Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0109

 

У*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар д*******ж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******, Б.Ч*******, гуравдагч этгээд Г******* ХХК-ийн өмгөөлөгч Э.Н******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******ын гаргасан давж заалдах гомдлоор, У*******ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У*******ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Г******* ХХК-д 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан 2013/422 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төслийг баталсан үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Г******* ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 75/2015 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэжээ.

Хариуцагч Н******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Г******* ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2011 онд зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурван гал худалдааны төвийн урд байрлах 475.5 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг худалдан авсан ба тус компанид тухайн үйлчилгээний барилгын доорх 475.5 м.кв газрыг эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2011 оны 610 дугаар захирамжаар олгосон.

Тус компани нь өөрийн эзэмшлийн газар дээрх үйлчилгээний барилгыг буулгаж, суурин дээр нь барилга барих хүсэлт гаргасныг судлан үзээд, Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, контор, үйлчилгээний зориулалттай барилга барих асуудал дэмжигдсэн. Хурлын шийдвэрийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба уг даалгаврын дагуу барилгын эскиз зургаа боловсруулан ирж батлуулсан.

Тухайн үед Г******* ХХК-ийн эзэмшил газрын орчим У*******ХХК газар эзэмшдэггүй байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113дугаартай захирамжаар Г******* ХХК-ийн эзэмшил газрын зүүн талд 3000 м.кв газар эзэмших эрхийг У*******ХХК-д олгосон. Манай байгууллагаас Г******* ХХК-ийн барилгыг эзэмшлийнх нь газар дээр төлөвлөсөн.

Тус компани барилга барихтай холбоотой техникийн нөхцөлүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас авч, улмаар барилгын төсөлд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэсэн байна. Тус компани нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг манай байгууллагад гаргасан.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм-ийн 4 дүгээр хавсралтын А хэсэгт заасан бичиг, баримт бүрдүүлж ирснийг хянан үзсэний үндсэн дээр олгодог бөгөөд Г******* ХХК нь шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлж ирсэн тул 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 75/2015 дугаартай Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан 2013/422 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төслийг баталсан үйлдэлд У*******ХХК-ийн эрх ашгийг хохироосон асуудал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... манай компанийн эзэмшил газар болон орчинд нэхэмжлэгч газар эзэмшдэггүй учир нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд Г******* ХХК нь холбогдох хууль тогтоомжид зааснаар Н*******т хандан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг төслийг батлуулсан. Манай компани төрийн эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид заасны дагуу Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг авсан.

Нэхэмжлэгчээс дээрх асуудалтай холбоотойгоор нийслэлийн удирдлагад удаа дараа гомдол гаргаж байсан ба уг гомдлын хариуг өгч байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан н*******т холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Г******* ХХК-д 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан 2013/422 тоот дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төслийг баталсан үйлдэл, Г******* ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталсан 2015/75 тоот дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий У*******ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* давж заалдах гомдолдоо: ШийдвэртУлаанбаатар хотын банк ХХК нь өөрийн эзэмшиж байгаа 3000 м.кв газраас 1380 м.кв газарт 20 давхар конторын барилга барих 490 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталгаажуулан авсан байх бөгөөд барилгажих талбайнсхем зургаас харахад Глобал хурд ХХК-ийн барьж буй барилгаас хол зайтай байна гэж тайлбарлан улмаарБарилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4 зааснаар нийслэлийн Засаг даргад эрх олгосны дагууНийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаарАрхитектур төлөвлөлтийн даалгавар, Глобал хурд ХХК-ийн Саруул товер 12 давхар оффисын барилгын эскиз зургийг тус тус баталж, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 75/2015 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг олгосон нь үндэслэлтэй, хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй байнагэж, барилгын хол ойрын зайн талаар тайлбарлан шийдвэр гаргаж буй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-д ...хуульд үндэслэсэн байна гэснийг зөрчсөн.

Мөн ...нийслэлийн Засаг даргад эрх олгосны дагуу ... баталж, ... зөвшөөрөл олгосон нь үндэслэлтэй... гэж үзэн хариуцагчийг буруутгах боломжгүй гэсэн тайлбарыг үндэслэсэн нь Улаанбаатар хотын банк ХХК-ийнНийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан, зөвшөөрөл олгосон холбогдох актууд нь банкны газарэзэмших эрх болон холбогдох хууль зөрчсөн тул илт хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийншаардлагатай хамааралгүй нөхцөл байдлыг үнэлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г******* ХХК нь өөрийн барилгыг барихдаа галын аюулгүйн аврах гарцыг Улаанбаатар хотын банк ХХК-ийн эзэмшиж буй газрын зүүн тал руу гаргаагүй, харин урд тал руу гаргаж барьсан нь тогтоогдож байх тул бодитоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй болно..., ...нэхэмжлэгч нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар төлөвлөнө гэх заалтыг зөрчиж, нийт эзэмшил газартаа 100 хувь барилгажуулахаар төлөвлөсөн нь буруу гэж мэтгэлцсэн. Гэтэл шүүх хуулийн дээрх заалт нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэхдээ шинээр төлөвлөж байгаа барилгад хамаарах шаардлага болно. Г******* ХХК нь хуучин байсан байшингийн суурь дээр барилга барихаар төлөвлөсөн байх тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэл нь буруу, алдаатай байна гэж дүгнэж,Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын банк-ийн эрх ашгийг зөрчсөн болох талаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №02-07-84/1580 тоот барилгын төлөв байдлын тухай дүгнэлт гарсан байхад үүнийг үгүйсгэж байгаа нь буруу.

Мөн Улаанбаатар хотын банк ХХК-ийн 3000 м.кв газар эзэмших эрх нийслэлийн Засаг даргын 2014 оны дугаар А/113 дугаар захирамжаар үүссэн байхад илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж буй зарим актууд нь цаг хугацааны хувьд өмнө буюу 2013 онд гарсан, өөрөөр хэлбэл Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төслийг батлах үед У*******ХХК-д Г******* ХХК-ийн эзэмшил газартай хөрш газрыг эзэмших эрх үүсээгүй байх тул дээрх захиргааны актуудыг гаргах эрх зүйнүндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй юм гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Улаанбаатар хотын банк ХХК-ийн эрх ашиг Глобал хурд ХХК барилгын ажлаа эхлүүлэх үеэсбодитойгоор зөрчигдөж эхэлсэн. Хугацааны хувьд Улаанбаатар хотын банк ХХК нь 2014 оны 01 дүгээр сард газар эзэмших эрхээ авсан ба барилгын ажил 2014 оны 0дугаар сараас эхэлсэн. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотын банк ХХК-ийн эрх ашиг бодитойгоор зөрчигдсөн үеэс эхлэн эрх ашгаа хамгаалуулахаар холбогдохтөрийн захиргааны байгууллагуудад хандсан.

Мөн хариуцагч нь шүүх хуралдаан дээр Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д заасан 30-аас багагүй хувь нь ногоон байгууламж, цэцэрлэгжилт, авто зогсоол байна гэсэн заалтыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүгч тухайн тайлбарыг үндэслэлгүй шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3 дахь заалтыг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь Н*******т холбогдуулан2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг төсөл, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2015/75 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...орц гарц, ногоон байгууламж, авто зогсоолыг хил давуулан манай газар дээр байхаар төлөвлөсөн..., архитектур төлөвлөлтийн даалгаварт Г******* ХХК-ийн эзэмшлийн 475 м.кв газарт 100 хувь барилгажихаар заасан нь Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.1, 12.6.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн... гэж тодорхойлон маргажээ.

Гуравдагч этгээд Г******* ХХК нь 2011 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 475,5 м.кв барилгыг дуудлага худалдаагаар худалдан авч, улмаар зохих журмын дагуу холбогдох захиргааны байгууллагад барилгын доорх газрыг эзэмших хүсэлт гаргаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаар захирамжаар барилгын доорх 475 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон, улмаар Г******* ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа дуудлага худалдаагаар худалдан авсан барилгыг буулган, барилга барих хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 12,0х28,0 метр хэмжээтэй барилга барих 2013/422 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон Саруул товер 12 давхар оффисын барилгын эскиз зургийг тус тус баталсан, харин У*******ХХК-д нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Г******* ХХК-ийн эзэмшил газрын зүүн талд 3000 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх үүссэн, мөн Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус банкны нийт эзэмшил талбайн 1380 м.кв газарт барилга барих 490 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд хариуцагч Г******* ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар болон оффисын барилгын эскиз зургийг батлах үед нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй байх тул нэгэнт зохих журмын дагуу батлагдсан маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2015/75 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг дээрх актуудын үндсэн дээр олгосон байх тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын Г******* ХХК-д баталсан 2013 оны 2013/422 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 12,0х28,0 метр буюу 336 метр /нийт талбайн 70,7 хувь/ байхаар тусгасан байх тул маргаан бүхий акт нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Иймд захиргааны байгууллагын дээрх шийдвэрийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ...орц гарц, ногоон байгууламж, авто зогсоолыг хил давуулан манай газар дээр байхаар төлөвлөсөн..., архитектур төлөвлөлтийн даалгаварт Г******* ХХК-ийн эзэмшлийн 475 м.кв газарт 100 хувь барилгажихаар заасан гэх байдал тогтоогдохгүй байна.

Харин мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийнБарилгын төлөв байдлын тухай №02-07-84/1580 дугаар дүгнэлтэд ...475 м.кв газарт 100 хувь барилгажихаар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2013/422 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдож барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 12,0х28,0 метр гэж баталсан байх тул дээрх дүгнэлтийг шүүх анхаараагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар зөв дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүйорхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН