Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0123

 

С.Отгонбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Нямаа, Ү.Ууганбаяр нарын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0001816 дугаар актыг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: С.Отгонбаатар нь ... хөндлөнгийн мэдээгээр 2008 онд 115351.5 мянган төгрөг, 2009 онд 251652.5 мянган төгрөг, 2010 онд467718.1 мянган төгрөг, 2011 онд 667045.3 мянган төгрөг, 2012 онд 609886.8 мянган төгрөг, нийт 2111654.3 мянган төгрөгийн үнийн дүнтэй 354 ширхэг автомашин, мөн 62471.2 мянган төгрөгийн 192 ширхэг бараа материал импортолсон байсан.

2008-2012 онд Монгол Улсын гаалиар оруулж ирж Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар тайлагнаагүй нийт 1955407 мянган төгрөгийн татвар ногдох орлогоос, 1903687.0 мянган төгрөгийн хасагдах зардлыг хасаж, 51720.0 мянган төгрөгийн татвар ногдуулах орлогын зөрчилд 5172.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 1551.6 мянган төгрөгийн торгууль, 1632.3 мянган төгрөгийн алданги,

2009-2012 онд 2008 онд импортоор оруулсан бараанаас 114675.3 мянган төгрөгийн борлуулалтын орлого олсон бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2009 оны 02 дугаар сард бүртгүүлээгүйгээс 2009 онд 121399.8 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 12139.9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс Монгол Улсын гаалиар оруулж ирсэн 111549.8 мянган төгрөгийн бараанд төлсөн 11154.9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 985.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогод 2010 онд 454540.0 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 45454.0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс Монгол Улсын гаалиар оруулж ирсэн 440280.0 мянган төгрөгийн бараанд төлсөн 44028.0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 1426.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогод, 2011 онд 659291.9 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 65929.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс Монгол Улсын гаалиар оруулж ирсэн 640871.9 мянган төгрөгийн бараанд төлсөн 64087.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 1842.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогод, 2012 онд 605500.0 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 60550.0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс Монгол Улсын гаалиар оруулж ирсэн 589270.0 мянган төгрөгийн бараанд төлсөн 58927.0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 1623.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогод, нийт 1840731.7 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 184073.1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс Монгол Улсын гаалиар оруулж ирсэн 1781971.7 мянган төгрөгийн бараанд төлсөн 178197.1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 58760.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогоднэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд 17.1Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, ...харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараах хариуцлага хүлээлгэнэ...17.1.1нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх..., 17.1.2нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах гэсэн заалтуудыг үндэслэннэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, тайлагнаагүй 2009-2012 онуудад олсон 58760.0 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 5876.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 17.5 мянган төгрөгийн хүү, 2465.2 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.

2008-2012 онд 62471.2 мянган төгрөгийн 192 ширхэг импортолсон бараа материалыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон. Мөн онуудад импортолсон 354 ширхэг машиныг борлуулсан ашгийг дунджаар 146,1мянган төгрөгөөр бодож 14,6 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг ногдуулж хариуцлага тооцсон нь үндэслэлтэй.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам-ын 2.1.2-т татварын хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нотлогдсон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж заасны дагуу татвар ногдуулсан гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 911 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Отгонбаатарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Нямаа, Ү.Ууганбаяр нарын тогтоосон 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0001816 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн давж заалдах гомдолдоо: ...С.Отгонбаатарын 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх (35/13)0467 тоот томилолтын дагуу хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад хамрагдах хугацаанд татварын албанд иргэний орлогын тайлан тушааж, татвар төлж байгаагүй нь нотлогдсон...

Шүүхийн шийдвэрийг гаргахдаа жишиг үнэ хэрэглээгүй хэмээн үзсэн. Гэтэл жишиг үнийн аргыг аж ахуйннэгжүүд үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй тохиолдолд татвар ногдох орлогыг тодорхойлохын тулд хэрэглэдэг. С.Отгонбаатар нь ярилцлагын тэмдэглэлдээ хэдэн төгрөгийн ашиг олдог талаар хэлж, үүн дээр тодорхойгүй, маргасан зүйл байгаагүй. Тэгээд ч хэлснээс нь бага үнээр ашгийг тооцсон байхад үүнийг үндэслэлгүй гэж үзэж байцаагчийн актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Нямаа, Ү.Ууганбаяр нар иргэн С. Отгонбаатарын 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0001816 дугаар актаар 11,048.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,016.8 мянган төгрөгийн торгууль, 1,632.3 мянган төгрөгийн алданги, 17.5 мянган төгрөгийн хүү, нийт 16,714.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Чингэлтэй дүүргийн хяналт шалгалтын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35/13/0467 дугаар томилолтын дагуу хийгдсэн дээрх шалгалтаар ХМ69100116 регистрийн дугаартай иргэн С.Отгонбаатар нь 2008-2012 онуудад аль ч дүүргийн Татварын хэлтэст хувь хүний орлогын албан татварын тайланг огт тайлагнаагүй, татварын тооцоо хийгээгүй болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь БНСУ, Япон зэрэг улсаас автомашин импортолж худалдаалах үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд шалгалтын явцад Монгол Улсын гаалиар 2008 онд 115,351.5 мянган төгрөгийн автомашин, 2009 онд 251,652.5 мянган төгрөгийн автомашин, 2010 онд 467,718.1 мянган төгрөгийн автомашин, 2011 онд 667,045.4 мянган төгрөгийн автомашин, 2012 онд 609,886.8 мянган төгрөгийн автомашин, нийт 2,111,654.3 мянган төгрөгийн 354 ширхэг автомашин, 62,471.2 мянган төгрөгийн 192 ширхэг бараа, материал оруулж ирсэн болох нь татварын улсын байцаагч нарын Эрсдэл, мэдээллийн тасгаас авсан хөндлөнгийн мэдээ, Монгол Улсын хилээр оруулж ирсэн автомашины жагсаалт, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т үйл ажиллагааны орлого, 12 дугаар зүйлийн 12.1.2-т хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар албан татвар төлөгчийн татварын жилд олсон орлогод хамаарч албан татвар ногдуулахаар зохицуулжээ. Гэтэл С.Отгонбаатар нь 2008-2012 онд Монгол Улсын гаалиар оруулж ирсэн 1,955,407.0 мянган төгрөгийн автомашин, бараа материал импортлон борлуулсан орлогыг тайлагнаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй, дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д иргэн, хуулийн этгээдийн импортолсон... бараа, Монгол Улсын нутаг дэвсгэрт ...борлуулсан бараа-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар иргэний борлуулалтын орлогын хэмжээ...10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж үзэх тул энэ нөхцөлийг хангасан этгээд нь ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргахаар зохицуулжээ. С.Отгонбаатар мөн онуудад Монгол Улсын гаалиар оруулж ирсэн 1,840,731.7 мянган төгрөгийн автомашин, бараа материал импортлон борлуулсны орлогыг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуульд зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байхад нэг автомашиныг дунджаар 150,000 төгрөгийн ашигтай, 6800-7500 төгрөгийн зардал гарган борлуулсан гэж үзэн татвар ногдуулсан, жишиг үнийн арга хэрэглээгүй гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Учир нь шалгалтын явцад С.Отгонбаатартай хийсэн ярилцлагын үеэр нэг машинаас 200000-300000 төгрөгийн ашиг олдог гэсэн тайлбарыг нь үндэслэн татварын улсын байцаагчид түүний импортоор оруулж ирсэн барааны борлуулалтын орлогыг тооцохдоо өөрийнх нь тодорхойлсон үнээс доогуур буюу нэг автомашинаас 150000 төгрөгийн орлого олсон гэж тодорхойлж, 354 автомашин худалдан борлуулсны орлогод татвар ногдуулсныг нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх боломжгүй, мөн Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохдоо жишиг үнийн аргыг хэрэглээгүй байна гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, энэ үндэслэлээр татварын актыг хүчингүй болгох үндэслэлгүй, татварын улсын байцаагчийн 16,714.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан акт үндэстэй байна.

Түүнчлэн гаалийн мэдүүлэг дэх 62,471.2 мянган төгрөгийн 192 ширхэг импортолсон бараа, материалыгхуучин сэлбэг, ахуйн хэрэглээний зүйлс байсан гэсэн үндэслэлээр татвар ногдох орлогоос хасаж тооцсон байгааг дурдах нь зүйтэй.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.3-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг... шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна гэж заасны дагуу С.Отгонбаатарт татварын актаар тогтоосон төлбөрөөс 4,016.8 мянган төгрөгийн торгууль, 1,632.3 мянган төгрөгийн алданги, 17.5 мянган төгрөгийн хүүгийн төлбөрийг өршөөлд хамааруулж, нөхөн татварын 11,048.0 мянган төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0001816 дугаар актаар ногдуулсан 4,016.8 мянган төгрөгийн торгууль, 1,632.3 мянган төгрөгийн алданги, 17.5 мянган төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 11,048.0 мянган төгрөг болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН