Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

      

 

 

 

 

 

 

   2022        01          18                                   2022/ШЦТ/85

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн байранд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

  шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Г.О,   С.З нарт холбогдох эрүүгийн 2111 00034 0051 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн бизнесийн удирдлага мэргэжилтэй, Бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1       тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй,

  Г.О / /,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Шууд ТВ худалдааны зөвлөх ажилтай, ам бүл-2, дүүгийн хамт      тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй,

  С.З / /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 05 тоотод хамтран байр түрээслэгч С.З-тай өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан бие биедээ халдаж байсан таарамжгүй харьцаанаас үүдэн толгойн тус газар нь аягаар цохих, үсдэх, гараас нь базаж маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.З нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 05 тоотод хамтран байр түрээслэгч Г.О-тэй цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан харилцан зодолдож, духнаас нь цус гарсныг хараад түүнийг түлхэж унаган толгой, нуруу хэсэгт олон удаа өшиглөх, нүүрэнд цохих, үснээс нь зулгааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, мөн шүүгдэгч  өмгөөлөгч Цолмонгийн зүгээс хавтаст хэргийн материалаас /4, 5, 11, 12, 13, 14, 16-17, 20-21, 22, 24, 26, 29, 31, 33, 34, 36, 38, 41-42, 44, 46, 49, 54, 58, 61, 62, 68, 69-70, 73, 77-90, 91-93, хохирлын баримтууд, 100-104, 122, 125, 126, 132, 134, 135, 139-140, 141,  143, 145-146, 155, 157, 160-170, 171-172, 173-175, 187-188, 201,-205, 241 хуудас, 2 дугаар хавтаст хэргээс 11х, 16 хуудас,  шүүгдэгчийн өмгөөлөгч Батдуламын зүгээс /СД шинжлэн судлах, 23 хуудас, 25 хуудас, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтууд шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, талбаруудад үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдсон байдлаар шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.З-ын өмгөөлөгч Б.Цолмонгийн гаргасан С.З дээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй, прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэм буруутайд тооцож, Өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэсэн болно.

Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр нөхөн төлөх талаар илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч С.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г.О-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаар маргаж байна. Тухайн хэрэг явдал нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болоод шинжээч эмчийн дүгнэлт нь гарсны дараагаар 4-5 сарын дараа шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдаагүй нэхэмжлэх нотлох баримтуудыг гаргаж ирсэн нь Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тухайн үед Г.О нь гэмтсэн байсан бол яагаад нэхэмжлээгүй юм бэ? Өөрийнхөө нурууны ужиг өвчнийг гаргаж ирсэн. Г.О нь тухайн байранд 10 дугаар сарын сүүл үеэс эхлэн нүүж ирсэн байдаг. Бид нарын хувьд тухайн байранд хагас жил орчим зохицоод амьдарч байсан. Гэтэл Г.О нь тухайн байранд нүүж ирсэн цагаасаа эхлээд архидан согтуураад бөөлждөг байсан. Нэг өглөө би ажилдаа явах гээд гарч байхад чи энэ бичгийг наасан уу? Энэ бичгийг наасан бол үүнийгээ ав гэж хэлсэн. Маргааш нь чи энэ бичгийг наасан уу? Наагаагүй бол энэ бичгийг наасан хүнийг олж өг гэж хэлсэн. Би энэ байрны эзэн хүссэн хүнээ энэ байрнаас оруулж, гаргаж чадна гэж хэлсэн. Г.О-ийг нүүж ирэхээс өмнө би тухайн шүүгээнд сав суулгаа хийдэг байсан. Манай байрныхан хуралдаж байхад би энэ байрны эзэн хүсвэл та нарыг энэ байранд байлгах эсэхийг бид шийднэ гэж хэлж байсан. 12 дугаар сарын 08-ны өдөр Г.О-тэй өрөөнд таарахад юу яриад байгаа хар гичий бэ гэж хэлээд би наад бичгийг чинь хэлээгүй шдээ чамд наасан хүн нь өчигдөр манай эгч дүү наасан гэдгийг хэлсэн гэсэн гэж хэлэхэд юу яриад байгаа гичий бэ гэж хэлсэн. Тэгээд намайг зодох гээд мөрлөөд дайрсан. Гартаа халуун ус барьж байсан, хажууд нь заазуур байсан болохоор би айгаад ухарсан. Заазуур руу харах үед Энхмандал байсан. Тэгээд би явах гэтэл араас ирээд намайг үстээд дарсан. Би болиулах гээд дийлэхгүй байсан. Би болиоч гэж хэлсэн. Намайг үсдэж дарж байхдаа гуяыг минь базаж гэмтээсэн. Би гал тогооны өрөөнөөс өөрийнхөө өрөө рүү ортол араас дагаж ирээд намайг ална шүү муу гичий минь гэж хэлээд намайг алгадаад авсан. Г.О-ийг хөлөөрөө түлхэж гаргатал тэрээр буцаж гал тогтоо руу гүйгээд хогийн шүүр бариад ална шүү муу гичийг гэж хэлсэн. Тэгтэл Энхмандал өрөөнд уйлаад байсан. Өрөөнд уйлж болиулсан хүн бол Энхмандал байсан. 12 дугаар сарын 08-ны өдөр би Г.О-өд зодуулчхаад ажилдаа явж чадаагүй. Манай ажил ковид гээд хорогдуулсан цагаар ажиллаж байсан. Би чөлөө авсан. 11-ний өдрөөс ажилдаа орох гээд байж байсан. Би гал тогоо руу хоолны махаа гаргах гээд орж байхад Г.О, Б.Энхмандал хоёр байхаар нь чи эмэгтэй хүн байж яаж байгаа юм бэ? Миний гар хөлийг маажаад гэмтээгээд зодсон байна гэж хэлсэн. Чи хардаа гэж хэлсэн. Чи надад сорвины тос аваад ир гэж хэлэхэд. Хохьчино муу гичий минь чамайг алсан ч яадгийн гэж хэлсэн. Чиний нүүрийг яасан ч яадгийн гэж хэлж байсан. Хүнийг үнэхээр ингэж зодож гэмтээчхээд чамд ганц сорвины тос аваад өгье гэж хэлэхийн оронд хохьчино муу гичий минь гэж хэлсэн. Би түүнийг нулимсан минь үнэн. Би түүнээс яагаад айгаад байсан бэ гэхээр гартаа буцалсан ус барьж байсан болохоор би түүнээс айгаад байсан. Өмнө нь намайг заналхийлээд байхад нь халуун усаа над руу цацах юм байна гээд айсан. Би энэ хүнд өмнөх өдөр нь зодуулчихсан. Өөрийгөө хамгаалахгүй бол болохгүй гэж бодсон. Би нуруу руу нь гурван удаа цохичхоод хөл рүү өшиглөх гэтэл хөлд нь хүрээгүй байгаа. Намайг үстэж чирээд цохихыг оролдсон үйлдэл камерын бичлэгт байгаа. Би үнэхээр айсан учраас энэ хүнээс өөрийгөө хамгаалах ёстой гэж бодсон. Би Энхмандалд цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Би Г.О-ийн нүүр рүү цохиогүй. Цагдаа нарыг ирсний дараа Г.О араас ирснээ чи цагдаа дуудчихсан юм уу гэж хэлсэн. Уучлаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа цагдаа над руу залгаад үүд чийптэй учраас онгойлгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд би Б.Энхмандалыг цагдаа ирсэн байна хаалга онгойлгоод өгөөч гэж хэлсэн. Цагдаа нар камерын бичлэг хийсэн. Камерын бичлэг нь хэргийн нотлох баримт болдог гэж хэлсэн. Тийм учраас камерын бичлэг хийж байсан. Миний духнаас цус гарсан. Бие хөхөрсөн байдалтай байсан. Би тухайн үед цагдаа нарыг нотлох баримт гээд бичлэг хийж авсан юм чинь зөв талдаа шийдэгдэх байх гэж найдсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Долгион гэх байцаагч дуудаад уулзацгаасан. Г.О нь намайг зодчихоод 12 дугаар сарын 14-ний өдрөөс 20 хооронд архидан согтуурсан байдаг. Намайг зодсоныхоо дараа орой нь манай өрөөнд орж ирээд уучлалт гуйсан. Чи цагдаад өгсөн гомдлоо авчих уу гэж хэлсэн. Танай өрөө хэтэрхий муухай хүйтэн байна. Чи даарч байгаа юм байна гэж хэлээд манай өрөөнд орж ярилцъя гэж хэлээд тэдний өрөөнд орж ярилцсан байгаа. Тухайн үед Г.О-ийн хавтаст хэрэгт өгсөн зураг шиг тийм нөхцөл байдалтай байгаагүй байдаг. Тэр орой өрөө рүүгээ ороход манай дүү Болдбаяр ажлаа тараад гэртээ ирчихсэн байсан. Толгой боолттой эмнэлгийн тусламж аваад орж ирэхэд юу болсон юм бэ гэж хэлсэн. Болсон явдлыг хэлээд ийм ийм зүйл болж байгаад орж ирлээ гэж хэлсэн. Шинжээч эмчийн өгсөн бичгийг барьчихсан байж байгаа хэр нь өөрөө учраа олохгүй байж байсан. Манай дүү тухайн бичгийг хараад толгойн томограф хийлгэх шаардлагатай гэж  байна гээд шөнийн 23 цагт томограф хийлгэхээр ярилцсан. 12 дугаар сарын 10-ны өдөр шанаа нь дээрээ хөхрөлт, хамрын нуруунд нь зулгаралт, нүдэнд нь цус хуралт байсан эсэхийг харсан хүмүүс бол гэрч Энхмандал, Болдбаяр, манай дүүгийн найз болох Анхбаяр нар харсан. Манай өрөөнд Анхбаяр гэх хүн яагаад байсан бэ гэхээр манай дүүгийн машин тэр өдөр явахгүй байсан болохоор манай дүү найзаа дуудсан. Бид дөрөв Мөнгөн гүүр эмнэлэг рүү очиход шинжээч эмчийн бичгээ аваад ир гэж хэлээд бид нар буцаж очиж шинжээч эмчийн бичгийг авч ирсэн. Би Г.О-д зодуулснаас хойш 3-4 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж явсан байдаг. Энэ хүн хуванцар аягаар цохисон гэж мэдүүлдэг. Өмнө нь надтай таарч байхдаа би Хулсан аягыг Тенжинаас захиалж авсан. Энэ пэйжинд халаадаг аяга хэлж байсан. Би энэ хүний толгой руу хуванцар аяга шидсэн гэж мэдүүлсэн байдаг. Эмэгтэй хүний арьсыг ярсан байж би зөвхөн хуванцар аягаар цохисон гэж мэдүүлээд байна. 12 дугаар сарын 08-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд надтай 2 удаа эмнэлэг явсан байдаг. Тухайн үед Г.О-ийн нүдэнд цус хуралт энэ тэр байгаагүй. Тухайн үед гэмтсэн бол би гэмтсэн гээд үзүүлэхгүй яасан юм бэ?. Тухайн үед 12 дугаар сарын 10-ны өдөр Түргэн тусламжийн машин ирэхэд бохь зажилж байсан. Яахлаараа шинжээч эмчийн дүгнэлт дээр хамрын нуруунд зулгаралттай хамар, шанаа гэмтэлттэй, нүдэнд цус хуралттай гэж яриад байгаа юм бэ. Мөрдөн шалгах ажиллагааны үед Г.О нь хуурамч зураг гаргаад ирсэн. Яагаад хуурамч зураг гаргаад ирсэн юм бэ гэж хэлсэн. Би байцаагчдаа энэ хэрэг халуун дээрээ байна. Г.О 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлээд 20-ний хооронд архидан согтуурсан. Энхмандалд энэ зургийг үзүүлээд өгөөч хуурамч зураг юм уу? үнэн зураг юм уу асуугаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед зургийн талаар Энхмандалаас асуугаагүй байсан. Долгион байцаагчийн дахиад нэг гаргасан алдаа болохоор намайг юм ярьж байхад чи хэтэрхий олон юм ярьж байна. Чамайг Г.О дарамтлаагүй. Чи түүнийг дарамт гэж бодож байна уу гэж хэлсэн. Чи заазуур харсныг дарамт гэж бодож байна уу?. Наад хүн чинь хэн дуртайгаа оруулж гаргана гэж зүгээр хэлсэн юм байна гэж ярьж байснаа тухайн мэдүүлгийг хавтаст хэрэгт тусгаагүй. Г.О-ийн нүдний алимд цус хуралт үүссэн гэхийг мэдэж байгаа юу гэж асуусан байдаг. Тэгээд миний өмнөөс мэдэж байгаа гэж хариулсан байдалтай байсан. Би мэдүүлгээ харангуут хүүе ээ байцаагчаа би ийм мэдүүлэг өгөөгүй гэж хэлсэн байдаг. Байцаагчаа та надаас ийм асуулт асуугаагүй байж миний өмнөөс хариулт бичсэн юм бэ гэж хэлэхэд би үүнийг чинь устгаад өгье гэж хэлсэн. За одоо мэдүүлгийн хүрээнд миний ярьж байсан камерын бичлэг байгаа түүнээс хармаар байна гэж хэлсэн. Тэгээд Долгионыг ахалж байсан ахмад нь байсан. Ямар хэрэг болоод байцаагчтай маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн. Чи энэ хүнийхээ асуудлыг шийдэж өг гэж Долгионд  хэлсэн. Долгион худлаа бичсэн цаасаа өөрөө урчхаад дахин мэдүүлэг авсан байгаа. Долгион гэх байцаагч бол мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийж чадаагүй. Би энэ талаар прокурор Б.Чимгээд гомдол гаргасан байдаг. Чимгээ прокурорт гомдол гаргаж байхдаа саяны асуудлуудыг бүгдийг нь хэлсэн байдаг. Нэгдүгээрт гэрчүүдийг асуулгамаар байна. Долгион гэх байцаагч чинь надтай иймэрхүү байдлаар харьцаж байна гэж хэлсэн. Долгион байцаагчид Г.О-ийн хуурамч зураг гаргаж өгөхөд нь зургийг хасуулж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед цагдаа нарын хийсэн камерын бичлэг байгаа гэж хэлэхэд камерын бичлэг чинь устчихсан гэж хэлсэн. Яагаад камерын бичлэг устсан юм бэ. Үнэхээр бичлэг гараад ирсэн юм бол Г.О-ийн нүд нь хөхөрсөн байсан эсэхийг мэдэх боломжтой байсан. Гэтэл камерын бичлэг устсан байсан. Дуудлагаар ирсэн хоёр цагдаа бол бүх нөхцөл байдлыг харж байсан. Тухайн үед хамрын нуруунд нь зулгаралт байгаагүй. С.З-ын духнаас цус гарсан. Түүний нүдэнд харагдах гэмтэл байгаагүй гэхийг мэдүүлгээр тусгасан байдаг. Гуравдугаарт гэвэл Анхбаяр гэх хүний мэдүүлэг байгаа. Мөнгөн гүүр эмнэлэг рүү хамт явахад Г.О-ийг харсан хүн байгаа. Миний дүү Болдбаяр тухайн үед Г.О-ийг ямар нөхцөл байдалтай байхыг нь харж байсан. Би Г.О-өд зодуулаад 3 сарын туршид түүнд зодуулснаас хойш маш хэцүү байсан. Би өөрийнхөө зургуудыг угаалгаад дүүгээрээ явуулсан миний дүү Болдбаяр нь Долгион гэх байцаагчид хэргийн материал дээр байгаа бүх зургуудыг өгсөн байгаа. Миний дүү мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан боловч түүний мэдүүлэг алга болсон гэхийг хэлсэн байгаа. Яллах дүгнэлт үйлдэгдээд хэрэг шүүх рүү шилжсэн. Хэргийн материалтай танилцах гэж ирсэн. Тэр үед би Чимгээ прокурорт Долгион гэх байцаагч нэгдүгээрт камерын бичлэг устсан гээд үгүйсгэчихлээ. Хоёрдугаарт гэвэл энийг харгалзахгүйгээр яллах дүгнэлт үйлдчихлээ. Гуравдугаарт хуурамч зургаа яагаад шинжлэн судлахгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Үнэхээр та намайг худлаа ярьж байна гэж бодож байгаа бол Энхмандалаас асуу гэж хэлсэн байдаг. 2021 оны эхээр буюу 1 дүгээр сарын эхээр хийсэн болсон процессын талаарх хийсэн ярианы бичлэгийг сиди дээр буулгаж өгсөн байдаг. Чимгээ прокурорт сиди-г хүлээж авчхаад шүүхэд хүргүүлээгүй байсан. Би шүүгчийн туслах Энхгэрэлээс асуусан гомдолтойгоор ярианы бичлэг өгсөн юм гээд асуухад анхнаасаа хэрэгт нэг ширхэг сиди ирсэн гэж хэлсэн. Тэгээд би буцаж очоод Чингэлтэй дүүргийн прокурорын газарт миний сиди яагаад алга болсон юм  бэ?. Би танд хүлээлгэж өгсөн талаар хэлэхэд прокурорын туслах Бат-Амгалан гэх хүн гарч ирээд чиний сиди чинь шүүхэд хүргэгдсэн хэдий ч уншигдаагүй үндэслэлээр буцаагдсан гэж хэлсэн. Тэгж хэлээр нь би түүнийг лавлахаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан Баттулга гэх хүнээс миний сиди хүргэгдэж ирсэн юм уу гэж асуухад яллах дүгнэлтийн хавсралтад нэг ширхэг сиди ирсэн байна. Та энэ талаарх гомдлоо прокурорт гарга гэж  хэлсэн байдаг. Би энэ талаарх гомдлоо прокурорын шатанд гаргаж байсан. Миний гомдлууд прокурорт очоод буцаагдаж байсан. Би Энхмандалыг дуудаж шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж байсан хэдий ч ирээгүй. Г.О-ийн гаргасан шинжээч эмчийн дүгнэлтэд гараагүй гэмтлүүд гэж  нотлох баримт болгоод нэхэмжилж байгаад гомдолтой байна. Г.О нь яллах дүгнэлт үйлдсэний дараа бүхэл бүтэн 2 сарын дараа нэхэмжлэх зүйлгүй гэж хэлж байсан хэдий ч шинжээчийн дүгнэлтээс өөр нүдний гэмтэл гэж яриад байгаад санал нийлэхгүй байна. Би прокурор Чимгээд гомдолтой байна. 1.156.000 төгрөгийг нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй байна. Г.О нь хуурамч зураг өгсөн, шинжээч эмч нь миний дүгнэлтийг хуурамчаар гаргасан байдаг. Шүүгчээ та хавтаст хэргийн материалыг сайн хараарай. Миний гарын алга хөхөрсөн байдалтай зургууд байгаа. Миний гарын бүхэл хэсэг хөхөрсөн байхад түүнийг бүхэлд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулаад байна. Шинжээч эмчийн дүгнэлтэд хөнгөн гэмтэл гэдэг бол хүний биеийн нэг хувь буюу хүний гарын хэмжээтэй хөхрөл няцрал үүсэн бол шинжээч эмчийн дүгнэлтэд тусгаж авч үзнэ гэж үзсэн байдаг. Гэтэл Г.О-ийн эрүүл мэндэд учирсан хөхрөл няцрал нь нийлээд 2.3*6.5 гэсэн хэмжээтэй байсан. Чүдэнзний хайрцгаас жижигхэн хөхрөл байгаа. Шинжээч эмчийн дүгнэлт болон Хос билгүүн эмнэлгийн дүгнэлт хоёр хоорондоо зөрүүтэй байдаг. Шинжээч эмчийн дүгнэлтэд хамрын нуруунд зулгаралт гэж байдаг бол нөгөө дүгнэлт дээр нь хамар шанаа хэсгийн уруулын доод талын хөхрөл шимэгдэж эхэлж байна гэж гарсан байдаг. Энэ нь шинжээч эмчийн дүгнэлтээр няцаагддаг. Худлаа зүйлээр хуурамч дүгнэлт гаргуулах нь хууль зүйн шинжлэх ухааныхаа хувьд яаж шийдэгддэг юм болоо. Энэ шүүх хурал дээр Г.О-өөс учирсан гэмтлээсээ болоод эд хөрөнгөөрөө хохирсон байгаа. Намайг аягаар цохиж гэмтээснийг шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч мэдсээр байж шүүх хурал болохоос өмнө шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцъё гэж ярьж байсан. Нүдэн дээрх гэмтлээ татаад авчихъя чамд 1.000.000 төгрөг өгье гэж ярьж байсан. Гэтэл бодит байдал дээр янз бүрийн бичгүүд, янз бүрийн томограф хуруу гэмтсэн гэх цаг хугацааны хувьд нийцэхгүй баримтуудыг гаргаж өгч байна. Миний хувьд өөрийнхөө нэхэмжлэх баримтуудыг гаргаж өгч байна. Тухайн үед эрүүл мэнд гоо сайханд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр эмнэлгийн бичгийг баримттай нь гаргаж өгч байна. “Доктор Чингүн” гэх эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн баримтууд нийт 2.095.012 төгрөгийн баримт байгаа үүнээс өмнөх шүүхээр Г.О-өөс гаргуулахаар тогтоосон 218.000 төгрөгийн баримтыг хасаад 1.579.567 төгрөгийн баримт. Өмнөх шүүх хуралдаан дээр би цалингаа нэхэмжилсэн байгаа. Би Г.О нь миний эрүүл мэндэд хохирол учруулсан болохоор би 3 сарын хугацаанд эмнэлгээр явсан байдаг бензиний мөнгө болох 80.000 төгрөг нь нийт үнийн дүндээ багтаж байгаа...” гэв.

Шүүгдэгч эцсийн үгэндээ: “...Гэм буруугаа зөвшөөрч байна.Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би С.З-тай 12 дугаар сарын 08-ны өдөр муудалцаад харилцан зодоон болсон. С.З-ын ааш зан надад жоохон хэцүү санагдсан. Би хүнийг янз янзаар хэлээд байдаггүй. Түүний ааш авир нь надад хэцүү санагдсан. 10-ны өдөр өөрөөр реакцтай ууртай гарч ирсэн. Миний нүүр рүү шүлсээ бөөгнүүлж байгаад инээж байгаад нулимсан. Би тэр камерын бичлэг дээр гарч байгаа шиг гараа атгаж байгаад цохиогүй. Хуванцар аяга гээд байгаа нь хуванцар материалтай аяга юм. С.З-ын яриад байгаагаар буцалсан аяга байгаагүй. Би газар аваад аягаа шидсэн. Тэгээд хоорондоо үстэлцсэн тиймэрхүү зүйл болсон. Бүх хүн өөрийнх нь эсрэг байгаа юм шиг С.З яриад байх шиг байна. Би тийм баян хүн биш хуулийн байгууллагынханд нөлөөлөх боломжгүй. Би нэг өвөл ч гэсэн дулаан байя гэж бодоод өвөл орж ирсэн байгаа. Би  өмнөх жил нь хүртэл тухайн байранд байж байгаад гарсан байдаг. С.З нь огтоосоо намайг зодоогүй гэж байнга нэмэлт хачиртай ярьж байна. Түүний худлаа ярьж байгаа нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Би хүнийг тийм болгочихсон болохоор санаа зовж байсан.  Миний дээр гараад намайг зодож байсан хэр нь намайг зодоогүй гэж ярьж байгаа болохоор түүнийг сэтгэцтэй жоохон асуудалтай юм болов уу гэж бодож байна. Би түүнийг эмчлүүлээд өгье гэж хэлэхэд тухайн үед 5.000.000 төгрөг өгчих шүүх цагдаа болохгүйгээр асуудлаа шийдье гэж хэлсэн. Мөрдөгч дуудаад мэдүүлэг авагдаад явсан байдаг. Миний зүгээс С.З-д хохирол учруулсан нь үнэн. С.З-д учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Энэ хүн ганцхан өөрийг зодоод хохирол учруулчихсан юм шиг хандаад байгаад гайхаж байна. Миний эрүүл мэндэд ч гэсэн хохирол учирсан байгаа. С.З нь зохиол уншиж байгаа юм шиг ярьж байна. Болсон процессоос хэт гажилттай ярьж байна. Би 7 дугаар сарын 10-ны өдөр нүдний хагалгаанд орсон. Гэхдээ тэр улайлт нь 14 явагдаад зүгээр болдог. Гэтэл С.З-д зодуулснаас болоод тийм болсон байсан. Би анх цагдаа дээр очоод мэдүүлэг өгч байхдаа С.З-ын хохирлыг барагдуулъя гэсэн байр сууртай байсан. С.З-ыг ийм болгосон болохоор би буруутай гэж бодоод явж байсан. Тухайн үед нийтийн карентин тогтоогоод зах ажиллахгүй үе байсан. Би тухайн үед цагаан сарын дараа ажилдаа орсон. Миний нуруу өвдөөд эмнэлэг дээр хар зураг авхуулсан. Би цагаан сарын битүүний өдөр нуруу татаад хөдөлж болохгүй байсан. Нарийн шинжилгээ хийлгэсэн тухайн томографын шинжилгээгээр L1, L5 дугаар түвшинд урагдалтай гэж гарч ирсэн байгаа. Түүнээс хойш нуруундаа байнга эмчилгээ хийлгээд явж байгаа. Одоо удаан зогсох, байнга нуруу өвдөж, өөрт минь их зовуурьтай байгаа. Миний нуруу руу олон удаагийн давтамжтайгаар нуруу руу цохиж, дээрээс дэвхцэж байсан...” гэв.

Шүүгдэгч нар нь эцсийн үгэндээ: “...Учруулсан хохирлоо төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Гэрч Б.Энхмандал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г.О, С.З, Болдоо нарыг танина. Би он сарыг нь мэдэхгүй байна. Нийтийн байранд 8 айл амьдардаг. Тус тусдаа өрөөнд амьдарч байгаа хүн бие биеийгээ танихгүй. Энэ хоёр хоёулаа дээрэнгүй харилцаатай. Би тэр өдөр цэвэрлэгээ хийгээд явж байсан. Эхний маргаан дээр Г.О эхэлсэн байдаг. Хоёр дахь өдрийн маргааныг С.З эхэлсэн. Би зодооны шүүгч хийгээгүй. Би энэ хоёр хэрхэн зодолдсоныг мэдээгүй. Намайг ирэхэд энэ хоёр зууралдсан байдалтай байсан. Би Г.О-тэй банштай цай хийж идье гээд ярьж байсан. Хэн нь түрүүлж цохисон талаар би мэдэхгүй. Би энэ асуудлаас болоод бүтэн жилийн хугацаанд хэцүү байдалтай байлаа. Энэ хоёр хүн зууралдаад байсан. Салахгүй байсан болохоор нь би цагдаа дуудсан. Би ганцаараа гэрч биш. Тухайн үед хажуу талын өрөөний эрэгтэй хүүхэд байсан. Г.О уначихсан байсан. Би түрүүлж хэн нь хэнийгээ цохисныг хараагүй. С.З чи миний нүүрийг яаж байгаа юм бэ гээд цохиод байсан Г.О зодоон болсны дараа амраас нь цус гарсан байдалтай байсан. Хамраас нь цус урсаж гарч ирсэн байсан. Надаас гадна энэ нөхцөл байдлыг олон хүн харсан. Би Г.О-ийг нүдэндээ, давхраандаа сорвины тос хэрэглэдэг байсныг би мэдэхгүй. Үстэлцээд босоод ирсний дараа Г.О-ийг боль гээд уйлж байж Г.О-ийг болиулсан байдаг. Г.О-ийн нүд нь эхний зодоон дээр улайсан байдалтай байсан. Эхний зодооны дараа С.З аягүй их хөхөрсөн байдалтай байсан. Хоёр дахь зодооны дараа юу болсон С.З-аас их цус гарсан байдалтай байсан. Би түүнийг нь цэвэрлэж өгсөн. Г.О эмэгтэй хүн болохоор дэлгүүр ороод С.Зд амттай юм аваад эвлэрье гээд ярьж байсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, дараах үйл баримтыг тогтоосон болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд: 

Хохирогч С.З-ын “...2021 оны 01 сарын 08-ны өдөр гал тогооны өрөөнд Мандал, Г.О 2-той таарахад Г.О над руу ойртоод юу яриад байгаа гичий вэ, бичиг наасан байж худлаа яриад яваад байх юм гээд шууд над руу дайрсан. Холдох гэтэл намайг мөрлөөд буланд шахахад Мандал салгасан. Тэгээд өрөө рүүгээ явж байтал араас үсдэж дараад гар хөлөөс базаж маажсан...10-ны өглөө гал тогооны өрөөнд таараад чи намайг зодоод ийм болгочихсон байна хардаа гэхэд хохь чинь надаас өөр хүн байсан бол чамайг алах байсан юм гээд өмнөх шигээ зодох гээд дайрсан. Тэгээд гартаа аягатай халуун ус барьж явснаа цацах гээд гарыг нь түлхэж асгасан. Тэгэхэд барьж байсан аягаараа миний толгой руу цохиод үснээс зулгаасан. Тэгж байхдаа 2 гараас зуураад базаж маажсан. Энэ үед миний духнаас маш их цус гарсан... Би түүний нүүр ам руу хүрээгүй. Хоорондоо зууралдсан Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Би Г.О-өөс өөрийгөө хамгаалсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Хохирогч Г.О-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сард тус нийтийн байранд орсон. Намайг нүүж ороход С.З гэх эмэгтэй тус нийтийн байранд амьдардаг байсан. Ингээд С.З-тай танилцсан. Намайг амьдарч байх хугацаанд С.З нь байнгын гүтгэх, доромжлох, дээрэлхэх үйлдэл гаргадаг байсан. усанд ороод гараад ирэхэд С.З хар өнгийн үс барьж ирээд энэ чиний үс үү, чи душ дотор их бохир заваан хэрэглэж байна, энэ бохир үсээ ав, үүдний өрөөний шалан дээр чиний үс унаад би өөрийнхөө өрөө рүү авч ороод байна, чи үсээ ав гэх зэргээр гүтгэдэг байсан. Би шар үстэй ш дээ гэхэд угаас чинь хар өнгийн үс гарч ирсэн байгаа биз дээ гэдэг. Ам нь өмхий царайлчхаад гээд гадаад үзэмжийг гоочилж доромжилдог. Гал тогооны өрөөнд байсан шүүгээнд өөрийнхөө эд зүйлийг хийсэн чинь нэг орой ирэхэд миний эд зүйлийг эмх замбараагүй болгоод өөрийнхөө том хоолны савыг хийгээд тавьчихсан байсан гэх мэтээр дээрэлхэх үйлдэл гаргадаг. Гал тогооны өрөөнд хоолоо хийх гээд бэлтгэж байхад хажуугаар дайраад плитка дээр саваа тавьчихдаг. Хөргөгчид битгий муудах зүйл хийгээд бай гэх мэт дандаа доромжлох байдлаар харьцдаг. Удаа дараа нойлын өрөөнд бичиг үлдээж байсан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гал тогооны өрөөнд муудалцаад би түрүүлж түүний нүүр лүү гараараа 1-2 удаа цохиход миний үснээс зуураад бид хоёр үсдэлцсэн. Тэгээд үснээс хоёр гараараа зуураад тавихгүй байхаар нь би нэг гараараа үснээс нь зуураад нөгөө гараараа гуяны дотор талаас нь базсан. Би түрүүлж түүний үсийг тавиад зодоон дууссан. Зодооны дараа С.З-ын гар нь маажуулсан, гуя нь хөхөрсөн байсан. Харин миний зүүн нүдэнд цус хурсан байсан.,.2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүдний өрөөнд тааралдахад сорвины тос авч өгөөрэй, ам нь өмхийрсөн, бүдүүн шар муур гэснээс болж маргалдаж эхэлсэн. Тэгснээ С.З над руу дөхөж ирээд амандаа шүлсээ хуримтлуулж байгаад нүүр лүү нулимсан, тухайн үед би халуун устай аяга барьж байсан нөгөө гараар түүн рүү далайхад С.З миний аягатай усыг түлхээд харилцан бие биеэ түлхэлцэж байхад С.З миний гартаа барьсан устай аягыг унагаасан. Би аягаа газраас аваад С.З руу шидээд хоорондоо барилцаж, цохилцон үснээсээ зулгаалцсан. Би С.З-ын дээрээс дараад унахад тэрээр намайг цохисон. Нэг харсан чинь С.З-ын нүүр цус болсон байсан. Тэгээд зодоон зогссон. Би айгаад дахиж тэр хүнд гар хүрээгүй. Дараа нь С.З намайг 2 удаа нүүр лүү алгадаад нуруун дээр 3 удаа гараараа цохисон. Тэгтэл С.З 00 өрөө лүү орж нүүрэн дэх цусаа хараад улам уурлаад намайг өрөөндөө байхад араас ирж түлхэж унагаагаад дээрээс нэг хөлөөрөө дэвхэцсэн. Нуруу, толгой хаа хамаагүй хяналтаа алдсан байдалтай өшиглөсөн. Тэр үед би Мандалд цагдаа дууд гэж хэлэхэд Мандал бид хоёрыг салгаж чадахгүй болохоор хажуу өрөөний залууг дуудаж бид хоёрыг салгасан Тэгээд С.З надаас салаад дахиж орж ирээд хаа хамаагүй өшиглөсөн. Миний нүүр лүү цохиод урд үснээс зулгаагаад үүд рүү чирсэн. Би өрөөний хаалганы хажууд доош хараад мөлхсөн байдалтай байхад нөгөө залуу орж ирээд салгасан. Дахиж орж ирэх гээд байхаар нь би өрөөнийхөө хаалгыг түгжсэн. Өрөөндөө ороод толинд хартал миний хоёр нүд улайгаад цус хурсан байсан.. шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлийг С.З намайг зодож учруулсан. Мөн 13456 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлийг би учруулсан. Маргах зүйл байхгүй. Бид хоёр харилцан зодолдсон юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би С.З-ын эмчилгээний зардалд 189.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р тал/,

Гэрч Б.Энхмандалын “...2020 оны 12 сарын 08-ны өдөр гал тогооны өрөөнд Г.О-тэй С.З-ын төвөгтэй ааш зангийн талаар ярьж байхад С.З гэнэт гарч ирж маргаад С.З Г.О нарын хооронд шүүгээ булаацалдсан болон ОО душны өрөөний цэвэрлэгээний талаар маргалдаж хоорондоо үсдэлцсэн. Тэр үед Г.О С.З-ыг мөрлөсөн, би голоор нь орж салгаад тэр 2 өрөө өрөөндөө орсон. Тэгээд хоёр өдрийн дараа намайг гал тогоо болон үүдний хэсгийг шүүрдэж байтал Г.О гал тогооны өрөөнд орж ирээд өөртөө уух юм хийгээд ууж байх шиг байсан Тэгээд би Г.О-тэй хамт хоол унд хийж идэх тухай ярилцаж байтал С.З өрөөнөөсөө маш их ууртай гарч ирээд Г.О-өд хандаж чи сорвины тос авч өг, энийг хар гээд орилоод байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад хэрэлдэж байснаа бие биеэ үсдээд, газар унаад С.Заас аймаар их цус гараад зодоон их ширүүн болсон. Би арай гэж тэр хоёрыг салгасан. Г.О бушуухан шиг 00 орж нүүр амаа угаагаад өрөө рүүгээ яваад ортол С.З өөрөөсөө гарсан цусыг хараад улайраад Г.О-ийн өрөө рүү ороод зодож эхэлсэн. Г.О хүнээс цус гаргаснаа мэдээд өөрөө айгаад С.З-д зүгээр л зодуулж эхэлсэн. С.З-ын үс нь задгай арзайсан нүүр нь цус болсон байдалтай Г.О рүү дайраад гараараа хаа сайгүй цохиод байсан. Тэгээд би салгаж чадахгүй болохоор хажуу өрөөний залууг дуудаж тэр хоёрыг салгасан. Удалгүй цагдаа нар ирээд С.З, Г.О нарыг аваад явсан. С.З-ын духанд шарх үүссэн, Г.О-ийн нүд нь улайгаад цус хурсан байсан. Тэр хоёр харилцан бие биеэ зодсон. Ердөө цэвэрлэгээнээс болж маргалдсан...3-ын хувьд их төвөгтэй ааш авиртай. Ойр тойрны хүмүүсийг тавгүй байдалд хүргэдэг гэдгээ өөрөө мэддэггүй. Хоёрын хооронд жижиг сажиг зүйлээр хэрүүл үүсгээд байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Гэрч Ц.Цэнгэлбаярын “...би 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тус нийтийн байранд нүүж ирсэн. Маргааш нь өрөөндөө унтаж байтал Мандал эгч хаалга тогшоод гараад ир гэхээр нь гараад манай хажуу талын шар үстэй эгчийн өрөөнд ороход 2 эмэгтэй хүн хоорондоо үсдэлцсэн байхаар нь духандаа шархтай эмэгтэйгийн үсдсэн гарыг салгаад өрөөнөөс гаргасан. Тэгээд өөрийнхөө өрөөнд ороод подволкоо өмсөөд гараад иртэл нөгөө 2 эмэгтэй дахиад зодолдоод байх шиг болохоор нь ортол шар үстэй эмэгтэй нь буйдангийн хажуугаар хажуулдсан байдалтай орчихсон, дух нь гэмтсэн эмэгтэй дээр нь гарчихсан байхаар нь салгаад өрөөнөөс гаргасан. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р тал/,

Гэрч Д.Мөнгөншагайгийн “...тэр өдөр Тэс-112 чиглэлд Чингэлтэй дүүргийн 2, 1-р хороог хариуцан цагдаа жолооч Болдсүхийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 11:45 цагийн үед хамт байр түрээсэлдэг эмэгтэй толгой руу цохиод хагалчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу хэрэг учрал болсон гэх газарт очиход С.З гэх эмэгтэйн духнаас цус гараад хатсан байдалтай байсан. Харин нөгөө эмэгтэйд илтэд харагдах хүнд гэмтэл харагдаагүй, маажсан, улайсан байсан санагдаж байна. хоёулаа харилцан зодолдсон байсан. Гэхдээ илтэд эвдэрч гэмтсэн, цус болсон зүйл байгаагүй. Тухайн үед энгэрийн камер ажиллахгүй байсан тул заримдаа өөрсдийн гар утсаар бичлэг хийх тохиолдол байдаг боловч тэр бичлэг одоо бол байхгүй, өдөртөө 20 гаруй дуудлагад очдог болохоор тэр бүр гар утсаар бичлэг хийж хадгалах боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13456 дугаартай “...С.З-ын биед тархи доргилт, духны шарх, баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт бүхий шинэ гэмтэл, баруун шууны дотор тал, баруун зүүн сарвуу, баруун дунд, ядам хуруу, зүүн шилбэний зулгаралт, 2 бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хуучин гэмтлүүд тогтоогдсон, учирсан гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тархи доргилт, духны шарх, баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт бүхий шинэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шууны дотор тал, баруун зүүн сарвуу, баруун дунд, ядам хуруу, зүүн шилбэний зулгаралт, 2 бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хуучин гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13451 дугаартай “...Г.О-ийн биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруу, доод уруул, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн дал, баруун шуунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47-р тал/,

Шинжээч Т.Амартүвшингийн “...С.З-ын биед учирсан тархи доргилт, духны шарх гэмтлүүд нь дангаараа тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 28-с доош хоногийн дотор эдгэдэг учир хөнгөн гэмтэлд хамааруулна... С.З-ын 2020.12.11-ний КТГ-ийн хариуг үзлэг хэсэгт бичихдээ бичиглэлийн алдаа гаргасан байна. зүүн талын зулай хэсгийн хуйханд бага зэрэг зөөлөн эдийн хавангийн өөрчлөлттэй гэснийг өөрчлөлтгүй гэж алдаатай бичсэн боловч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37-р тал/,

Шинжээч Г.Энхбаатарын “...Г.О-ийн биед учирсан зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруу, доод уруул, баруун тохой, зүүн шууны зулгаралт, зүүн дал, баруун шууны цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р тал/,

С.З-ын амбулаториор үйлчлүүлэгчдийн картын хуулбар, Мөнгөн гүүр эмнэлгийн 2020.12.11-ний өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 78-91-р тал/,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны нийтийн гал тогооны өрөөний хяналтын камерийн бичлэг бүхий хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 130-131-р тал/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62, 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77,107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Чингэлтэй дүүргийн 3 хороо 15 дугаар байрны 05 тоотод хамтран байр түрээслэгч Г.О, С.З нар нь  2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр /өмнө 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн цэвэрлэгээ, үйлчилгээнээс болж маргалдан/, харилцан бие биедээ халдаж “ сорвины тос авч өгөөрэй бүдүүн шар муур ” гэх шалтгаанаар хоорондоо маргаан үүсгэж, улмаар С.З-ын толгойн тус газар аягаар цохих, үсдэх, маажих, хохирогч Г.О-ийн толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохих, нуруу хэсэгт цохих  зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд харилцан хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч С.З-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, хохирогч Г.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р тал/, гэрч Б.Энхмандалын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, гэрч Ц.Цэнгэлбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р тал/, гэрч Д.Мөнгөншагайгийн мэдүүлэг /хавтаст хэргийн тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47-р тал/, шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37-р тал/, шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р тал/, С.З-ын амбулаториор үйлчлүүлэгчдийн картын хуулбар, Мөнгөн гүүр эмнэлгийн 2020.12.11-ний өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 78-91-р тал/, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны нийтийн гал тогооны өрөөний хяналтын камерийн бичлэг бүхий хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 130-131-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.З, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.О-өд холбогдох хэргийг өршөөлийн хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх, шүүгдэгч С.З-ыг гэм буруутайд тооцуулж, 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд хохирол төлбөр нэхэмжлэх хүрээнд дүгнэлтээ танилцуулсан болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байх тул тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Г.О, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

шүүгдэгч Г.О-өөс шүүхэд гаргаж өгсөн 1.708.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүх хэрэгсэхгүй болгож, нүдний эмчилгээний 63.000 төгрөгийн баримтыг үнэлж шүүгдэгч С.З-аас нийт 63.000 /2хх-ийн 15-17х/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-өд олгох,

хохирогч Г.О-өөс шүүх хуралдаан дээр шинээр 522 230 төгрөг эмчилгээний баримт, мөн өмнөх шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд 1 156 700 төгрөгийн нуруунд эмчилгээ хийсэн эмчилгээний баримтуудыг шүүхэд ирүүлснийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13451 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байх тул шүүх уг хохирлыг гэмт хэргийн шууд хохиролд тооцож гаргуулах боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.О нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 189 000 төгрөг төлсөн байна.

Харин шүүгдэгч Г.О-өөс нийт 2.095.012 төгрөгийг гаргуулж хохирогч С.З-д олгохоор шийдвэрлэв.

Ингэхдээ хохирогч С.З-ын гаргасан эмчилгээний баримтуудыг бүхэлд нь энэ хэрэгт хамааралтай, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн дагуу хийгдсэн эмчилгээ, үйлчилгээ байна гэж үзсэн болно.

Харин хохирогч С.З-аас гаргасан 82 853 /2хх-ийн 26х/ төгрөгийн бензин шатахуун авсан баримтыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хуванцар аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди, мөн С.З-ын шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Г.О,   С.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Г.О, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.З-аас нийт 63.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-өд олгох,

шүүгдэгч Г.О-өөс нийт 2.095.012 төгрөгийг гаргуулж хохирогч С.Зд тус тус олгосугай.

4. Шүүгдэгч С.З, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хуванцар аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди, мөн С.З-ын шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ