Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0061/Э |
Дугаар | 2022/ШЦТ/117 |
Огноо | 2022-02-11 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/117
2022 02 11 2022/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох эрүүгийн 1905 01771 0904 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Ж.А /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь Чех улсын виз гаргуулж өгнө гэж А.Өлзийдэлгэрийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр 5.800.0000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,600 евро буюу 5,789,392 төгрөг нийт 10.607.584 төгрөгийг бэлнээр авч залилсан,
“Чех улсын виз гаргуулж өгнө” гэж Т.Сүхтөрийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт
12.980.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
“Чех улсын виз гаргуулж өгнө” гэж О.Батбулагийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны намраас эхлэн 2020 оны 08 дугаар сарын 31 -ны өдрийн хооронд дансаар 15.748.400 төгрөг, бэлнээр 1.200.000 төгрөг нийт 16.948.400 төгрөгийг авч залилсан,
“Чех улсад сургуульд суулгаж өгнө, хэлний бэлтгэлд явуулна” гэж Б.Зэлтэрийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Буян төв доор байрлах “Голд Блүймен” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 19,980,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
“Чех улсад сургуульд суулгаж өгнө, хэлний бэлтгэлд явуулна” гэж Б.Эрдэнэбилэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Буян төв доор байрлах “Голд Блүймен” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 6.255.600 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
“Чех улсад сургуульд суулгаж өгнө, хэлний бэлтгэлд явуулна” гэж Б.Хонгорзулыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Буян төв доор байрлах “Голд Блүймен” гэх газарт 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 6.147.198 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
“Чех улсад сургуульд суулгаж өгнө, хэлний бэлтгэлд явуулна” гэж Б.Төгсбуяныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Буян төв доор байрлах “Голд Блүймен” гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 12.820.997 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
“Чех улсад сургуульд суулгаж өгнө, хэлний бэлтгэлд явуулна” гэж Э.Нарантуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Буян төв доор байрлах “Голд Блүймен” гэх газарт 2018 оны 07 дугаар сард нийт 2.350.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
“Чех улс руу хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж” өгнө гэж иргэн Г.Батдэлгэрийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Буян төв доор байрлах “Голд Блүймен” гэх газарт 2018 оны 4 сараас 2019 оны 3 сарын хооронд нийт 8.245.000 төгрөгийг данс болон бэлнээр авч залилсан нийт 9 удаагийн үйлдлээр бусдад 96,334,779 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 773 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг улсын яллагч, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс судлахгүй гэсэн болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогчийн өгсөн мэдүүлэг, тайлбарт үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдсон байдлаар шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч шүүхэд шинээр 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар гарган өгч, шинээр санал, хүсэлт байхгүй, гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно гэсэн болно.
Шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ж.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугийн асуудал дээр маргахгүй, шүүх хуралдаанд шинжлэн судлах зүйл байхгүй. Хохирол төлбөр төлөөгүй байгаа. Би бүх хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах болно.Олон хүн хохироосондоо гэмшиж байна.Хохирогч нарыг танина, найз нөхөд, хамаатнууд байгаа.Авсан мөнгөө компани байгуулаад сургалтын байрны зардал, багш нарын цалинд зарцуулсан...” гэв.
Эцсийн үгэндээ: “...Гэмшиж байна. Хохирлоо хурдан хугацаанд барагдуулна...” гэв.
Хохирогч А.Өлзийдэлгэр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...10.600.000 төгрөг нэхэмжилж байна. 10.100.000 төгрөг дээрээ хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлснээ нэмээд 10.600.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нь алга болохоосоо өмнө над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Бид найз нөхөд болсон. Би эхнэртэйгээ материал бүрдүүлээд өгсөн. Би төрийн албан хаагч ааваараа зээл авхуулаад өөрөө цалингийн зээл аваад өгсөн. Анхнаасаа ингэх байсан бол хэлэхгүй байсан юм бэ гэж хэлмээр байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч О.Батбулаг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Голомт банкны посс машин байгаа. Гуанз ажиллуулна гээд Сүхтөр, Бээжин хоёрыг ажиллуулсан. 16.948.000 төгрөг нэхэмжилж байна. Цагдаа надад хэлэхдээ посс машины талаар шүүх дээрээ нэхэмжлээрэй гэж хэлсэн. Би посс машинаа Ж.Ад өгсөн. Би посс машиныхаа үнийг нэхэмжилж байна. Түүний зах зээлийн ханш нь 800.000 төгрөг байх. Мэдүүлэг авч байгаа байцаагч надад хэлэхдээ чи шүүх хурал дээрээ нэхэмжлээрэй гэж хэлсэн. Энэ хүн анхнаасаа хулхидаж байсан байна. Түүний явуулах гэж байгаа гэсэн нь худлаа байсан байх. Түүний эхнэрийнхэн найз болох Мөнх-Од гэдэг хүн байгаа. Түүний эхнэр нь ойр ойрхон төрсөн. Би түүний эхнэрийг нь Дарханд байна гэх сургийг сонсоод 7 хоногийн хугацаанд явж байж олж авсан. Би цагдаад хэлэхэд бид нар очоод барьж авах эрх зүйн орчин байхгүй гэж хэлсэн. Би хохирлоо барагдуулмаар байна...” гэв.
Хохирогч Э.Нарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай охин Бэрцэцэг нь 2017 оны хавар танилцаад 2018 онд охинтой болсон. Манай охин анхнаасаа мэдээд чи яагаад миний эргэн тойрны хүмүүсийг залилаад яваад байна гэж хэлээд энэ хоёр хоёулаа муудалцсан байдаг. Миний охиныг түрээсийн байранд хаяад явсан байдаг. Манай бага хүүхдийг Чехэд визэнд оруулсан. Ээжийгээ үхсэн болгож манай охинтой амьдрал зохиосон. Миний охины амьдралд хар толбо үлдээсэн. Би өөрөө нэр өгдөг хүн гээд нэр өгсөн. Энэ хүнийг эрч хайгаад хэцүү байсан. Би гомдолтой байна. 2.350.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Амьд байгаа эхийгээ хүртэл үхсэн гэж хэлсэн байдаг...” гэв.
Хохирогч Б.Эрдэнэбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирлоо барагдуулж авмаар байна. 6.255.600 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Надад авсан зүйл байхгүй. Гомдол санал гээд байх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би Ж.Алтанбаганын багийн найз...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Өлзийдэлгэрийн “...Ж.А нь анх манай эхнэр Долгормаагийн хамаатны хүн болох Бэрцэцэг гэгчтэй гэр бүл болоод надтай танилцаж байсан. Тэгээд Ж.А нь Чех улс руу виз гаргаж байгаа гээд эхнэр бид хоёрыг гарах уу гэж санал тавиад бид хоёр зөвшөөрсөн. Ж.А хэлэхдээ 6 сар хөөцөлдөх ажлыг 3 сарын дотор амжуулж өгнө гэж хэлсэн. Бид хоёр эхний мөнгөө 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БГД-ийн 20 дугаар хороо39-р байрны урд байрлах АТМ-ээс 5,800,000 төгрөгийг аваад тэндээ Ж.Ад бэлнээр өгсөн. Үүний дараа Ж.А бичиг баримт хөөцөлдөж байгаа хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ж.А үлдэгдэл мөнгө болох 1,600 евро буюу Монгол мөнгөөр 4,800,000 төгрөгийг ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын зүүн талын талбай дээр Ж.Атай уулзаад бэлнээр 1,600 евро өгсөн бөгөөд Ж.А хариугаа ирэхийг хүлээж бай гэж хэлдэг ба 7 хоногт 2 удаа багшийн дээдийн буудлын хойно байрлах Буянт төвд Чех хэлний хичээл ордог байсан. Мөн Ж.А бид нараар ажлын гэрээн дээр гарын үсэг зуруулаад Чех улс руу явуулна гэсэн. Үүнээс хойш Ж.А хариу мэдэгдэл ирнэ гэж байсан бөгөөд 2019 оны 03 сарын 04-ний өдөр Чехийн элчин гээд “Таны материал хүлээлэгт байна” гэсэн утгатай Чех улсын бичгээр мэдэгдэл ирсэн. Үүнээс хойш удаачгүй Алтанбаганыг худал хэлж байгааг эхнэр Бэрцэцэгээс мэдсэн. Үүнийг мэдээд Ж.А-тай холбогдоход үнэн материал бол асуудалгүй гарна гэж хэлсэн. Тэгээд уулзъя гэтэл утас салгаад алга болсон...мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн Хаан банкны 5721463317 дугаарын данснаас тухайн үед Чех улсын визэнд орох гээд цусны болон цээжний шинжилгээнд хамрагдах ёстой гээд шинжилгээ өгөөд тухайн үед нэг шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан гээд надаас уг хариуг аргалуулах гэсэн юм аа гээд 5077761394 дугаарын Мөнхзул гэгчийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр бэлнээр 10.600.000 төгрөг дансаар 500.000 төгрөг нийт 11.100.000 төгрөгийн хохирол болсон. Над руу хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан алга болохоосоо өмнө над руу маргааш нь үлдэгдлийг нь өгнө гэж хэлээд миний данс руу 1.000.000 төгрөгийг тухайн үед барагдуулж байсан. Тиймээс одоо надад 10.100.000 төгрөгийн хохирол үлдээд байна...” гэх мэдүүлэг /хх-н 1-р хавтас 14-15, 78-р тал/,
Хохирогч Т.Сүхтөрийн “...2019 оны 09 дүгээр сард байхаа миний төрсөн эгч Мөнхмандах нь Улаанбаатар хотод миний аав Төмөрсүхийн төрсөн дүү Жаргалсайханы төрсөн хүүхэд болох Ж.А гэгч тааралдахад Чех улс руу ажилчин гаргаж байгаа та хэд тэрэнд бүртгүүлээд очиж ажил хийх юм уу гэсэн. Тэгээд энэ талаар манай эгч надтай яриад Ж.А нь Чех улс руу ажилчин авч явна гэж байна гэж хэлсэн тэгээд би өөрийн биеэр Ж.А-тай уулзахад Чех Англи хэлний сургалтыг Ж.А нь өөрөө заана гэсэн мөн тухайн үед төлбөрийн талаар ямар ч байсан нэг хүний 6-7 сая төгрөг болно шүү гэж ярьж байсан. Тэгээд би эхнэр эхнэр Бээжингийн хамт Чех улс руу явахаар болоод хоорондоо ярилцаж байгаад Ж.А гэгч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд Глобал интернейшнл гэсэн нэртэй сургалтын газарт сургалтад эхнэрийн хамт сууж байсан. Тухайн үед замын зардал 1 хүний 3,5 сая сургалтын төлбөр, мөн Чех улсад очоод ажиллах гэрээний мөнгө гэх зэргээр маш олон шалтаг шалтгааныг хэлээд мөнгө авдаг байсан. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 5 сая төгрөгийг, Хаан банкны 5077161394 дугаартай Мөнхзул гэх хүний данс руу шилжүүлсэн. Тухайн үед би өөрийн хадам ээжийн 5068010786 дугаарын данснаас 3,000,000 төгрөг болон өөрийн төрсөн ах Сүхдаваагийн Хаан банкны 5035202536 дугаарын данснаас 2,000,000 төгрөгийг, 2019 оны 12 сарын 09-ний өдрөөс хойш 2020 оны 02 сарын 07-ны өдөр хүртэл миний өөрийн хаан банкны 5065160065 дугаарын данс, эхнэр А.Бээжингийн 5088058522 дугаарын данснаас бага багаар Мөнхзул гэгчийн Хаан банкны 5077161394 дугаарын данс руу мөнгө шилжүүлсээр байгаад нийт 12,980,000 төгрөгийг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 1-р хавтас 222-223-р тал/,
Хохирогч О.Батбулагийн “...2019 оны намар Ж.А нь Нарантуул2 худалдааны төв дээр явж байгаад манай ээж Ц.Отгондаваатай санамсаргүй таарч ойр зуурын юм яриад өнгөрсөн. Хэд хоногийн дараа манай хадам ээжтэй Ж.А утсаар холбогдоод манай гэрт ирээд “Чех улс руу ажлын гэрээгээр Глобал болон Мегас компанитай хамтраад 40 хүн гаргах боломжтой тэрнээс 10 хүнийг нь ойр дотны хүмүүсээс гаргамаар байна” гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжид 1 хүн 500.000 төгрөг төлөх ёстой мөн 150.000 төгрөгөөр сургалтад суух ёстой гэж хэлэхээр нь 2 хоногийн дараа сая төгрөг манай компанийн санхүүгийн алба Мөнхзул гэх хүний данс руу хийчих гээд 5077161394 гэх данс өгөхөөр нь мөнгөө шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүрэг 5 шард 4 давхар оффист манай эхнэр Мөнхмандах дүү Төмөрсүх, түүний эхнэр Бээжин бид 4 сургалтад сууж Ж.А өөрөө сургалт орсон. Тэгээд эхний ээлж явж байгаа та нар араас нь удахгүй явна тийм учраас замын зардал болох 1000 еврогоо өгөө гэж хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 3.000.000 төгрөгийг дансаар өгсөн. Тэгээд үргэлжлүүлэн хуваагаад өгсөөр байгаад нийтдээ дансаар 16.288.400 төгрөг Мөнхзул гэх хүний данс руу бэлнээр 1.200.000 төгрөг Ж.Ад өөрт нь өгсөн. Миний бие өөрийн данс болон эхнэр Мөнхмандахын үеэл багаасаа Чех улсад амьдарсан болохоор нь итгээд мөнгөө өгсөн. Өөрийгөө Монголд 2019 оны 04 сард ирсэн гэж хэлээд Глобал Блүүмэн ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн нэртэй тамгатай бичиг байсан. Тэр бичиг дээрээ гарын үсэг зуруулаад буцаагаад Чех улс руу явуулна гээд эргүүлэн авсан...миний эзэмшлийн хаан банкны 5006939118 дугаарын данснаас нийт 12 удаагийн гүйлгээгээр 15.748.400 төгрөгийг, эхнэр Т.Мөнхмандахын Хаан банкны 5065239185 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 540.000 төгрөг дансаар нийт 13 удаагийн гүйлгээгээр 16,288,400 төгрөгийг бэлнээр 1.200.000 төгрөгийг өгч надад нийт 17,488,400 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 21-22-р тал/,
Хохирогч Б.Зэлтэрийн “...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Багшийн дээдийн Буянт төвийн “Голд блүүмэн” ХХК-ийн Чех хэлний сургалтын төвд 45 хоногийн сургалтын мөнгө гэж 150.000 төгрөг өгөөд сургалтад суусан. Сургалтад сууж байх үедээ “Голд блүүмэн” ХХК-н захирал Ж.А гэх залуу Чех улс руу хөдөлмөрийн гэрээгээр хүн явуулж байгаа гэсэн. Барьцаа хөрөнгө гэж надаас болон эхнэр Р.Өнөрцэцэг бид хоёроос 400 евро буюу 1.200.000 төгрөг авсан. Дараа нь орчуулгын мөнгө гэж 120.000 төгрөг гэх мэт авсаар нийт 19.970.000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 2-р хавтас 141-142-р тал/,
Хохирогч Б.Эрдэнэбилэгийн “...Ж.А Чех улсын визэнд оруулж өгнө гэсний дагуу уулзаж нийт 6.500.000 төгрөг өгсөн. Анх 2018 оны 11 сарын 19-ний өдөр 2.970.000 төгрөг өөрийнх нь дансанд хийсэн, 2019 оны 01 сарын 16-нд найман шарга захаас 2.440.000 төгрөгөөр 800 евро аваад гэрт нь аваачиж өгсөн. 2019 оны 03 сарын 11-ний өдөр надад Чехийн элчин сайдын газраас гэсэн толгойтой и мэйл ирсэн. И-мэйл ирснээс хойш 10 минутын дараа Ж.А над руу залгаад и-мэйл ирсэн үү? ирсэн бол Оросын билет захиалах гээд байна урьдчилсан захиалгын мөнгө гэж 514.000 төгрөг өөрийн хаан банкны 5447250195 гэсэн данс руу хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 2-р хавтас 148-149, 183-р тал/,
Хохирогч Б.Хонгорзулын “...2018 оны 09 сарын 01-ний өдөр Чех хэлний сургалт явуулж байна гэх зарын дагуу очиж уулзаад маргаашаас нь эхлээд Буян төв дээр сургалтад суусан...11 сард сургууль бүтэхгүй юм байна ажлын гэрээгээр гарах боломж байна 1800 евро гээд урьдчилгаа 1000 еврог авна гэсэн тэгээд 12 сарын эхээр гэрээ нь ирсэн гээд үлдсэн 800 еврог авна гэсэн. Тэрний дараа эрүүл мэндийн шинжилгээний бичиг авна гээд 100.000 төгрөг, гадаад паспорт, эрүүл мэндийн бичиг гурвыг орчуулгад өгнө гэж 100.000 төгрөг, элчинд орохын тулд баталгаа хэрэгтэй гээд 514.000 төгрөг нийт 6.000.000 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 2-р хавтас 151-152, 185-р тал/,
Хохирогч Б.Төгсбуянгийн “...утас руу нь холбогдож уулзахад хэлний бэлтгэлд явуулаад хөдөлмөрийн гэрээгээр найдвартай гаргана манай аав ээж Чехэд амьдардаг 14-15 жил хүн зөөж байгаад би одоо ажлыг нь үргэлжлүүлж байгаа манай дүү бас Чехэд амьдарч байгаа эхний ээлжийн хүмүүс гараад явчихсан байгаа дараагийн ээлжийн хүмүүс бас явж байгаа чи 3-р ээлжинд багтаж байгаа шүү гэж хэлсэн тэгээд 1.000 евро эхлээд 800 еврог одоо өгнө 200 еврог Чехэд очоод ажлаа хийж байгаад өгнө гэсэн тэгээд хэлний бэлтгэлийн үеэр ажлын гэрээ нь ирээд гарын үсэг зуруулаад эргүүлээд Чех рүү явуулна урьдчилгаа мөнгө өг гээд би нөхөр Баттөмөр овогтой Есүхэйгийн хамт 1.600 евро өгөхөөр болоод бид хоёрт нийт 1.100 евро байсан болохоор нь энэ тухай хэлэхэд 500 еврог нь байгууллагаас гаргаж өгсөн гэсэн бичиг хийж надад өгөөд 1.100 еврог өгсөн... Чехэд очоод тухайн компанид мэргэжлийн үнэмлэх шаардана гээд 250.000 төгрөгөөр Дархан уул аймаг Дархан өргөө сургууль гэсэн надад “Механизмын оператор" манай нөхөрт “Гагнуурчин” гэсэн үнэмлэх гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 2-р хавтас 154-156, 186-р тал/
Хохирогч Э.Нарантуяагийн “... манай бага хүү Лувсанхишиг сургууль төгслөө гээд манай хүргэн Ж.А дүүгээ Чех улс руу явуулъя манай найз тэнд сургууль төгссөн надтай найз байгаа юм таныг танилцуулаад өгье гэж хэлээд Цоомоо буюу Цолмонтой 2018 оны 07 дугаар сарын эхээр танилцуулсан уулзаад ярилцахад “Би өөрөө тэнд сургуульд 5 жил сурсан Прага-6 д байдаг Хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль байгаа олон улсын оюутны хэлний бэлтгэлтэй цаашаа 4 жил үнэгүй сурдаг 800.000 праг-н стфент авдаг ийм материалууд ордог жагсаалт бичүүлж хэлж өгсөн эхний ээлжинд 821 евро Монгол мөнгөөр 2.350.000 төгрөг тэр нь байрны мөнгө, Урилганы мөнгө байгаа юм” гэсний дагуу 2018 оны 07 дугаар сарын сүүлээр дансаар нь өгөх гэсэн чинь Еврогоор авна гэсэн тэгээд би бэлэн мөнгө авч очоод 8 шарга зах дээр очиж солиулаад орой 18 цаг болох гээд яараад байна гээд Банк хаачихлаа хаалгаа барьчихсан манай эхнэр дотор байгаа гэж хэлээд яруулаад еврог бэлнээр аваад орсон тэгээд удалгүй эхнэртэйгээ хамт Чех рүү шилжүүлчихлээ маргааш тань руу утсаар хуулгыг нь явуулъя гэсэн одоо ингээд боллоо одоо хариу ирэхийг хүлээгээд байж бай гэсэн...байрны барьцаанд 600 евро, элчингийн цаг авахад 30 евро, Чех-д сургууль хөөцөлдөж байгаа хүндээ 170 евро, 21 евро сургуулийн бүртгэлийн хураамж гэж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 2-р хавтас 191-р тал/,
Хохирогч Г.Батдэлгэрийн "... 2018 оны 03 дугаар сард Алтанбаганыг Чех улс руу гаргадаг юм байна гэж манай ээжийн дүү хэлсэн. Тэгэхээр нь би тухайн сардаа анх удаа Ж.А-тай очиж уулзан яаж Чех рүү гарах талаар мэдээлэл авч, явахаар шийдээд хэлний сургалтад суухаар болсон... 2018 оны 04 дүгээр сараас 2019 онуудад анх Монгол мөнгөөр нь тухайн үеийн ханшаар 500 евро өгсөн, мөнгийг нь солиулаад өгөх гэтэл өөрөө солиод авчихна гэсэн. Тэгээд би доод тал нь тухайн үеийн ханшаар монгол мөнгөөр 500.000-1.000.000 төгрөгийг цувуулан 3-4 удаа тасалж өгсөн, би тухайн үед дандаа бэлнээр өгсөн, намайг бэлнээр аваад ир гэдэг байсан. Хамаатны охинтой суусан учраас би итгээд өгөөд байсан. 2019 оны 03 сард намайг 1000 мянган евро олж байгаарай удахгүй визэнд оруулна гэж байсан, тэгээд би тухайн үеийн ханшаар монгол мөнгөөр 1000 евро бэлдээд Ж.А-тай ярихад би байгаа газар чинь яваад очно, аль болох хямдхан солиулна гэсэн. Тэгээд надаас мөнгийг Тэнгисийн орчимд авч байсан. Тэгээд намайг визэнд орох хэрэггүй, виз чинь гарсан гээд нэг бичиг авч ирж өгсөн, виз гарсан гээд бичиг авч ирж өгснөөс хойш газраар явах болсон гэж ярьсан, тэгээд худлаа юм яриад сар гаран алга болсон сүүлдээ гар утсаа авахгүй байсан...би ихэнх мөнгөө бэлнээр өгсөн. Дансаар ганц нэг мөнгө өгсөн яг хэзээ өгснөө санахгүй байна, би хуулга аваад өгнө. Хажууд хүн байгаагүй, бид 2 л байсан. Манай эхнэр болон хамаатнууд, хамт Чех явна гэсэн хүмүүс мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 2-р хавтас 224-226, 228-р тал/
Хохирогч А.Өлзийдэлгэрийн эзэмшлийн Хаан банкны 5721463317 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 224-226, 228-р тал/,
Хохирогч Т.Сүхтөрийн эзэмшлийн Хаан банкны 5065160065 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 230-232-р тал/,
Гэрч А.Бээжингийн эзэмшлийн Хаан банкны 5088058522 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 233-235-р тал/,
Хохирогч Т.Сүхтөрийн гаргаж өгсөн Т.Сүхдаваагийн эзэмшлийн Хаан банкны 5035202536 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 236-р тал/,
Хохирогч Т.Сүхтөрийн гаргаж өгсөн Г.Отгонбаярын эзэмшлийн Хаан банкны 5068010786 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 237-р тал/,
Гэрч Т.Мөнхмандахын эзэмшлийн Хаан банкны 5065239185 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 49-р тал/,
Гэрч Ц.Мөнхзулын эзэмшлийн Хаан банкны 5077161394 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,
Хохирогч О.Батбулагийн эзэмшлийн Хаан банкны 5006939118 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 7-17-р тал/,
Хохирогч Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Хаан банкны 5006939118 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 103-104-р тал/,
Хохирогч Б.Хонгорзулын гаргаж өгсөн С.Алимаагийн эзэмшлийн Хаан банкны 5068010786 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 99-100-р хуудас/ Яллагдагч Ж.А-ын эзэмшлийн Хаан банкны 5447250195 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 35-45-р тал/,
Шүүгдэгч Ж.А-ын эзэмшлийн Хаан банкны 5925296354 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 46-р тал/,
Шүүгдэгч Ж.А-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 248/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 20/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.А /РД:УМ90041939/ нь 2018 оны 04 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд “Чех улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан нийт 9 удаагийн үйлдлээр бусдад 96,334,779 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Өлзийдэлгэрийн мэдүүлэг /хх-н 1-р хавтас 14-15, 78-р тал/, хохирогч Т.Сүхтөрийн мэдүүлэг /хх-н 1-р хавтас 222-223-р тал/, хохирогч О.Батбулагийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 21-22-р тал/, хохирогч Б.Зэлтэрийн мэдүүлэг /хх-н 2-р хавтас 141-142-р тал/, хохирогч Б.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-н 2-р хавтас 148-149, 183-р тал/, хохирогч Б.Хонгорзулын мэдүүлэг /хх-н 2-р хавтас 151-152, 185-р тал/, хохирогч Б.Төгсбуянгийн мэдүүлэг /хх-н 2-р хавтас 154-156, 186-р тал/, хохирогч Э.Нарантуяагийн мэдүүлэг /хх-н 2-р хавтас 191-р тал/, хохирогч Г.Батдэлгэрийн мэдүүлэг /хх-н 2-р хавтас 224-226, 228-р тал/, хохирогч А.Өлзийдэлгэрийн эзэмшлийн Хаан банкны 5721463317 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 224-226, 228-р тал/, хохирогч Т.Сүхтөрийн эзэмшлийн Хаан банкны 5065160065 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 230-232-р тал/, гэрч А.Бээжингийн эзэмшлийн Хаан банкны 5088058522 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 233-235-р тал/, хохирогч Т.Сүхтөрийн гаргаж өгсөн Т.Сүхдаваагийн эзэмшлийн Хаан банкны 5035202536 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 236-р тал/, хохирогч Т.Сүхтөрийн гаргаж өгсөн Г.Отгонбаярын эзэмшлийн Хаан банкны 5068010786 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 1-р хавтас 237-р тал/, гэрч Т.Мөнхмандахын эзэмшлийн Хаан банкны 5065239185 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 49-р тал/, гэрч Ц.Мөнхзулын эзэмшлийн Хаан банкны 5077161394 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч О.Батбулагийн эзэмшлийн Хаан банкны 5006939118 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 7-17-р тал/, хохирогч Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Хаан банкны 5006939118 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 103-104-р тал/, хохирогч Б.Хонгорзулын гаргаж өгсөн С.Алимаагийн эзэмшлийн Хаан банкны 5068010786 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 99-100-р хуудас/ Яллагдагч Ж.А-ын эзэмшлийн Хаан банкны 5447250195 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 35-45-р тал/, шүүгдэгч Ж.А-ын эзэмшлийн Хаан банкны 5925296354 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 2-р хавтас 46-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч нартай хамаатан, садангууд болон багын найз болох нь тэдний тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Чех улс руу виз гаргаж өгнө гэх” нэрийдлээр хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон нь уг гэмт хэргийн шинжүүд бүрэн хангагдсан.
Шүүгдэгч Ж.А хохирогч нартай найз нөхөд, хамаатан садны харилцаагаа ашиглан бусдыг хуурч, залилсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт, харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, энэ зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилан нийт 9 хүнд 96,334,779 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй, одоогоор хохирол төлбөр төлөх боломжгүй зэрэг байдлуудыг харгалзан 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний гэм буруу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.А-с нийт 95.370.779 төгрөгийг гаргуулж хохирогч А.Өлзийдэлгэр /нг87091498, Төв аймаг зуун мод 2-р баг 4-7 тоотод оршин суух хаягтай/-т 9.607.584 төгрөг, Т.Сүхтөр /ух93071417, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 16-720 тоотод оршин суух хаягтай/-д 12.980.000 төгрөг, О.Батбулаг /ук91010831, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 16-720 тоотод оршин суух хаягтай/-т 16.984.400 төгрөг, Б.Зэлтэр /ха75092474, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун алтай өлгий 32-526 тоотод оршин суух хаягтай/-т 19.980.000 төгрөг, Б.Эрдэнэбилэг /уч90111313, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, эрчим хүч 2-30-28 тоотод оршин суух хаягтай/-т 6.255.600 төгрөг, Б.Хонгорзул /уи00262829, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо хувьсгалчид Г 1-1 тоотод оршин суух хаягтай/-д 6.147.198 төгрөг, Б.Төгсбуян /уп93050205, Дундговь аймгийн Сайнцагаан сум 6 дугаар хороо, Боржигон 7-13 тоотод оршин суух хаягтай/-д 12.820.997 төгрөг, Э.Нарантуяа /ню67070704, Төв аймгийн Зуун мод сум 5-р баг УАА-н 1а-Б тоотод оршин суух хаягтай/-д 2.350.000 төгрөг, Г.Батдэлгэр /нэ87032210, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлх 46-62/в тоотод оршин суух хаягтай/-т 8.245.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А нь хохирогч А.Өлзийдэлгэрт 1.000.000 төгрөгийг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулан залилан нийт 9 хүнд 96,334,779 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.А-с нийт 95.370.779 төгрөгийг гаргуулж хохирогч А.Өлзийдэлгэр /нг87091498, Төв аймаг зуун мод 2-р баг 4-7 тоотод оршин суух хаягтай/-т 9.607.584 төгрөг, Т.Сүхтөр /ух93071417, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 16-720 тоотод оршин суух хаягтай/-д 12.980.000 төгрөг, О.Батбулаг /ук91010831, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 16-720 тоотод оршин суух хаягтай/-т 16.984.400 төгрөг, Б.Зэлтэр /ха75092474, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун алтай өлгий 32-526 тоотод оршин суух хаягтай/-т 19.980.000 төгрөг, Б.Эрдэнэбилэг /уч90111313, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, эрчим хүч 2-30-28 тоотод оршин суух хаягтай/-т 6.255.600 төгрөг, Б.Хонгорзул /уи00262829, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо хувьсгалчид Г 1-1 тоотод оршин суух хаягтай/-д 6.147.198 төгрөг, Б.Төгсбуян /уп93050205, Дундговь аймгийн Сайнцагаан сум 6 дугаар хороо, Боржигон 7-13 тоотод оршин суух хаягтай/-д 12.820.997 төгрөг, Э.Нарантуяа /ню67070704, Төв аймгийн Зуун мод сум 5-р баг УАА-н 1а-Б тоотод оршин суух хаягтай/-д 2.350.000 төгрөг, Г.Батдэлгэр /нэ87032210, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлх 46-62/в тоотод оршин суух хаягтай/-т 8.245.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ