Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн Бд холбогдох эрүүгийн 2219000000017 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Х.Г

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж” төвийн 2 давхарт байрлах “Классик” салонд хохирогч Ж.Бын баруун өвдөг тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед манай нөхөр зүүн талын хөрш айлын хүн болох Ттай цуг Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Үлэмж төвийн 2 давхарт байдаг ажил дээр ирсэн. Ажил дээр ирэхийн өмнө манай нөхөр Б надтай утсаар ярихдаа “чамайг очиж ална” гэж ярьж байсан. Миний хажууд ирээд зогсохоор нь би “чи яагаад маяглаад байгаа юм, юу яриад байгаа юм” гэхэд миний өөдөөс юм хэлээгүй. Миний хажууд зогсож байх үедээ 2 гараа куртикнийхээ халаасанд хийчихээд зогсож байгаад баруун гар нь халааснаасаа гарч ирэх шиг болоод миний баруун талын өвдөгний дотор талыг хутгалчихаад юм  хэлэлгүй гараад явсан. Би ягаан өнгийн алчуураар хөлийнхөө цусыг тогтоох гэж дарсан ... Надад гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

          Гэрч У.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б над руу залгаад “ахыгаа Үлэмж худалдааны төвөөс ирээд авчих” гэхээр нь би “за” гээд гэрээсээ ганцаараа гарч, таксидаж Үлэмж төвийн гадаа очиход Б ах Үлэмж төвийн хойд талд ганцаараа байхаар нь очиход эхнэрийнхээ ажил руу орж таксины мөнгө авъя гэхээр нь би хүлээж байгаад, удаад байхаар нь араас нь ороход Б ах эхнэр Бынхаа хажууд сууж байсан. Эхнэртэйгээ юу ярьж байсан талаар сонсоогүй. Эхнэр Б нь орилохоор нь харахад баруун талынх нь хөлийн өвдөг хэсгээр өмд нь цус болсон харагдаж байсан. Тэгээд Б ах шууд гарч явахаар нь араас нь би гарч, 2 давхраас бууж байх үед би Б ахын баруун гарт нь байсан хутгыг авч, Үлэмж төвийн 1 давхарт байсан саарал өнгийн хогийн саванд хийсэн ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

         Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай ажил дээр Бын нөхөр Б согтуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед нэг намхан нуруутай залуутай хамт орж ирээд над руу “өчигдөр намайг залгаж байхад утсаа авсангүй” гэж хэлэн уурлаад намайг түлхэн хананд шахахаар нь би уурлан “Б та хоёрын амьдрал надад ямар хамаатай юм” гэж хэлэхэд цааш эхнэр Б руу очиж “чи яагаад өчигдөр намайг залгахад утсаа авахгүй байгаа юм” гэж хэлэн уурлаж байсан. Би үйлчлүүлэгчтэй байсан болохоор тоогоогүй байж байсан чинь гэнэт Б бархирахаар нь харсан чинь баруун хөлийнх нь өвдөгний дотор талаас цус гарч байхаар нь би түргэн тусламж болон цагдаа дуудсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Г.Бн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой ... эхнэрийн ажлын шинэ жил болно гээд эхнэр ажил дээрээ үлдсэн ... орой 23 цагаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 02 цаг хүртэл эхнэр рүүгээ тасралтгүй залгахад утсаа авахгүй байхаар нь би дүү Тын хамт машинтай эхнэрийн ажил, Ялалтын баар, Минерал бааранд очиход хаалттай байхаар нь гэртээ 02 цаг өнгөрөөж харьсан. Үүрийн 04, 05 цагийн үед эхнэрийн дугаар руу залгахад эхнэр утсаа аваагүй, харин эхнэр өөрөө 06 цагийн үед над руу залгахаар нь би өөдөөс нь уурлан “хаана байна” гэхэд “хойд гэрт 2 цагийн үед ирсэн” гэхээр нь би “олон удаа залгаж байхад утсаа авчихад яадаг юм” гэхэд юм хэлэлгүй утсаа тасалсан. Би өглөө 08 цаг 30 минутад хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд, хойд гэр буюу хадмын гэрт очиход эхнэр Б унтаж байхаар нь би сэрээгээд “гэртээ харья” гэхэд эхнэр “унтаж байгаад харина” гэж хэлээд намайг хэд хэдэн удаа хэлэхэд тоохгүй байхаар нь гэртээ ганцаараа харьсан. Гэртээ хариад хоолоо хийх гээд махаа эвдэх гэсэн чинь хутга мах даахгүй байхаар нь би ирлүүлэхээр МСҮТ рүү авч явсан ба хаалттай байхаар нь өөр тийшээ явсан. Би явах замдаа хойд овоон дээр гарч сүү, давс өргөчхөөд гэртээ харьсан. Гэрт байж байхад уур хүрээд байхаар нь машинд 5, 6 хоног хадгалсан Хараа гэсэн бичигтэй 0,33 литрийн архийг ганцаараа уусан. Эхнэрийнхээ ажил дээр Тын хамт очсон. Эхнэртэйгээ юуны талаар ярьснаа сайн мэдэхгүй байна. Харин ажлынх нь хүн болох Бадамхандтай утсаа авсангүй гэж хэрэлдсэн. Миний куртикний халаасанд ирлүүлэхээр авч явсан хутга байхаар нь би эхнэрээ айлгая гэж бодсон чинь хөлийг нь зүсчихсэн. Хутгыг хөрш айлын Т авсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 39-40 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/040 дугаартай “... Ж.Бын биед баруун өвдөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

          Хохирогч Ж.Бын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж” төвийн 2 давхарт байрлах “Классик” салонд хохирогч Ж.Бын баруун өвдөг тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Г.Бн үйлдлийн улмаас хохирогч Ж.Бын эрүүл мэндэд баруун өвдөгний шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/040 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун өвдөгний шарх бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ж.Б нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан байна.

          Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засгийг бодолцон оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Гийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА