Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 13

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдоржид холбогдох 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0066112 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам би, Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдорж нь Норбу Агко" ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл, хохирол 170.000 төгрөг, нөхөн төлбөр 3.800.000 төгрөг ногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №0066112 дугаартай шийтгэлийн хуудсыг хянахад:

Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдорж нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Норбу Агко ХХК нь хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан гэх зөрчил үйлдсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №0066112 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т зааснаар хохиролд 170.000 төгрөг, нөхөн төлбөрт 3.800.000 төгрөгөөр тооцож 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн материалыг хянахад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Норбу Агко ХХК нь хог хаягдлыг буюу рапсыг зориулалтын цэгээс бусад газарт хаясны улмаас тус сумын иргэн Ч.Сүхбаатарын эзэмшлийн 3 тооны үхэр хаягдал рапс идэж үхэн, иргэн Ч.Сүхбаатарт 3.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Капитал зууч ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ч.Сүхбаатар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Н.Өсөхбаяр, Ц.Цогзолмаа нарын мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын малын эмч Н.Шагжийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдоржийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зөрчлийн хэргийн улмаас оногдуулсан 0066112 дугаартай шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад хохирол, нөхөн төлбөр, торгуулийг 16 хоногийн дотор буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны дотор сайн дураараа биелүүлэхийг зааж даалгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчжээ.

Үүнтэй уялдаж шийтгэлийн хуудасны 6 дахь заалт төлбөр төлөх хугацааг буруу тогтоосон байна.

Мөн шийтгэлийн хуудасны 10 дахь заалтад ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор /тодруулбал 10 хоног дотор/ гомдол гаргаж болохыг дурдсан нь үндэслэлгүй буюу гомдол гаргах хуулийн хугацааг буруу тогтоосон байна.

Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад хуулийн этгээдийг 300000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Торгох шийтгэлийн хэмжээ... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдоржийн Норбу Агко ХХК-нд шийтгэл оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0066112 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0066112 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив ...гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч би Норбу Агко ХХК-ийн гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн. Зөрчлийг зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор гүйцэтгэсэн. Ингэж шалгах ажиллагааг хийж хэрэгжүүлэхдээ шийдвэр гаргаж буюу шийтгэлийн хуудас хэрэглэж ажиллагаанд хуулийн нэр томъёог зөв хэрэглээгүй, нэгж гэхийг мөнгөн дүнгээр бичсэн, шүүхэд гомдол гаргах хугацаа болон шийтгэлийн хуудсаар оногдуулсан мөнгөн дүнг зөрчил гаргаргч сайн дураар биелүүлэх хугацааг буруу илэрхийлсэн зэрэг алдааг гаргасан нь прокурорын дүгнэлтээр тодорхой болсон байна.

Иймд шүүхээс шийтгэлийн хуудсыг зөвтгөн өөрчлүүлэх асуудалд татгалзах зүйл байхгүйг тайлбараар гаргаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 0066112 дугаартай шийтгэлийн хуудсаар Норбу Агко ХХК-ийг ...зориулалтын хогийн цэгт хаяагүй ... гэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт гэж зааж 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгож, хохирлын 170.000 төгрөг, нөхөн төлбөрийн 3.800.000 төгрөг, нийт 4.270.000 төгрөгийг ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч 0066112 дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ 2 дахь заалтад хохирол, нөхөн төлбөр, торгуулийг 16 хоногийн дотор буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны дотор сайн дураараа биелүүлэхийг зааж даалгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн, шийтгэлийн хуудасны 6 дахь заалт төлбөр төлөх хугацааг буруу тогтоосон, мөн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад хуулийн этгээдийг 300000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлснийг өөрчилж, дээрх шийтгэлийн хуудсанд бичигдсэн алдааг зөвтгөн өөрчлүүлэх тухай дүгнэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын шийтгэлийн хуудсыг зөвтгөн өөрчлүүлэх тухай дүгнэлтийг хариуцагч Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдорж хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэх, шийтгэлийн хуудсан дахь алдааг прокурорын дүгнэлтийн дагуу зөвтгөн бичихэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдоржид холбогдох 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0066112 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөн өөрчлүүлэх тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР