг ашигласан хугацааны хүүг зөвхөн ашиглах хугацаа буюу эгүүлэн төлөх 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэж ойлгоно.

 

Хэдийгээр хариуцагч тал зээлийг буцаан төлөх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн боловч нэгэнт талууд гэрээний хугацааг сунгаагүй тул гэрээний гол нөхцлийн нэг болох хүү, түүний хэмжээг өмнө тохирсон нөхцлөөр үргэлжлүүлэхээр болсон гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал хүү шаардах эрхээ алдах юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болон гэсний дагуу нэгэнт нэхэмжлэгч Б.Ууганбаатар 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ашигласан хугацааны хүүг хариуцагч Р.Баярмаагаас нэхэмжилж буй тохиолдолд тэдгээрийн хооронд хүүний талаар ямар нөхцөл, хувь хэмжээ, хугацаатай /өмнө тохирсон  нөхцлөөр  үргэлжлүүлэх/ тохиролцсон бэ гэдгийг тодорхой буюу ойлгомжтой илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 50,000,000.00 төгрөгт хүүг хэрхэн тооцох талаар тодорхой хүсэл зоригийг илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байгуулагдаагүй байна.

 

Иймд, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн талаарх тохиролцоог 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 33,250,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хүүнд төлсөн 3,500,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

 

Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.

 

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ууганбаатарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч Р.Баярмаагаас алданги шаардахгүйгээр зөвхөн үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжилсэн болохыг үүгээр дурьдаж байна.

 

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 46,500,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,750,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Р.Баярмаагаас үндсэн зээл 46,500,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ууганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,750,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 390,450.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР