Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1896

 

Э.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01832 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Гийн, “ЮБЭП” ХХК-д холбогдуулан дутуу эд хөрөнгийн үнэд 6 077 000 төгрөг буцаан төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.Г нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “ЮБЭП” ХХК-тай НРТ14А77 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороололд байрлах “Х” хотхоны ХД-73 дугаар байр, 2 дугаар орцны 14 давхарт 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.квадрат талбайг 1 880 000 төгрөгөөр, нийт 106 483 200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 2, 4.1.6, Иргэний хуулийн 343-385 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан.

Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. “ЮБЭП” ХХК нь орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 5-д заасан захиалагчид гэрээ ёсоор тохирсон хэмжээ бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ зөрчиж, дутуу талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг.

Анх уг орон сууцыг худалдаж авахад байрны талбайн хэмжээ дутуу эсэхийг нүдээр хараад мэдэх ямар ч боломжгүй. Мөн барилгыг улсын комисс хүлээн авч, мэргэжлийн тусгай зөшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэсэн тул тусгай зөвшөөрөлтэй компаниар дахин хэмжилт хийлгэх шаардлагагүй гэж үзсэн.

Сүүлийн үед байрны оршин суугчдын дунд байрны талбайн хэмжээ дутуу, зөрүүтэй байна гэсэн мэдээлэл гарсан тул мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй “Тоонто Гранд” ХХК-иар орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд тус орон сууц 53.45 м.кв талбайтай болох нь тогтоогдсон.

Хариуцагч “ЮБЭП” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагчид эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй атлаа дутуу хэмжээтэй орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасны дагуу 3.19 м.кв талбайн илүү төлөлтийн төлбөр 6 077 000 төгрөгийг хариуцагч “ЮБЭП” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЮБЭП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: “ЮБЭП” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хайппи таун” хотхоны 71, 72, 73 тоот барилгыг “Өндөр буянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт холдинг” ХХК болон “Альянс техник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК-иудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууц нь чанар стандартад нийцсэн, барилгын зураг төслийн дагуу хийгдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан тул худалдан авагчдыг уг орон сууцанд оруулж эхэлсэн.

Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Маргаан бүхий орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд нэхэмжлэгч ямар нэгэн гомдол, шаардлага гаргаагүй, барилгын зураг, төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн, уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон тул хөндлөнгийн компани талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01832 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар “ЮБЭП” ХХК-иас 6 077 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЮБЭП” ХХК-иас 112 182 төгрөг гаргуулан Э.Гт олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ЮБЭП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагчийн шаардлага гаргах эрхийг хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Өөрөөр хэлбэл орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь ашиглалтын явцад бий болдоггүй төдийгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед байсан доголдол бөгөөд үүнийг нэхэмжлэгч мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан, хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд талбайн хэмжээг тогтоохдоо MNS 6058:2009 стандартын дагуу тооцно гэж заагаагүй бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаас үзвэл маргаан бүхий орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 сараас барьж эхлээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандартыг хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч “ЮБЭП” ХХК-д холбогдуулан дутуу эд хөрөнгийн үнэд 6 077 000 төгрөг буцааж төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Хэрэгт цугларсан баримтаас харахад талууд 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хайппи таун” хотхоны ХД73 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхарт байрлах 56.64 м.кв талбай бүхий орон сууцыг 106 483 200 төгрөгөөр худалдан авахдаа 1 м.кв талбайг 1 880 000 төгрөгт тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Э.Г нь орон сууцны үнийг төлж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад өмчлөгчөөр 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. /хх-5-9, 15 дугаар тал/

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаанаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

            Нэхэмжлэгч Э.Г, хариуцагчийг гэрээгээр тохирсон хэмжээнээс бага, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр дутуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг буцаан төлөхийг шаардахдаа “Тоонто гранд” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлээ болгожээ. “Тоонто гранд” ХХК нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр маргааны зүйл болох 73 дугаар байрны 149 тоотод байрлах орон сууцны талбайг хэмжихэд нийт 53.45 м.кв байсан байна. /хх-11 дүгээр тал/

Хариуцагч тал анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад орон сууцны биет байдлын доголдлын талаар маргаагүй, харин “гомдлын шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргаагүй, орон сууцыг хүлээж авахдаа доголдлыг мэдэх боломжтой байсан” гэж маргасан бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

“ЮБЭП” ХХК-ийг нэхэмжлэгчид гэрээгээр тохиролцсон хэмжээнээс /56.65 м.кв/ дутуу талбайтай буюу биет байдлын доголдолтой орон сууц шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Уг доголдлыг нэхэмжлэгч орон сууцаа хүлээж авахдаа мэдэх боломжгүй, тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн хийх мэргэжлийн үйл ажиллагаа учир энэ тохиолдолд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтыг хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

Иймээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас дутуу эд хөрөнгийн үнэ болох 6 077 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Гт олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 112 182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                              Ч.ЦЭНД