| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/0178/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/198 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/198
2022 02 11 2022/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Я.Амарзаяа,
нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2106 04421 0046 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Поларис” хотхоны 576 байрны 1002 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, КД97092515 регистрийн дугаартай, Чойдамба овогт Батмөнхийн А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Поларис” хотхоны 576 байрны 1002 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Ныг “уурласан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Б.Ны толгойн тус газар гараараа цохиж, хана мөргүүлэх, модоор толгойн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж Б.Ны эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хацар, баруун нүдний алимны салст, цээжинд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 04421 0046 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Ны мөрдөн байцаалтад өгсөн:
Б.А гэх хүнтэй анх 2014 оны 12 дугаар сард танилцаад, 2015 оны 06 дугаар сард анх үерхэж байгаад 2017 оны 09 дүгээр сараас хойш хамт амьдарч эхэлсэн бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. ...2021 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн ...А найз Амарсанаа болон өөр 2 хүний хамт архи ууж байсан. ... Амарсанаа над дээр ирээд яагаад уурлаад байгаа юм гэсэн утгатай зүйл хэлээд ... миний гуяыг барьж үзээд туранхай юм аа гээд бас Аын хөлийг бариад та 2 харьцангуй юм аа гэсэн зүйл яриад өнгөрсөн. А ирээд тэврэх гээд байхаар нь би ядраад байна унтмаар байна, зүгээр байгаач гэсэн. ...намайг Амараад тэврүүлээд надад тэврүүлдэггүй юм уу гээд Амраатай хардаад хэдэн удаа унтаж байсан гээд хана руу толгой мөргүүлээд боогоод байсан, ...чи ямар тэнэг юм ярьдаг юм гээд Амараагаас асуу гээд гэрт ороод Амарааг дуудахад сэрээгүй, ширээн дээр сууж нэлээн юм ярьж байгаад дахиад уурлаад үстээд толгой руу гараараа цохиод, ...би болиоч гээд түлхэхэд сандалтайгаа арагшаагаа унаад сандлын тавцангийн мод салсан бөгөөд тухайн модоор миний толгой, нүүр лүү олон удаа цохиж зодсон гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаартай:
“1. Б.Ны биед баруун хацар, шанаа, дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хацар, баруун нүдний алимны салст, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн 3 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-19/,
Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Поларис хотхоны 576 дүгээр байрны 1002 тоот гэртээ Б.Нтай хамт гэртээ хоюулаа байж байгаад гар утаснаас нь өөр хүнтэй хамт байсан зурагнууд үзэж үүнээсээ болоод түүнтэй маргаж улмаар Б.Ныг түлхэж унагаагаад нэг удаа алгадаад үүний дараагаар түүнтэй дахин маргаж нүүр лүү нь гараараа 2 удаа алгадсан. Энэ үед Б.Н өөрийнхөө эд зүйлс, хувцасыг аваад манай гэрээс явсан.
Би Б.Нтай 2 хоногийн өмнө Өмнөговь аймагт байхад нь уулзсан. Одоо Б.Ны хичээл нь амраад Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд гэртээ очсон байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-3-4/,
-хохирогч Б.Ны “миний бие ямар нэгэн хүсэлт, гомдол санал байхгүй учир хялбар хурдан шийдүүлэх хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-45/,
-шүүгдэгч Б.Аын “миний бие хэргийг хялбар хурдан шийдүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-46/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл /хх-23-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Аын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Ны бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Н нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чойдамба овогт Батмөнхийн Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ