Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2020/0006/З |
Дугаар | 159/ШШ2020/0014 |
Огноо | 2020-04-24 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 159/ШШ2020/0014
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж хавсралтын 16 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат иргэн ******* би 2008 оноос эхэлж хүнсний ногоо тариалж, түүний орлогоор амьдарч ирсэн. Улмаар 2016 оноос Сэлэнгэ аймгийн Сант сумын ******* багийн нутаг Зэгстэй гэх газраас төмс хүнсний ногооны 8 га газрыг өнөөдрийг хүртэл зохих журмын дагуу ашиглаж байна. Гэтэл Сант сумын Засаг дарга ******* нь 2019 оны 11 сарын 06-ны өдрийн А/126 тоот захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг цуцалжээ. Энэ эрх цуцалсан шийдвэрээ 2020 оны 3 сарын 26-ны өдөр Сант сумын Засаг даргын Тамгын газрын байранд газрын даамал Ц.Батсайхан намайг дуудан ирүүлж гардуулж өгсөн.
Сант сумын Засаг дарга ******* энэхүү шийдвэрээ хуулийг буруу хэрэглэж гаргасан, баялаг бүтээгчдийг хааж боох арга хэлбэрээр гаргасан байна гэж үзэж байна. Одоо буруу гэх үндэслэлээ тайлбарлая.
1.Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны сэа-07/24-на тоот албан шаардлага нь зөрчлийг арилгуулах тухай гэж гарсан. Тариаланч өрх гэсэн тодорхойлолт нэгж талбарын хувийн хэрэгт байгаагүй нь иргэн бидний буруу биш. Үүнийг тухайн үед бүрдүүлж авсан төрийн түшмэл газрын даамлын алдаа юм. Иймд энэхүү тодорхойлолтыг шалгаж үзэх, нягтлах ажиллагааг хийгээгүй нь тариаланч бидний эрхийг шууд зөрчсөн.
2.Төрийн аудитын зөрчилд дурдагдсан 22 иргэний 5 нь өөр аймаг, сумын харьяат иргэд юм. Иймээс биднийг хавчиж байж газрыг маань авах гэсэн далд санаа үйлчилж байгаа.
3.2018 онд сумын Засаг дарга ******* миний энэ 8 га газрыг хурааж, түүнийгээ өөрөө авах гэсэн үйлдэл нь 3 шатны шүүхээр дамжиж байж, дээд шүүх миний эрхийг хангасан түүх байдаг.
4.Аудитын шаардлагад дурдагдсан 22 иргэний бүх газрыг хураан авсан нь эргэлзээтэй. Энэхүү 22 иргэний 15 нь өнөөдөр ногоо тариалдаггүй, зарим нь газраа хүнд шилжүүлчихсэн, зарим нь өөр аймагт байгаа иргэд байгаа юм. Эндээс энэ захирамж 5-6 хүнд л үйлчлэх магадлал маш өндөр байгаа. Энэ хэдэн үндэслэл байгаа тул баялаг бүтээж, өөрсдийгөө болгодог ногоочин бидэнд хүндрэлтэй тусч байгаа ба удахгүй тариалалт болох цаг хугацаагаар хорлосон үйл ажиллагаа гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны А/126 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 оны 06-ны өдрийн А/126 дугаартай захирамжийн хавсралт 2-ын 16 дахь заалтыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. Иймд:
1.Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат ******* газар эзэмших эрхийг цуцалсан тухай сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж нь газар эзэмших эрхийг цуцлах заалтыг буруу хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
2.Иргэн ******* нь газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар жил бүр газар эзэмших гэрээгээ дүгнүүлдэггүй, Тариалангийн тухай хуулийн 20.2.6-д зааснаар сумын Засаг даргад ургацын мэдээ, талбай ашиглалтын талаарх мэдээ тайланг өгдөггүй, суманд үйл ажиллагаа явуулсны орлогын албан татвар төлдөггүй мөн аймаг, сум орон нутгийн томоохон тэмдэглэлт ой, сумын онцгой нөхцлийн үед сумаас санал болгосон нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилладаггүй зэрэг зөрчил дутагдлууд гаргасан учир эдгээр зөрчил дутагдлыг арилгахыг сануулж байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж хавсралтын 16 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамжийн хавсралт 2-ын 16 дахь заалтаар нэхэмжлэгч ******* 8 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Сант сумын Засаг дарга нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж хавсралтын 16 дахь заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР