Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 40

 

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Алтанжигүүр С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

иргэдийн төлөөлөгч Л.Мөнхцэцэг,

           улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч А.Адъяадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1-954/, Ц.Нармандах /ҮД:2-157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Шарынхан овогт Адъяахүүгийн Адъяадоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030495 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 17-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АПУ ХХК-д ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 14 дүгээр байрны 287 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шарынхан овогт Адъяахүүгийн Адъяадорж /РД:ЙЙ92081711/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Адъяадорж нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хорооллын автобусын буудлын орчим иргэн Ө.Хүдэрбаттай маргалдаж зодолдох үед хохирогч Д.Чойжамцан нь иргэн Ө.Хүдэрбатыг өмөөрөн араас нь хөөж очиход түүний толгойн тус газар чулуугаар цохиж гавлын дух ясны ил хугарал, духанд няцарсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Адъяадорж нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хорооллын автобусын буудлын орчим иргэн Ө.Хүдэрбаттай маргалдан зодолдож улмаар зугатаахад хохирогч Д.Чойжамцан араас нь “Хүдэрбатын толгойг нь хагалсан байна” гэж хэлэх гээд очиход нь түүний толгойн тус газар чулуугаар цохиж гавлын дух ясны ил хугарал, духанд няцарсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

            1. Шүүгдэгч А.Адъяадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 03 дугаар сарын 18-ны орой манай ажлынхан 17.30 цагт тараад караоке орсон. Харин би 20.00 цагт тараад Баяндалайтай хамт ажлынхны 6-7 хүн сууж байгаа караокед очиход архи, пиво уугаад дуусчихсан байсан. Тэгээд караокедаа сууж байгаад бүгдээрээ гараад автобусны буудлын тэнд Шинэбаяр 1 шил архи авчирч өгсөн, түүнийг уугаад байж байтал Хүдэрбат надаас хэрүл өдөөд, тэгээд бид хоёр маргалдсан. Хүдэрбат намайг зодох гээд дайраад байхаар нь би зугатаахад миний араас Чойжамцан хөөхөд баригдчихаад дахиж зугатаасан. Тухайн үед Чойжамцанг миний араас хөөж байна гэж мэдээгүй, газраас чулуу аваад мөрнийхөө дээгүүр давуулаад чулуугаа шидсэн. Гэтэл Хүдэрбат, Цогбаяр, Шинэбаяр нар “чи Чойжамцангийн толгойг хагалчихлаа” гээд надруу орилоод байсан. Би тэр үед их айсан. Уг нь бол би чулуу шидчихээд зугтаахад Чойжамцан түрүүлж ирж намайг унагаахад Шинэбаяр, Цогбаяр, Хүдэрбат нар намайг нийлээд зодсон. Тухайн үед Цогбаяр ахаа “та нар зодоод аллаа шдээ” гэж гуйхад Цогбаяр ах намайг 2-3 удаа өшиглөж байгаад больсон. Тэгээд Шинэбаяр 103 буюу түргэн түсламж дуудаад бүгдээрээ Гэмтлийн эмнэлэг орж Чойжамцанг үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Д.Чойжамцангийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Караокед бид нар 4-5 шил архи уугаад дуулж байгаад 22 цагийн үед караокеноос гарцгаасан юм. Караокеноос гарахад 5-6-уулаа байсан байх. Цогбаяр, Хүдэрбат, Адъяадорж, Шинэбаяр бид нар байсан юм. Бид нар караокеноос гараад дэлгүүрээс нэг шил архи аваад тэрийгээ 19-ийн автобусны буудлын хажууд гадаа зогсож байгаад хувааж дуусгасан. Тэгээд хоорондоо юм яриад зогсож байтал Хүдэрбат, Адъяадорж хоёр гэнэтхэн зодолдоод унасан юунаас болж зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. Тэр хоёр нэгнийгээ барилцаж аваад гараараа цохиод байсан. Тэгэхээр нь бид нар тэр хоёрыг дундуур нь ороод салгасан. Тэгээд Адъяадоржийг салгаад явуулсан чинь Хүдэрбатын толгой хагарсан байсан. Хүдэрбат толгой хагалчихлаа гэхээр нь би Адъяадоржийн араас “Хүдэрбатын толгойг нь хагалсан байна” гэж хэлэх гээд очиход миний толгойруу нэг юмаар цохьсон. Тэгээд би ухаан алдаад уначихсан юм. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэрсэн...Гартаа атгаж байгаад цохьсон. Холоос шидсэн зүйл байхгүй...Надад одоогийн байдлаар эмчилгээний зардал гэж 3.000.000 гаруй төгрөг гарсан байгаа. Нарийн тооцоогоо гаргаагүй. Цаашдаа ч эмчилгээ хийгдэх шаардлагатай гэж байсан. Адъяадорж надад эмчилгээндээ хэрэглээрэй гэж эмнэлгийн төлөрт 600.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            3. Гэрч Д.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хүдэрбат эхлээд Адъяадоржийн зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Адъяадоржтой дахин барьцалдаад байж байхад Шинэбаяр тэр хоёрын дундуур орж салгасан юм. Салгаад байж байтал Адъяадорж Хүдэрбат руу “чи яасан овоо юм бэ, намайг цохьдог хэн бэ” гээд хэрэлдээд байсан. Тэгснээ нэг харсан чинь Адъяадорж ертөнцийн зүгээр баруун зүгт зугатаасан. Чойжамцан араас нь гарцаараа хөөсөн,...Шинэбаяр, Хүдэрбат бид гурав Чойжамцангийн араад яваад очиход автобусны буудлын баруун талд 100-200 метрийн зайтай 2 байрны дунд Чойжамцан орилоод газар дээшээ харчихсан духаа 2 гараараа дарчихсан хэвтэж байсан. Адъяадорж Чойжамцангаас 20 орчим метр зайтай очоод зогсчихсон байж байсан... Адъяадорж миний цээж рүү түлхэж байхыг Хүдэрбат харчихаад намайг өмөөрөөд Адъяадоржийн шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд хоорондоо маргалдсан юм. Намайг Хүдэрбат өмөөрсөн юм байна лээ...Хүдэрбатаас тэр үед яагаад тэгэж байгааг асуухад манай ажлын газрынхыг дандаа согтуу байхад нь маргаан хийгээд байдаг гэсэн. Тэр хоёрыг маргалдаад зодолдох гэж байхад Шинэбаяр салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

            4. Гэрч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Адъяадорж, Хүдэрбат хоёр хоорондоо өмнө нь болсон нэг зодооны талаар яриад маргалдаад эхэлсэн. Өмнө нь Адъяадорж ажлын газрынхаа нэг хүнийг зодсон юм шиг байсан. Тэр хоёр хоорондоо зууралдаад, түлхээд нэгнийхээ хөл хэсэг рүү өшиглөөд байсан... Адъяадоржийг салгаж аваад холдуулаад байж байтал араас Чойжамцан ирээд Адъяадоржид манай яармагийн хүүхдийг яаж байгаа юм бэ гээд Хүдэрбатыг өмөөрөөд байсан. Тэгсэн чинь Адъяадорж буудлын баруун талруу зугатаагаад явсан чинь араас нь Чойжамцан хөөгөөд явсан. Тухайн үед Хүдэрбат Цогбаяр бид хоёрт гарынхаа цусыг арчаад байсан, тэрнээс болж бид хоёр бага зэрэг маргалдаж байхад Цогбаяр бид хоёрыг салгасан юм...Тэгээд Чойжамцан Адъяадорж хоёрыг харсан чинь 19-ийн автобусны буудлын баруун талд хашлагны хажууд зогсож байхаар нь бид гурав наанаас нь яваад очсон чинь Адъяадорж эхлээд цаашаа гүйсэн чинь Чойжамцан араас нь гүйж байсан. Бид гурав тэр хоёрын араас 20-30 метрийн зайтай явж байхад Адъяадорж газраас нэг юм аваад өндийхөд нь наанаас нь Чойжамцан гүйж очиж таараад удалгүй Чойжамцан газар уначихсан харин Адъяадорж цаашаа гүйж байсан. Бид гурав наанаас нь очоод Чойжамцанг хөдөлгөх гэсэн чинь хөдлөхгүй байхаар нь толгойг нь харсан чинь нилээн цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

            5.   Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№3891/-ын тоот дүгнэлт:

                        -Чойжамцангийн биед гавлын дух ясны ил хугарал, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 38/

             6. Сэжигтэн А.Адъяадоржийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Шинэбаяр, Цогбаяр,Чойжамцан нар “чи Хүдэрбатын толгойг хагалсан байна” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би “хагалаагүй” гэж хэлчихээд зогсож байтал Цогбаяр ах “Чи Хүдэрбатын толгойг нь яагаад хаячихсан юм бэ” гээд байхаар нь би зугатаасан юм. Намайг зугатааж байтал Чойжамцан араас хөөж ирээд намайг барьж авахаар нь би “чи намайг яагаад хөөгөөд байгаа юм бэ” гэсэн чинь Чойжамцан намайг барьж аваад шууд миний зүүн талын шанаа руу нэг удаа цохьсон. Тэгсэн чинь араас нь үлдсэн хэд болох Хүдэрбат, Шинэбаяр, Цогбаяр нар ирсэн. Тэгсэнээ тэд нар Хүдэрбатын толгойг яачихсан юм бэ гээд асуугаад байхаар нь би зугатаасан чинь Чойжамцан араас дахиж намайг хөөсөн. Тухайн үед би их айсан байсан. Зугатааж байгаад эргээд харахад Чойжамцан тэд нар бөөнөөрөө хойно явж байсан. Зугатааж байгаад би ард намайг хөөж байгаа хүн ойрхон сонсогдохоор нь газраас нэг чулуу аваад мөрөн дээгүүрээ давуулаад арагшаа шидсэн. Тэгэх үед миний ард Чойжамцан байна гэж мэдээгүй. Тэгсэн чинь Чойжамцан намайг гүйцэж ирээд намайг газар унагаасан араас нь Хүдэрбат, Шинэбаяр, Цогбаяр нар ирсэн юм. Тухайн үед миний толгой зулай хэсэгтээ бага зэрэг хагараад цус гарчихсан байсан болохоор Шинэбаяр 103 дуудаад Чойжамцан бид хоёрыг үзүүлсэн. Тэр үед Чойжамцангийн толгой нь гэмтсэн юм шиг цус гарчихсан байсан. Чойжамцангийн толгойг нь хагалчихсан байна ш дээ гэж Хүдэрбат, Цогбаяр, Шинэбаяр нар хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч А.Адъяадорж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 67/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№3891/-ын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Адъяадорж нь “...Би мөрөн дээгүүр чулуу давуулж шидсэн, тухайн үед би их айсан байсан тул миний араас хүн хөөж байгааг мэдээгүй...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь “...Шүүгдэгчийг хохирогч нь хоёр удаа зодох гээд хөөсөн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалтын байдал гэж байгаа...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар чулууг шүүгдэгч нь танхайрах, хүний амь биед халдах зорилгоор хэрэглээгүй, харин зугтаах явцдаа шидэж, цохьсон байна...Бид чулуу бариад шидсэн үү, цохьсон уу гэдгийг ялгах хэрэгтэй байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар хүн бүр аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Барилддаг, уралддаг биеэ хамгаалах чадвартай байсан, байгаагүй эсэхийг үндэслээд шүүгдэгчийн гаргасан үйлдэлд аргагүй хамгаалалтыг хийсэн гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргасан нь:

            хохирогч Д.Чойжамцангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…би Адъяадоржийн араас “Хүдэрбатын толгойг нь хагалсан байна” гэж хэлэх гээд очиход миний толгойруу нэг юмаар цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,

                        гэрч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Бид гурав тэр хоёрын араас 20-30 метрийн зайтай явж байхад Адъяадорж газраас нэг юм аваад өндийхөд нь наанаас нь Чойжамцан гүйж очиж таараад удалгүй Чойжамцан газар уначихсан харин Адъяадорж цаашаа гүйж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

            шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын “...Чойжамцангийн биед гавлын дух ясны ил хугарал, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн №3891 тоот дүгнэлт /хх-ийн 38/ зэргээр хангалттай няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч А.Адъяадоржийг бусдын бие махбодид  хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч А.Адъяадорж нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Чойжамцанд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар, түүний хувийн байдал /5 настай, 2 сартай 2 хүүхэдтэй/ зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Адъяадоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шарынхан овогт Адъяахүүгийн Адъяадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Шарынхан овогт Адъяахүүгийн Адъяадоржийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан А.Адъяадоржийн эдлэх 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. А.Адъяадоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Адъяадоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Адъяадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР

 

                                         ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                     С.ОЛЗОД