Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1897

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01887 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн, НШГАнд холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 дугаар тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2258 дугаар шийдвэрээр 38 516 937 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж, “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 40 тоот, 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.

Шийдвэр гүйцэтгэгч П.У нь 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 тоот эд хөрөнгийг хураах тухай тогтоол үйлдэн хууль бусаар хураан авсан тул НШГАны 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгийг хураан авахдаа амралтын өдөр буюу ажлын бус өдрөөр эд хөрөнгийг хураан авч тогтоол үйлдсэн тул дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2258 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 945 дугаар магадлалаар “С” ХХК-иас 38 516 937 төгрөгийг гаргуулж, “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5159 дүгээр албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.

Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч “С” ХХК-ийн захирал Ц.Цэрэндашид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0055839 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх мэдэгдлийг гардуулан өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/63, А/55 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0055839 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хураасан.

Төлбөр төлөгч “С” ХХК-ийн захирал Ц.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/63, А/55 дугаар тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан хуулийг тайлбарласан ба үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэрээр ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Түүний орон сууцыг хураахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулан баримтжуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-ийн НШГАнд холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 дугаар тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НШГАнаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус албаны шийдвэр гүйцэтгэгч П.У нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 40 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг амралтын өдөр буюу ажлын бус цагаар хураан авсан.

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч НШГАнд холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 дугаар тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2258 дугаар шийдвэрээр “С” ХХК-иас 38 516 937.6 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба энэ шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч буюу С ХХК сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны 40 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилж, мөн оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 тоот тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-41, 42, 48 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь дээрх 153/02 тоот тогтоолоор хийгдсэн ажиллагаанд гомдол гаргаж, үндэслэлээ “... эд хөрөнгийг хураан авахдаа амралтын өдөр буюу ажлын бус өдрөөр хураан авч, тогтоол үйлдсэн ...” гэж тайлбарлах ба мөн энэ үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажлын бус өдөр явуулах шаардлагатай бол ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч, ажиллагаа явуулсан тэмдэглэлд энэ тухай тусгах журамтай.

НШГАны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Даваасүрэн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэгт 2017 оны 4 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон баримт хэрэгт авагджээ. /хх-49 дугаар тал/

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэг нь дээрх зөвшөөрлийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 153/02 дугаар тогтоолоор Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 60 дугаар байрны 40 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хураан, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасантай нийцсэн ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                               

                          ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                     Ч.ЦЭНД