Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Над холбогдох эрүүгийн 2219000000005 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Д.Н

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Чийг архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, газарт хэвтэж байх үед нь толгой тус газарт нь хөлөөрөө дэвсэж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацрын сэртэнгийн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...  Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

 

          Хохирогч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө гэрээс гараад явж байхад Н гэрээсээ гараад ирсэн. Тухайн үед халамцуу архи уусан байдалтай Н надад хандаж “чи ганц шил архи авч өгдөггүй юм уу” гэж хэлсэн. Тэр үед нь би Над юм хэлэлгүй цаашаа чимээгүй яваад Дын гэрт очоод газар унтсан. Би унтаж байхад Н Дын гэрт ирээд миний зүүн талын шанаа болон нүдний хэсэгт 1 удаа дэвссэн ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

          Гэрч Ч.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... аав орон дээрээ хөнжлөө нөмөрсөн унтаж байхаар нь хөнжлийг нь сөхөөд хартал хажуу талаасаа хүнд зодуулчихсан шинжтэй харагдаж байсан. Тэгэхээр нь би эрүүл болохоор нь уулзъя гэж бодоод гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал миний төрсөн эгч А над руу залгаад “чи аавын гэрт хүрээд ир, би түргэн тусламж дуудчихлаа, аав хүнд аймаар зодуулчихсан байна” гэж хэлэхээр нь яваад очтол аавын нүүр нь аймаар болчихсон байхаар нь ааваас юу болсон талаар асуухад “Н намайг архи хамт уухгүй гэсэн чинь зодчихсон” гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

         Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэртээ иртэл Чийн нүүр хүнд зодуулсан мэт аймаар болчихсон орон дээрээ унтаж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “Н намайг унтаж байхад дэвсчихсэн” гэж хэлж байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

         Гэрч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай хамаатны дүү над руу залгаад “Ч ах зодуулчихсан гэртээ байна, та ирэхгүй бол нүүр ам нь аймаар болчихсон байна” гэхээр нь би гэрт очсон. Тэгсэн аавын нүүр аймаар болчихсон байсан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаад, дараа нь бага дүү Зыг дуудсан. Тэгээд ааваас юу болсон талаар асуухад “аав нь айлд унтаж байсан чинь Н орж ирээд эхлээд эрүү рүү дараа нь нүүр хавиар дэвсчихлээ” гэж хэлж байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Чийн гэр рүү ороод түүнийг сураглахад байхгүй байсан. Тэгэхээр нь гэрээс нь гарч яваад Дын гэрт очтол Ч, Д 2 байж байсан. Тэгээд бид 3 нэг шил архи хувааж уусан ба дуусчихаар нь би гэр рүү яваад гэрээс мөнгө аваад Дэнжийн дэлгүүрээс 1 шил архи аваад  нөгөө 2 дээрээ очоод хамт уусан. Удалгүй архи дууссан чинь Ч “одоо би нэг шил архи авна” гэж хэлсэн ч авахгүй байхаар нь би “яасан бэ 1 шил архиа авахгүй юм уу” гэж асуутал “жоохон байж байгаад явна” гэж хэлээд газар хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би толгой хэсэг рүү нь 1 бил үү, 2 удаа баруун хөлийнхөө хар өнгийн урт түрийтэй зузаан гутлаараа өшиглөчихөөд ганцаараа гараад явсан ... Чийн дансанд эмчилгээний мөнгө гэж 3,000,000 төгрөгийг хийсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/027 дугаартай “... С.Чийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хацрын сэртэнгийн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан хамар ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан хамрын таславчийн муруйлт, зүүн хацрын сэртэнгийн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг эмнэлгийн бичиг баримтаар тогтоох боломжгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

          Хохирогч С.Чийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 36-37 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Чийг архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, газарт хэвтэж байх үед нь толгой тус газарт хөлөөрөө дэвсэж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацрын сэртэнгийн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүндэвтэр хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Д.Нын үйлдлийн улмаас хохирогч С.Чийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хацрын сэртэнгийн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/027 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Д.Н нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн хацрын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч Д.Н нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, хохирогч С.Ч нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан талаар мэдүүлсэн болно.

          Иймд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний төлбөр 5,000,000 төгрөгийг хохирогч С.Чт төлж барагдуулсан, хохирогчоос хохирол, төлбөргүй болохоо мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Д.Над ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Над 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Над тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Дийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Над 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Над оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Над тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйл, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүдэгч Д.Н нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг анхаарсугай.

          6.Шүүдэгч Д.Н нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Над мэдэгдсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА