| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2020/0003/З |
| Дугаар | 159/ШШ2020/0012 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 159/ШШ2020/0012
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай захирамжийн хавсралтын өөрт холбогдох буюу ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би талбайдаа 2012-2015 оны хүртэл хугацаанд төмс, болон балт ургамал тарьж газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан юм. Би эзэмшлийн газар дээрээ 22 мкв талбайтай хувийн орон сууцтай билээ. Орон сууцны гэрчилгээний улсын бүртгэлийн дугаар Ү-131000691, Газар эзэмших гэрчилгээний дугаар 0399722. Намайг эзэмшил газар дээрээ үйл ажиллагаагаа явуулж байтал Шаамар сумын Засаг дарга надад мэдэгдэхгүйгээр миний эзэмшлийн газрыг өөр хүнд шилжүүлж өгсөн байсан. Би 2016 онд газар дээрээ төмс тарих гээд очиход өөр хүн тариалалт хийсэн байсан учир Шаамар сумын газрын даамалтай уулзахад таны эзэмшлийн газрыг Засаг дарга өөр хүнд шилжүүлсэн захирамж гарсан гэж хэлсэн юм. Би ингэж миний эзэмшлийн газрыг бусдад шилжүүлснийг мэдээд Засаг даргын захирамжийг үзэж танилцъя гэхэд одоо энд захирамж байхгүй байна, та дараа ирж танилцаарай гээд надад танилцуулаагүй юм. Үүний дараа би 8-9 удаа Тамгын газар очсон боловч захирамжтай танилцаж чадаагүй юм. Надад одоог хүртэл захирамжийг танилцуулаагүй юм. Миний хувийн орон сууцтай эзэмшил газрыг надад мэдэгдэхгүйгээр өөр хүнд шилжүүлж намайг хохироож байгаа тул би Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж 2019 оны 12-р сарын 19-ны өдөр гомдол гаргасан боловч надад одоог хүртэл хариу өгөөгүй юм.
Иймд би арга буюу шүүхэд хандаж байна. Би эзэмшлийн газраа хураалгаснаас болж 2016 оноос эхлэн 2019 он хүртэл 4-н жилийн хугацаанд тариалалт хийж чадахгүй хохирсон. Хэрвээ би 4 жилийн хугацаанд тариалалт хийсэн бол дунджаар 10 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллах байсан билээ. Миний хохирч байгаа энэ нөхцөл байдлыг анхааран үзэж, Шаамар сумын Засаг Даргын зүгээс миний эзэмшлийн газрыг хууль бусаар хураан авч бусдад шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгож миний эзэмшлийн газар, хувийн орон сууцыг буцаан олгож өгөх шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 тоот захирамжаар 77 иргэн, 1 байгууллагын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6, 40.1.5, дугаарт заасаныг үндэслэн хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэл гаргасан иргэн ******* эзэмшиж байсан Усжуулахын хар усан тохойд байрлах 5 га газар багтаж байгаа юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,
40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,
40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй,
1.Тухайн захирамж нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар орж хуралд орсон гишүүдийн 100 хувийн саналаар 77 иргэн, 1 байгууллагын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6, 40.1.5, дугаарт заасаныг үндэслэн хүчингүй болгосон.
Иргэн ******* хувьд дээрх захирамжинд дурдсан Газрын тухай хуулийн 2 заалтыг зөрчиж байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2. Иргэн ******* нь Шаамар сумын ЗДТГазрын ХАА-н тасгийн дарга агроном ******* 2 жил дараалан олон наст тарьсан гэж утсаар мэдээ өгсөн ба 2014 онд очиж үзхэд газар хагалж тарьсан шинж байгаагүй мөн 2015 оны намар ургац тогтоож очход мөн ургасан олон наст байгаагүй учир иргэн ******* утсаар хэлхэд газар хагалж тариагүй гараар цацсан тийм учир ургаагүй юм гэсэн хариу мэдэгдсэн байдаг энэ нь тухайн иргэний 2012-2015 оныг хүртэл хугацаанд төмс, болон балт ургамал тарьж газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан гэсэн нь худал мэдээлэл болохыг нотлож байгаа юм. Мөн ******* эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулж байтал Шаамар сумын Засаг дарга мэдэгдэхгуйгээр миний эзэмшилийн газрыг өөр хүнд 2016 онд шилжүүлсэн байсан мөн еөр хүн тарилт хийсэн зэрэг мэдээлэл нь худал бөгөөд тухайн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох 2016-04-20-ны өдрийн А/58 тоот захирамж гарсанаас хойш ******* нь 2016 онд сумын Газрын даамалтай нэг удаа ирж уулзанаас хойш дахиж ирж уулзагүй учир 2017-04-24-ыг хүртэл ямар нэг байдлаар тухайн газарт газар олголтыг хийгдээгүй байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/40 тоот захирамжаар Иргэн Ч.Тодмандахд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд энэ нь тухайн иргэний нэгж талбарын хувийн хэрэгээр нотлогдож байгаа юм.
3. Сэлэнгэ аймаг Шаамар сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг 2016.04.22-ны өдөр ... бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр иргэн ******* эзэмшлийн 5 га талбайд сүүлийн 3 жилд олон наст ургамал тарьсан эсэх тухай газар дээр нь үзлэг хийхэд олон наст ургамал хөрс боловсруулж тариалаагүй талбайг ашигласан болж худлаа мэдээлэл өгсөн байна гэсэн дүгнэлт нь үйл ажиллагаа явуулаагүйг нотолж байгаа юм.
4. Иргэн ******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь олон наст болон балт ургамал тариалсан гэх мэдээлэл нь хуульд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь нотлогдож байгаа тул ******* газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
5.2013-2016-04-20-ны өдөр хүртэл гэрээнд заасан 1 жилийн газрын төлбөр болох 5790 төгрөгийг нийт 3-н жилийн газрын төлбөр 17370 төгрөгийг бүрэн барагдуулагүй нь Газрын төлбөрийн мэдээ-4 /ГТМ-4/ маягтаар нотлогдож байна.
6. Иймд ******* Сэлэнгэ аймаг дахь Захирагааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжпэлийг үндэслэлгүй гэж үзэж байна...гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас иргэн Тодмандахаас төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай 5 га газрыг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус газрын өөрийн нэр дээр шилжүүлэн авч ав2018 оны 5 га газар манжин тарьсан. 2019 онд раундаар зэрлэгийн хор цацаж өнжөөсөн. Ногооны талбай дээр байгаа байшингийн дээврийг сольж 5 га газрын гадна торон хашааг өөрийн биеэр бүрэн сольсон. Одоогоор миний бие хүнсний ногооны талбайдаа бууц өтөг цацаж төмс хүнсний ногоо тарихаар зэхэж байгаа билээ. Тиймээс тус хүнсний ногооны газрыг Золжаргал би, хууль ёсны дагуу өөрийн нэр дээр шилжүүлсэн болохоор энэ хүний нэхэмжлэлийн эсрэг байна... гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрэлийн гэрээндээ: ... ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай захирамжийн хавсралтын ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай Захиргааны хэрэгт нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалбадрах нар дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нарсан сүүл, Орхон голын дэргэд төмс, хүнсний ногоо, олон наст ургамал тариалах зориулалтаар 5 га газрыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч, түүний төлөөлөгчийн санап болгосон /хариуцагч санал болгосон газрыг нэхэмжлэгч талд хиймэл дагуулын зурган дээрээс харуулсан/ газрыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх,
2. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай захирамж, түүний хавсралтад ямар нэгэн маргаан гаргахгүй болсон.
3. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгийн талаар хариуцагч талтай ямар нэгэн маргаан байхгүй, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг харилцан тохиролцсон болно.
4. ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай захирамжийн хавсралтын ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай Захиргааны хэрэгт Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч түүний төлөөлөгч нар дахин маргаан гаргахгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай захирамжийн хавсралтын ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай Захиргааны хэрэгт нэхэмжлэгч М.Байгамлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн төлөөлөгч Э.Жаргалбадрах бид харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай захирамжийн хавсралтын өөрт холбогдох буюу ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээг байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг эвлэрэлийн гэрээний хамт шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн талаар хариуцагч талтай ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, ******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай захирамжийн хавсралтын өөрт холбогдох буюу ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР