Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- холбогдох эрүүгийн 2110000001151 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй,  настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д хөлсөөр төмөр ачигчаар ажилладаг, ам бүл- эмээ үеэл, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Буянт-Ухаа  дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б- /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах биллярдны газарт Г.А- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн хоншоор яс, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн чих, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2110000001151 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.А- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10672 дугаартай шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

3. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах биллярдны газарт хохирогч Г.А- шалтгаангүй маргалдаж улмаар  нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн хоншоор яс, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн чих, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч Г.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16-252 тоот гэртээ байж байхад Баянтөр, Тэлмүүн хоёр фейсбүүк чатаар залгаад “хаана байгаа юм, гол дээр байж байя хүрээд ир” гэсэн. Би гэртээ байж байгаад 16 цагийн үед гэрээсээ гараад тэр хоёр дээр очсон. Очиход тэр хоёр хар өнгийн X гэх нэртэй 0.75 граммын хэмжээтэй архийг уугаад сууж байсан. Надад 100 граммын цаасан аягаар хоёр удаа тухайн архинаасаа дүүргэж өгсөн. Тэр архиа ууж дуусгаад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхэд байдаг биллърдны газар ороод 0.75 граммын X хэмээх архийг авч хувааж уусан. Баянтөр бид хоёр үл ойлголцох асуудлууд үүсэж маргалдаж барьцалдаад зодолдож эхэлсэн. Тэлмүүн бидний дундуур орж ирээд миний нүүр рүү цохиод холдсон. Баянтөр миний нүүр болон биеийн бусад хэсэгт цохиод байсан. Миний хамраас цус гарсан. Бид хоёр бие биеэсээ холдсон. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10672 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Г.А- биед зүүн хоншоор яс, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн чих, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн чих, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ хохирогч Г.А-  тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, нүүр  рүү нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хоншоор яс, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн чих, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Б.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. (хавтаст хэргийн 37 дахь тал)

 

Шүүгдэгч  Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоов.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.А- эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.А- эмчилгээний зардалд 350.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         

Шүүгдэгч  Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.А- эмчилгээний зардалд 350.000 нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч Г.А- цаашид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР