Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

  2022        02          11                                     2022/ШЦТ/118

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Н.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Н.М-т холбогдох эрүүгийн 2211 00000 0039 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архилогич мэргэжилтэй. Хувиараа Нарантуул худалдааны төвд цахилгаан бараа зардаг, ам бүл 2, ээжийн хамт            тоотод оршин суудаг, урьд:

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгийн торгох ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар сарын 09-ний өдрийн 676 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй,

  Н.М, / /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, Гандангийн уулзварын орчимд 26-31 УБП улсын дугаартай, "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан Ч.Долгормаагийн эрх, эрх чөлөөнд халдаж, зодон улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.М нь:

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, Гандангийн уулзварын орчимд 26-31 УБП улсын дугаартай, "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан Ч.Долгормаагийн эрх, эрх чөлөөнд халдаж, зодон улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ч.Долгормаагийн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шөнө 01 цаг өнгөрч байхад өөрийн 26-31 УБП улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр өөрийн охин Номин-Эрдэнийн хамтаар явж байтал 30 орчим насны эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь талхны мөнгө олох гээд суулгасан юм. Тухайн залуу нь согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан ба 25 дугаар эмийн сан явна гэж хэлсэн. Тэгээд явж байтал уг залуугийн гар утас нь дуугараад ээж нь бололтой эмэгтэй хүнтэй ярьж байгаад ээж нь таксиныхаа жолоочид өгөөд яриулчих гэж хэлсэн ба надад гар утсаа өгөхөөр нь би ээжтэй нь ярьсан...уг эгчид нэлээн согтуу байна гэж хэлсэн чинь ард сууж байгаад миний зүүн талын чих рүү гараараа нэг удаа цохихоор нь би машинаа зогсоогоод “чи яаж байгаа юм бэ” гэтэл хаалга нээгээд “пизда, ал минь яах гээд байнаа” гээд буугаад ирэхээр нь би машинаас буутал зугтахаар нь араас нь гүйж байгаад бариад автал миний үснээс татаж унагаагаад газар 10 орчим метр чирээд толгой руу 2, 3 удаа өшиглөхөөр нь манай охин “та манай ээжийг аллаа шүү дээ” гэж хэлсэн чинь охиныг маань зодох гээд хөөсөн. Би ард байсан машины жолоочийг энэ залууг бариад аваарай, намайг зодчихсон, бид хоёр алдах гээд байна гэж хэлтэл уг машинаас 2 залуу бууж ирээд нөгөө залууг бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Номин-Эрдэнийн “...ард сууж байсан нөгөө согтуу ах ээжийн нүүр лүү гараараа нэг удаа цохиод машинаас буучихсан. Тэгэхээр нь ээж араас нь буугаад бариад авсан чинь Гандангийн уулзварын гарцны хажууд ээжийг газар чирээд нүүр лүү нь 2 удаа өшиглөхөөр нь би нөгөө ахын куртикнээс нь татаад болиоч гээд зуураад автал намайг цохих гэхээр нь би зугтчихсан. Тэгээд ээж нөгөө ахыг зугтаах гэхээр нь араас нь очтол ээжийг дахиад газар чирээд цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 507 дугаартай “...Ч.Долгормаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, эрүү, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р тал/,

Шүүгдэгч Н.М-ын “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35 дугаар тал/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61 дүгээр тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, Гандангийн уулзварын орчимд 26-31 УБП улсын дугаартай, "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан Ч.Долгормаагийн эрх, эрх чөлөөнд халдаж, зодон улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.М нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Н.М нь хохирогч Ч.Долгормаагийн эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ