Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2133000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн,00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 0 дугаар багийн Шар хадны хороололд оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 1986 онд Эрүүгийн хуулийн 109-б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 241 дүгээр зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,1996 онд эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 241, 219-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2, 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хугацаанаас өмнө суллагдаж, үлдсэн 1 жил 2 cap 18 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн Хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр суллагдсан, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуулийн тэгшитгэлээр үлдсэн 5 жил 10 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө сулласан, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр суллагдсан, Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн гэх, хэрэг хариуцах чадвартай Боржигин овгийн ******* /регистрийн дугаар МВ- Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Зараагийн хөндий гэх газраас иргэн *******ын буурал духтай, гэдсээрээ олом татуур, зөв гуянд дээрээ дэгрээ тамгатай, 10 настай хээр зүсмийн 1 тооны адууг шунахай сэдэлтээр хулгайлж, иргэн *******т 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэг: “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өглөө *******гийн адууг харж байгаад мордоод давхихад буурал зүсмийн морь польд адуутай хамт ороод ирсэн байсан. Польны сахиултай ярьж байгаад адуугаа авахад наад адуу чинь адуу дагуулаад ийш тийшээ явчих вий наадхаа салгаад бариад уячих гэхээр нь би 2 өдөр унаж байгаад хашаандаа барьж уясан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэв. Эрүүгийн 2133000000081 тоот хавтаст хэргээс 1.2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын Цагдаагийн хэлтэст гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 1-р хуудас/ %1. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8, 9-р хуудас/ %1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10, 11-12-р хуудас/ %1. Дархан-Уул аймгийн Капитал зууч ХХК үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний газрын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээчин *******ын "үнэлгээнд хамрагдсан адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 750,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-18-р хуудас/ %1. Хохирогч *******ын “...Манайх 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буурал духтай хээр зүсмийн дэгрээ тамгатай адуугаа намаржааныхаа гадаа бас нэг морьтой чөдөрлөөд холбочихсон байсан чинь 17-ны өглөө босоод харсан чинь байхгүй болчихсон байсан. Тэгээд тэр хавиараа хайгаад олоогүй, Сант, Орхон сумын нутгаар хүртэл хайгаад олоогүй юм. Тэгсэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байтал манай нутгийн ******* гэх залуу над руу залгаад танай алдсан морьтой адилхан морь ******* унаад манай гэрт ирчихсэн байна гэхээр нь чи зургийг нь дараад аваач гэж хэлээд *******ийнд яваад очтол дарсан зураг нь манай адуу зүс, им тамга нь яг мөн байсан. Тэгээд энэ адуу одоо хаана байгаа вэ гэсэн чинь мэдэхгүй байна, ******* өөрөө унаад явж байна лээ, одоо Хүйтний хөтөл гэх газарт танай адууг аргамжиж орхиод Цагаан толгой явах ажилтай гэж ярьж байсан гэсэн. Манай адуу буурал духтай, гэдсээрээ олом татуур, зөв гуянд дээрээ дэгрээ тамгатай, 10 нас хүрч байгаа, жижиг биетэй адуу байгаа юм. Алдсан адуугаа олж авмаар байна. Би адуугаа алдаад олон хоног хаа сайгүй хайж явсан. Тэр болгондоо тээврийн хэрэгсэлдээ бензин тос хийсэн. Гарсан зардлыг төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23,25-р хуудас/ %1. Гэрч *******гийн “... 2021 оны намрын ажил их байсан болохоор би Бадрах ахыг намрын ажил дуустал адуу хараад өгөөч гээд одоогоос 1 cap орчмын өмнө адуугаа харуулсан юм. Тэгээд 10 сарын дундуур санагдаж байна Бадрах ах манай адууг авч ирж гэрийн гадаа хашсан чинь хээр зүсмийн 1 адуу дунд нь явж байхаар нь "Энэ ямар учиртай адуу явж байгаа юм бэ?" гэсэн чинь Бадрах ах нийлчихсэн байсан юм аа гэхээр нь манай эндхийн адуу биш юм шиг байна салгаж хөөгөөрэй. Адуу дагуулаад явчихна гэж хэлээд би өөр ажилтай яваад өгсөн. Тэгээд сүүлийн хэд хоног адуугаа харахгүй байхаар нь эхнэрээс нь асуусан чинь цагдаа нар аваад явсан гэж байсан. Бадрах ах өдөр болгон л адуундаа явдаг хүн. Нэг өдөр хашаанд малаа оруулж ирэхэд нийлчихсэн байсан. Би салгаж явуулаарай гэж хэлээд явсан. Миний мэдэхээр 1 хоносон адуу. Хээр зүсмийн адуу байсан. Тамгыг нь хэлж мэдэхгүй, бүдэг дарагдсан байсан. Хэний морь гэдгийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/ %1. Гэрч *******ийн “... 2021 оны 10 дугаар сарын 17, 18-ны орчим л санагдаж байна манай нутгийн залуу Магсаржав над руу утсаар залгаад би хээр зүсмийн дух нь буурал зөв гуяндаа дэгрээ тамгатай адуугаа алдчихлаа гэрийнхээ гаднаас энд тэнд сураг ажиг гарвал хэлээрэй гэж захисан юм. Тэгээд 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрийнхээ доод талд байдаг худаг дээр явж байсан чинь манай нутгийн Бадрах гэж хүн Мягмаржавын алдсан адуутай адилхан адуу унаад явж байхаар нь би зургийг нь дараад Магсаржавт хэлсэн чинь яваад очъё гэсэн. Удалгүй Магсаржав ирээд миний утсан дээр байсан зургийг хараад миний адуу мөн байна гэж хэлсэн. Зүүн гуяндаа дэгрээ тамгатай, духандаа бууралтай хээр зүсмийн жижиг биетэй адуу байсан. Би адууг унаж явсан хүнийг харж байсан. *******ын унаж явсан адуу Магсаржавын алдсан адуу мөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/ 8. Гэрч *******ийн “...Би цуурай дэнж гэх нэртэй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай юм. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын "Зараа хоолой" гэх газар 660 га газар хүнээс худалдаж авсан юм. Одоо энэ газартаа газар тариалан эрхэлдэг. Би өөрөө эндэхийн хүн биш учраас малчдын нэр усыг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан хэдэн адуу мал хашигдаж л байдаг дараа нь эзэд нь ирээд аваад явдаг юм. Мөнхбүрэн гэх хүнийг зүс танина. Тэдний адуу нэг удаа хашигдаж байсан. 2021 оны 10 сард ерөөсөө адуу хашаагүй. Хамгийн сүүлд хэдэн үхэр хашигдаж байсныг Мөнхбүрэн эхнэртэйгээ ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/ 9.Яллагдагч *******ын ...Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд малчин хийдэг. Намайг манай сумын Мөөгөө гэх залуу та манай адууг хэд хоног хараад өгөөч өөрсдөө өвсөө аваад тариагаа хураах ажилтай болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний 400 гаруй адууг нь харж өгөхөөр болсон юм. Тэгээд Мөөгөөгийн адууг сумын төвийн урагшаа "Хөх даваа" гэдэг газар луу шахаад хонуулдаг байсан. Тэгж байтал 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний харж байсан адуунаас 3 азарга адуу Зараагийн цаад талд байрлах бригадын тариан талбай руу орчихсон байсан. Тэгэхээр нь тухайн бригадын хашаанаас адуунуудыг нь тууж гаргасан. Тэгсэн нэг буурал духтай, хээр зүсмийн бүдэгхэн тамгатай морь миний харж байсан адуутай нийлчихсэн байсан. Тэгээд би тухайн 3 азарга адууг нь Мөөгөөгийн гадаа аваачаад хашаанд нь хашсан. Тэгээд гэртээ цай ундаа ууж аваад буцаад Мөөгөөгийн гэрт очоод адуутай нийлчихсэн байсан хээр морийг нь аваад гэр лүүгээ явчихсан юмаа. Тэгээд гэртээ аваачаад өвөлжөөн дотор уяад орхисон. Тэгээд өвөлжөөндөө нэг хонуулаад байж байтал хүүхдүүддээ хувцас хунар бэлдэх болоод мөнгөний хэрэг гараад байхаар нь тухайн адууг зарах болоод Шура гэдэг хүнтэй утсаар яриад нэг адуу сая төгрөгөөр авчих гэж хэлтэл одоо махны үнэ буучихсан байгаа. Нэг саяар авахгүй гэсэн. Тэгээд бид хоёр үнэ хөлс дээрээ тохироогүй тул би наймаа хийхээ больсон. Тухайн адуу нь одоо манай өвөлжөөнд байгаа. Би эзэн нь олдох юм бол хүлээлгэж өгнө. Тухайн адуу буурал духтай хээр морь байсан. Тамга нь сайн харагдахгүй миний харснаар бол босоо хагас наймын тооны хэлбэртэй л байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 49-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Зараагийн хөндий гэх газраас иргэн *******ын буурал духтай, гэдсээрээ олом татуур, зөв гуянд дээрээ дэгрээ тамгатай, 10 настай хээр зүсмийн 1 тооны адууг шунахай сэдэлтээр хулгайлж, иргэн *******т 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Мөнхбүрэний адууг харж байгаад мордоод давхихад буурал зүсмийн морь польд адуутай хамт ороод ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “-” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн, бусдын малыг маллаж амьжиргаагаа залгуулдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсхөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигин овогт *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА