Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,

улсын яллагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******- холбогдох эрүүгийн 2110000001119 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн  дугаар хороо, дугаар байрны  тоотод оршин суудаг,

******* дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, *******-, /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр согтуурсан үедээ ******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” караокед хохирогч *******- маргалдаж улмаар түүний нүүр рүү гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “дух, хамар, уруул, бугуйн үе, алганд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуунд цус хуралт, 1 шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчоос уучлалт гуйх гэсэн юмаа. Хүн зодсон нь миний буруу. Гэхдээ *******- худлаа мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед би кассан дээр тооцоогоо хийх гээд ажлын бүсгүйтэй очсон. Хохирогчийн хажуугаар зөрөх гэтэл хэл амаар доромжилсон. Би хохирогчид “чамтай муудалцахгүй гар баръя” гэж хэлэхэд намайг шууд алгадсан. Тэгэхээр нь би муудалцахгүй гээд буцаад өрөөндөө ороод суусан. Хохирогч манай өрөөний урдуур хойгуур явахдаа дунд хуруугаа гаргаад байхаар нь “ахаа тамхи татъя” гээд дагуулж гарсан нь үнэн. Та яагаад байгаа юм гэхэд шууд заамдаад авсан. Тэр үед нь “тавь” гэхэд тавихгүй болохоор зодсон нь үнэн гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 2110000001119 дугаартай хэргээс:

1. Хохирогч Э.*******-ийн биед үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

2. Хохирогч Э.*******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

3. Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

4. Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

5. Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11212 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дахь тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

1. Шүүгдэгч *******- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  согтуурсан үедээ ******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” караокед хохирогч *******- маргалдаж улмаар түүний нүүр рүү гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “дух, хамар, уруул, бугуйн үе, алганд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуунд цус хуралт, 1 шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

Хохирогч Э.*******-ийн биед үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

Хохирогч Э.*******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн караокед найз Т, С бид 3 нийлээд 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Би тамхи татахаар өрөөнөөс ганцаараа гарсан. Текний хажууд зогсож байсан чинь нэг үл таних залуу ирээд намайг “ахаа гараад уулзъя, тамхи татъя” гэхээр нь би дагаад ******* гэх караокены гадна гарсан. Гараад үүд хэсэгт тамхиа асаагаад татах гэсэн чинь тэр үл таних залуу “энд татаж яах юм бэ, ийшээ гудам руу орьё” гээд ******* караокены ард байх байрны гадна дагуулж очоод намайг шууд заамдаад авсан. Би эргүүлээд заамдаад авсан чинь толгойгоороо миний хамар руу мөргөсөн. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр залуу “чи яагаад байгаа юм, чамайг тамхилна гэж гуйна гэж бодсон уу” гээд миний шилэн хүзүүнээс гараараа барьж байгаад толгойгоор газар 1 удаа мөргүүлээд, газар дарж унагаагаад дээрээс нүүр болон уруул, хавирга руу өшиглөөд байсан. Тухайн үед би хаана хэдэн удаа цохиж байгааг мэдээгүй. Нэг сэрсэн чинь хамар, амнаас цус гарчихсан газар хэвтэж байсан. Буцаж караокед ороод цагдаад дуудлага өгсөн. Тэр залууг би танихгүй. 170-175 см орчим өндөртэй, шар царайтай, богино буржгар үстэй байсан. Харвал танина” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

 

Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн: “...3 дугаар номерын өрөөний нэг залуу над дээр ирээд “тамхи хаана татдаг вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би гадаа гарч татдаг гэж хэлсэн. Тэр залуу зааланд сууж байсан хүмүүстэй яриад байхаар нь би очоод юу болсон талаар асуухад “зүгээрээ эгчээ, бид нар бие биеэ таньдаг танилууд байгаа юм” гэж хэлсэн. Надаас тамхи хаана татах вэ гэж асуусан залуу зааланд сууж байсан нэг залууг дагуулаад “тамхилъя” гээд гарсан. 10-15 минутын дараа нөгөө залуу би хүнд зодуулчихлаа камераа хараад өг гэсэн. Би камер шүүж чадахгүй, мэддэг хүн нь маргааш ирнэ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу гарч яваад буцаж орж ирээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр 21 цагийн үед манай зааланд үйлчлүүлж байсан залуу хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. Болсон үйл явдлыг би хараагүй. Манай караокед зодоон болон маргаан болоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир болсон зүйлийг сайн санахгүй байна. Нэг залуу караокед цусаа гоожуулчихсан орж ирээд “та нартай цуг явж байсан залууд зодуулчихлаа, тэр залуу хаана байна” гэж асууж байсан шиг санагдаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11212 дугаартай шинжээчийн: “...1.Э.*******-ийн биед дух, хамар, уруул, бугуйн үе, алганд зулгаралт, уруулд язарсан шарх, уруулд язарсан шарх, сарвуунд цус хуралт, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч *******- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******- маргалдаж, нүүр рүү гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “дух, хамар, уруул, бугуйн үе, алганд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуунд цус хуралт, 1 шүдний хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******- гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч  *******- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтуурсан үедээ маргалдсаны улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоов.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Э.*******-ээс гэм хорын зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч *******-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгч  *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч  *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР