Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1895

 

 

Э.Э, Б.М, Ш.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01570 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Э, Б.М, Ш.Э нарын, НШГАнд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Э, Б.М, Ш.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5089 дүгээр захирамжаар Э.Э, Ш.Э, Б.М нараас 133 060 705 төгрөгийг гаргуулж, “Би Энд Жи Финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

НШГА нь дээрх шүүгчийн захирамжийн дагуу Э.Э, Ш.Э, Б.М нарын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019153 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсны дагуу ажиллагаа явуулж, битүүмжилсэн.

НШГА нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3/8525 тоот мэдэгдлийг Ш.Эд өгсөн ба мэдэгдэлд “... үнэлгээчний тогтоосон үнэ болох 173 700 000 төгрөгийн 70 хувь болох 121 590 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдье” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө нь хотын “А” зэрэглэлийн бүсэд оршдог. Мөн 117.4 м.кв талбайтай, тохилог орон сууц юм. Дээрх байрлалд орших үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайн үнээр үнэлэгддэг. Үнэлгээ тогтоосон шинжээч нь 1 м.кв талбайг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхой бус байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрийн дагуу гарсан төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжпэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нараас үнийн саналаа өгөхийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3657 тоот мэдэгдлээр мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй.

Төлбөр авагч “Би энд Жи финанс ББСБ” ХХК-ийн хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход эрхийн улсын Ү-2204019153 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байрны 12 тоот 117.4 м.кв талбайтай орон сууцыг 173 700 000 төгрөгөөр үнэлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчиний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/8525 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Э.Э, Ш.Э, Б.М нарын НШГАнд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019153 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Э, Ш.Э, Б.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Э, Б.М, Ш.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байр, 12 тоот байрыг хөндлөнгийн шинжээч томилж 173 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх хөрөнгийг хотын “А” зэрэглэлийн бүсэд байрладаг, 117.4 м.кв талбай бүхий тохилог орон сууцыг 1 м.кв талбайг ямар үнээр үнэлсэн нь тодорхой бус байхад анхааралгүй шийдвэрлэсэнд гомдолтой тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Э.Э, Б.М, Ш.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь НШГАнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5089 дүгээр захирамжаар Э.Э, Ш.Э, Б.М нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 133 060 705 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Би энд жи финанс ББСБ” ХХК-д төлөхөөр тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор шийдвэр хүчин төгөлдөр болж, уг захирамжийн дагуу хариуцагч НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3657 дугаар тогтоолоор төлбөр төлөгч, өмчлөгч нарт үнийн саналыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэхэд /хх-29 дүгээр тал/ төлбөр төлөгч Б.М, Э.Э, Ш.Э нар саналаа ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарыг үл хөдлөх эд хөрөнгийн санал болох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.

 

Үүний улмаас хариуцагч тал, төлбөр авагч “Би энд жи финанс ББСБ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Мөнх Оргил трейд” ХХК-ийг томилж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 44 дүгээр байрны 12 тоотод байрлах 117.4 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад нийцэж байна. /хх-32-40 дүгээр тал/ Анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг оновчтой хэрэглэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, үнэлгээчний орон сууцыг 173 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнд гомдож,  “... А зэрэглэлийн бүсэд оршдог, том талбайтай орон сууцны 1 м.кв талбайг ямар үнээр үнэлсэн нь тодорхой бус байна ...” гэж мэтгэлцэх боловч үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байх тул түүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                               

                          ШҮҮГЧИД                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                          Ч.ЦЭНД