Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

  2022        02          21                                     2022/ШЦТ/154

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч О.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эд холбогдох эрүүгийн 2211 00000 0174 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт,

 оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

  О.Э / /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны 50-01 тоотод Х.Дөлгөөнмөрөнтэй маргалдан улмаар толгойн тус газарт нь шанагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Э нь:

2021 оны 12 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны 50-01 тоотод Х.Дөлгөөнмөрөнтэй маргалдан улмаар толгойн тус газарт нь шанагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Х.Дөлгөөнмөрөнгийн “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр Солонгын төрсөн өдөр байсан ба эхнэрийн найзууд болох Тэргэл, Соёлмаа, Учрал, Халиунаа, мөн нэрийг нь мэдэхгүй Соёлмаагийн нөхөр, Учралын нөхөр гэх хоёр залуу, манай найзууд болох Мөнхсүх, Дамдинринчин, Мягмардорж, Энхжин нар нийлж хүүхдийн 100-д байрлах “Simple” гэх нэртэй лоунжид орж хүн бүр 1 шилтэй пиво уугаад дундаа 0.75 литр хэмжээтэй виски уугаад тэр газраас гарахаар болж би тооцоог нь хийгээд дараагийн газарт та нар тооцоо хийгээрэй гэж эхнэрийн найзуудад хэлээд тэр газраас гарч ойролцоо байх караоке орж 0.75 литр хэмжээтэй виски, хүн бүр 1 шилтэй пиво ууцгаан дуулсан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад эхнэр бид 2 явахаар болоод тухайн газраас гарч Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Цагаан байр 50-01 тоот гэртээ найз Мөнхсүхийг авчирч ирсэн. Гэр лүү орохын өмнө эхнэрийн найз Тэргэл гэх залуу манай эхнэр лүү залгаад тооцооноос зугтаалаа гээд загнаад байхаар нь би утсыг нь аваад найз нь эхний тооцоог нь хийсэн шүү дээ гэхэд чи миний найз, надтай ингэж ярих болоогүй, гэрийг чинь мэднэ шүү гээд үг хаяж хэрүүл өдөхөөр нь би чи манайд ирж яах гэж байгаа юм, намайг зодох юм уу, манай гэрийнхнийг зодох юм уу?, гээд утсаа тасалсан. ...манайд ирээд хэрэлдэж маргалдаж зодоон болсон... О.Э нь манай гэрийн шанагаар намайг газар унасан хойгуур миний нүүрэн тус газар болон толгойн оройн хэсэгт нийтдээ 2-3 удаа цохиж гэмтэл шарх учруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,

Гэрч Л.Мөнхсүхийн “...нийтдээ 7-8 хүмүүс байсан. Тэд нар нэлээн согтуу орилж чарлаад байсан, баарны тооцооноос болоод хэрүүл маргаан үүсгэж байсан юм. Эхлээд Тэргэл гэгч нь Х.Дөлгөөнмөрөнг толгойн арын дагз хэсэгт нь гараараа нэг удаа алгадаж аваад гараад яваад өгсөн. Түүний дараагаар нь Очко, Алдараа 2 нь бас зууралдаад байхаар нь би салгасан. Тэгтэл О.Э гэгч нь гэрийн 1 литрийн усны шанагаар Х.Дөлгөөнмөрөнг нүүрэн тус газарт нь болон толгойн хэсэгт нь 2-3 удаа цохиж авсан. Тэгээд толгойн оройн хэсгээс нь нэлээн их цус гарч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Гэрч Э.Солонгын “...Оч-Эрдэнэ нь манай нөхөртэй барьцалдаж авсныг нь харсан, сүртэй зодолдсон зүйл байхгүй байсан. Харин О.Э нь нөхрөө өмөөрч шанагаар нөхөр Дөлгөөнмөрөнгийн нүүр болон толгой руу нь 2-3 удаа цохиж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1034 дугаартай “...Х.Дөлгөөнмөрөнгийн биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, зовхины дотор булан, зүүн доод зовхи, дух, цээж, баруун мөрөнд цус хуралт, баруун завжинд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагүй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 55/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 60-61/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны 50-01 тоотод Х.Дөлгөөнмөрөнтэй маргалдан улмаар толгойн тус газарт нь шанагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Х.Дөлгөөнмөрөн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ