Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б- холбогдох эрүүгийн 2110000001223 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эхнэр,  хүүхдийн хамт, Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Б- /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Аянчин аутфиттерс” ХХК-ийн салбар дэлгүүр “Юү Жи Жи /UGG/” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох Б.У- “200.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэрт болгоод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг өгсөн мэтээр итгүүлэн бодитоор түүнд 140.000 төгрөгийг шилжүүлэн өгч, 60.000 төгрөг залилсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Аянчин аутфиттерс” ХХК-ийн салбар дэлгүүр “Колумбиа” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох Б.А- “20.000 төгрөгийн дэвсгэртийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан 100.000 төгрөгийг өгсөн мэтээр итгүүлэн бодитоор түүнд 70.000 шилжүүлэн өгч, 30.000 төгрөг залилсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Бльюмон" ХХК-ийн салбар дэлгүүр “Конверс” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох С.М- “20.000 төгрөгийн дэвсгэртийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг өгсөн мэтээр итгүүлэн бодитоор түүнд 140.000 төгрөгийг шилжүүлэн өгч, 60.000 төгрөг залилсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах ‘Би Ти ЭФ” ХХК-ийн салбар дэлгүүр “Адидас” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох А.С- “10.000 төгрөгийн дэвсгэртийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг өгсөн мэтээр итгүүлэн бодитоор түүнд 160.000 шилжүүлэн өгч, 40.000 төгрөг залилж, бусдад нийт 190.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2110000001223 дугаартай хэргээс:

1. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал)

2. Б.У- цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал)

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8, 65, 86 дахь тал)

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал)

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал)

7. Хохирогчийн хууль ёсны А.С- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал)

 

Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Аянчин аутфиттерс” ХХК-ийн салбар дэлгүүр “Юү Жи Жи /UGG/” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох Б.У- “200.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэрт болгоод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнд 140.000 төгрөгийг шилжүүлэн өгч, 60.000 төгрөг залилсан,

Мөн “Аянчин аутфиттерс” ХХК-ийн салбар дэлгүүр “Колумбиа” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох Б.А- “20.000 төгрөгийн дэвсгэртийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан 100.000 төгрөгийг өгсөн мэтээр итгүүлэн бодитоор түүнд 70.000 шилжүүлэн өгч, 30.000 төгрөг залилсан,

мөн “Бльюмон" ХХК-ийн салбар дэлгүүр “Конверс” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох С.М- “20.000 төгрөгийн дэвсгэртийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг өгсөн мэтээр итгүүлэн бодитоор түүнд 140.000 төгрөгийг шилжүүлэн өгч, 60.000 төгрөг залилсан,

 мөн “Би Ти ЭФ” ХХК-ийн салбар дэлгүүр “Адидас” брэндийн дэлгүүрийн худалдааны зөвлөх болох А.С- “10.000 төгрөгийн дэвсгэртийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг өгсөн мэтээр итгүүлэн бодитоор түүнд 160.000 шилжүүлэн өгч, 40.000 төгрөгийг тус тус залилж, бусдад нийт 190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал)

Б.У- цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал)

 “Хүннү молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... хар бараан өнгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй 2 хүн мөнгө солилцох ба эрэгтэй нь бараан өнгийн хэтэвч гаргаж ирээд эмэгтэйд цаасан мөнгө мэт зүйл өгч байгаа нь харагдав. Дахин эмэгтэй нь эрэгтэйд мөнгө мэт зүйл өгч байв. Хэдэн төгрөг өгч байгаа нь тодорхой харагдахгүй байв.

...Конверс нэрийн дэлгүүрийн касс дээр зогсох эрэгтэй болон түүний баруун гар талд зогсох саравчтай хар малгай өвлийн хар хүрэм өмссөн эрэгтэй нар мөнгөн дэвсгэрт тоолж харилцан солилцов. Мөнгөн дэвсгэртээ тоолох үед хар хүрэмтэй эрэгтэй түргэн хөдөлгөөнөөр баруун гараа халаасандаа шургуулж зүүн гараараа ажилтанд мөнгийг өгч байгаа нь харагдав.

...”Адидас” нэрийн дэлгүүрийн кассын ажилтан эмэгтэй урт өргөн хүрэн ширээн дээр байрлуулсан компьютер мөнгөний хайрцгийн ард зогсож байх үед хар саравчтай малгай, хар хүрэмтэй цайвар амны хаалт бүхий эрэгтэй ирж хэтэвчээсээ мөнгө гарган тоолж ажилтантай ямар нэг юм ярьж гаргасан мөнгөн дэвсгэртээ нугалан ширээн дээр нь тавих ба энэ үед кассын ажилтан мөнгөний компьютерын өмнөх хайрцгаасаа мөнгө авч залууд ойртон тоолох үед эрэгтэй хэтэвчээ хүрмийнхээ баруун талын халаасанд хийж эргэн хэсэг хугацаанд камерт харагдахгүй болов. Кассын ажилтан тоолсон мөнгөө эрэгтэйд өгч анх ширээн дээр нугалан тавьсан мөнгийг нь авав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8, 65, 86 дахь тал)

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” их дэлгүүрийн дотор байрлах “UGG” брэнд дэлгүүрт 2021 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа. Манай дэлгүүрийн 3 ээлжийн худалдааны зөвлөхтэй. Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээлжид гарч ажиллаж байсан юм. Би дэлгүүртээ зогсож байтал 14 цагийн орчимд 35-40 орчим насны ах орж ирсэн. Тэр ах шууд орж кассын хажууд ирсэн бөгөөд ахдаа мөнгө задлаад өгөөч гэсэн юм. 20.000 дэвсгэртээр 200.000 төгрөг гаргаж ирээд 10.000 төгрөгийн дэвсгэртээр задлаад өгөөч гэсэн. Би касс дахь мөнгөө гаргаж ирээд тоолтол кассад байсан 10.000 төгрөг 200.000 төгрөг хүрэхгүй байгаагаа хэлтэл 10.000 төгрөгийн дэвсгэртээр 200.000 төгрөг гаргаж ирээд “энийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч, ах нь хүнд мөнгө өгөх гэж байгаа тул бүгдийг нь тэгшхэн болгох гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би түүнд кассаас мөнгө тоолж байгаад 20.000 төгрөгийн дэвсгэртээр 200.000 төгрөг өгсөн. Миний өгсөн мөнгийг тоолж үзэж байгаад зарим нь хуучин мөнгө байна хүнд өгөх гэж байгаа юм аа шинэ мөнгөөр солиод өг гээд надад буцаан өгсөн. Би кассад байсан мөнгөнөөс ялгаж тоолж байгаад 200.000 төгрөг өгсөн. Би нээх юм бодолгүй сууж байтал манай менежер чи сая мөнгө тоолж өгөөд байсан. Мөнгө задалж өгсөн юм уу гэсэн тэгэхээр нь “тиймээ” гэтэл тэр хүн мөнгө задлуулахдаа дутуу мөнгө өгөөд илүү мөнгө авсан байна мөнгөө шалгаж үз гэхээр нь би касс дахь мөнгөө тоолж үзтэл касс дахь мөнгөнөөс 60.000 төгрөг дутсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл их дэлгүүрийн дотор байрлах “Колумбиа” дэлгүүрт 2020 оны 09 сараас эхлэн худалдагчаар ажиллаж байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дэлгүүртээ ажлаа хийж байтал 15 цагийн орчимд 40-45 орчим насны нэг ах орж ирээд 10.000 төгрөгийн дэвсгэртийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч хүнд өгөх гээд дэвсгэртээ тэнцүүлэх гэж байгаа юм гэсэн юм. Би касс дахь мөнгөө үзтэл надад 20.000 төгрөгийн үзтэл байгаагүй. Гэтэл тэр ах 20.000 төгрөгийн дэвсгэртийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч байгаа мөнгөө тэнцүүлчихмээр байна гээд байсан. Манай кассад 10.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан учраас би ахад мөнгийг нь сольж өгөхөөр болсон юм. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг солиулах гэж байгаа юм бэ” гэхэд 100.000 төгрөг солиулна гээд 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт барьчихсан зогсож байсан. Би кассын машинаас 10.000 дэвсгэрт 10 ширхгийг тоолж аваад кассаа онгорхой орхичихсон байсан. Нөгөө ахтай мөнгөө солилцоод өгсөн мөнгийг нь тоолоод кассад хийх гэж байтал тэр ах хүнд өгөх гэж байгаа юм шинэ дэвсгэртээр солиод өгөөч гэж хэлээд касс дээр миний өгсөн мөнгийг буцаагаад тавьчихсан. Тэгэхээр нь би тэр ахын тавьсан мөнгийг тоололгүйгээр шууд бусад мөнгөтэйгөө нийлүүлээд тэр ахад дахин 10.000 төгрөгийн дэвсгэртээр 100.000 төгрөгийг өгсөн. Тэр ах мөнгөө авчхаад баярлалаа гэж хэлээд гараад явсан юм. Би удалгүй кассын мөнгөө цэгцэлж байгаад мөнгөө тулгахаар болсон чинь 30.000 төгрөг дутаж байсан юм. Би кассын дээд талын камерыг шалгатал мөнгө солиулах гэж орж ирсэн ах сүүлд шинээр мөнгө солиод өг гэж хэлэхдээ дундаас нь мөнгө сугалж аваад халаасандаа хийсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...13 цагийн орчимд 40 хүртэлх насны эрэгтэй хүн орж ирсэн. Би үүдэн дээрээс тэр ахыг тосож авахад тэр ах нэг пүүз үзээд үнийг асуусан бөгөөд дараа нь 20.000 төгрөгийн дэвсгэртийг 10.000 төгрөгийн дэвсгэртээр задлаад өгөөч гэсэн. Би задалж өгөх гээд кассын хажууд очтол тэр ах түрүүвчнээсээ 20.000 төгрөгийн дэвсгэртээр 200.000 төгрөг гаргаж ирээд 10.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгчих гэсэн. Би кассаас 10.000 төгрөгийн дэвсгэртээр 200.000 төгрөг гаргаж ирээд тоолоод тэр эрэгтэйд өгсөн. Тэр эрэгтэй тоолж үзчихээд надад мөнгийг эргүүлэн өгөхдөө гайгүй шинэ мөнгөөр солиод өгөөч бэлгэнд өгөх гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би түүний өгсөн мөнгийг тоолж аваагүй дахин шинэ дэвсгэртээр сольж өгсөн юм. Ээлжийн худалдагч Маралмаа бид хоёр тооцоогоо гаргаж байтал 60.000 төгрөг дутсан байсан. Тухайн үедээ юм бодолгүй мартсан худалдан авалт байгаа эсэхийг бодсон. Тэгтэл орой 18 цагийн үед дэлгүүртээ сууж байтал Хүннү моллын хамгаалагч залуу ирээд танайхаар хэн нэгэн мөнгө задлуулахаар орж ирсэн үү дэлгүүрүүд тухайн хүнд мөнгө задалж өгөөд алдсан байна. Та нар шалгаад үз гэсэн. Тэгэхээр нь манайх хяналтын камераа шалгатал манай дэлгүүрт мөнгө задлуулахаар орж ирсэн залуу надаас авсан 200.000 төгрөгөөс мөнгө аваад солиулахаар буцааж өгсөн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл их дэлгүүрийн дотор байрлах Адидас дэлгүүрт 2021 оны 02 дугаар сарын сүүлээс ажиллаж байгаа. Манай дэлгүүр 2 ээлжийн худалдааны зөвлөхтэй. Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээлжид гарч байсан. Тухайн өдөр 16 цагийн орчимд саравчтай малгай өмссөн 40 орчим насны ах орж ирсэн. Тэр хүн орж ирчхээд мөнгө задлаад өгөөч гэж хэлээд 20.000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг гаргаж ирээд 10.000 төгрөгийн дэвсгэртээр солиод өгөөч гэсэн. Тэгэхээр нь кассын машинаа онгойлгоод мөнгийг нь задалж өгөх гэтэл тэр ах 20.000 төгрөгийн дэвсгэртээр 200.000 төгрөгийг гаргаж ирээд задлаад өгөөч гэсэн. Би кассаасаа мөнгө гаргаж ирээд тоолж байтал 10.000 төгрөгийн дэвсгэртүүд 200.000 төгрөг хүрэхгүй 160.000 төгрөг байсан. Нөгөө ах чинь за байгаагаа өгчих гэж хэлээд мөнгийг тоолсон. Тоолчхоод буцааж өгөхдөө 20.000 төгрөгийн дэвсгэртээр 200.000 төгрөг болгоод өгчих гэж хэлсэн юм. 18 цагийн орчимд Колумбиа дэлгүүрийн худалдааны зөвлөх “нэг залуу ирээд танайд хүн мөнгө задлуулах гэж орж ирсэн үү” гэж асуусан. Би түүнд болсон явдлыг хэлэхэд тэгвэл танайхаас мөнгө алдагдсан байгаа шалгаад үз гэж хэлсэн. Би шалгаад үзтэл 40.000 төгрөг дутсан байсан. Хяналтын камер шалгахад мөнгө задлуулахаар орж ирсэн ах мөнгө задлуулж байх явцдаа мөнгөнөөс сугалж аваад халаасандаа хийж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Д.Б- нь хохирогч нараас “мөнгө задлаад өгөөч” хэмээн 20.000 төгрөгийн дэвсгэрт бүхий мөнгө үзүүлэн итгүүлж, улмаар хохирогч нараас сольж өгсөн мөнгөн дэвсгэртийг “дахин шинэ мөнгөн дэвсгэртээр солиод өг” гэж мөнгийг бүрэн өгсөн мэтээр төөрөгдөлд оруулан, хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Д.Б- нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилгоор “мөнгөн дэвсгэрт задлуулах” нэрийдлээр мөнгийг дутуу өгч хохирогч нарыг төөрөгдөлд оруулан хуурч буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шунахайн сэдэлттэй байна. Энэ гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх ба шүүгдэгч Д.Б-ын залилах гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 190.000 төгрөгийн хохирол учирчээ.

          Иймд шүүгдэгч Д.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Д.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч Д.Б-ыг “үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Б-т ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ыг Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Б-т мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 190.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У- 60.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- 30.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М- 60.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С- 40.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Д.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ыг Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Б-т мэдэгдсүгэй.    

 

5. Шүүгдэгч Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР