Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

 

  2022        02          24                                     2022/ШЦТ/173

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Р.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Р.Г-т холбогдох эрүүгийн 2211 00000 0294 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа              тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

  Р.Г, регистрийн дугаар / /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын эцсийн буудлын Хүнсний дэлгүүрийн гадна Ц.Мөнхбаттай маргалдан улмаар түүний толгой руу гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, дух, зулай, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Г нь:

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын эцсийн буудлын Хүнсний дэлгүүрийн гадна Ц.Мөнхбаттай маргалдан улмаар түүний толгой руу гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, дух, зулай, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Р.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ц.Мөнхбатын “...би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед төрсөн дүүгийнхээ гэрт нь хамт 0.5 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архи хувааж уучхаад 18 цаг өнгөрч байх үед гэр лүү харихаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны автобусны эцсийн буудал дээр явж байх үедээ хүнсний дэлгүүр орж юм худалдаж авахаар нэрийг нь санахгүй байна дэлгүүр лүү ороод байж байтал 50-55 насны хар өнгийн малгайтай цэнхэр өнгийн масктай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүн над дээр хүрч ирээд архины мөнгө байвал өгчхөөч гэхээр нь надад тийм мөнгө байхгүй гэж хэлтэл нөгөө хүн над руу уурлаад чамд яахаараа мөнгө байдаггүй юм гэж хэлээд миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод би толгойгоо дараад доош болтол дэлгүүрийн худалдагч эмэгтэй тэр хүнийг дэлгүүрээсээ хөөж гаргаад удалгүй би дэлгүүрээс гартал нөгөө хүн дэлгүүрийн гадаа намайг хүлээж зогсож байгаад чи яагаад миний өөдөөс үг сөрөөд байгаа юм бэ? гэж хэлээд миний нүүр лүү 2-3 удаа цохиод би толгойгоо хамгаалаад 2 гараараа толгойгоо дараад доош тонгойход миний араас нуруу руу гараараа 2 удаа цохиод намайг газарт унагаасан юм. Тэгээд би газарт толгойгоо дараад сууж байтал нөгөө хүнд дахиж над дээр хүрч ирээд миний бие рүү хөлөөрөө 1-2 удаа өшиглөөд чи намайг хүн яаж зоддогийг хар гэж хэлээд намайг дээш өндийж босох гэхээр цохиж суулгаад байсан. Тэгээд тэр дэлгүүрийн хажуугаар 2 үл таних эрэгтэй явж таараад намайг өмөөрөөд намайг зодож байгаа үл таних хүнд та энэ хүнийг зодохоо болиоч гэж хэлтэл нөгөө хүн намайг өмөөрсөн 2 залууд хандаж та хоёрт ямар хамаатай юм бэ? гэж хэлээд тэр хоёрыг зодох гэж хөөж явуулсан. Тэгээд тэр хоёр залууг хөөж явуулсныхаа дараагаар нөгөө хүн газраас чулуу шиг зүйл барьж аваад миний духны баруун талын хэсэг рүү 2-3 удаа цохиод миний толгойноос их хэмжээний цус гарах үед нөгөө хүн дэлгүүрийн гадаа намайг үлдээгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17-р тул/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-39-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2381 дугаартай “Ц.Мөнхбатын биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, дух, зулай, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/,

Шүүгдэгч Р.Г-ын “...тэгээд архи ууж дуусгаад орой 19 цагийн үед буцаж охиныхоо гэр рүү очих гээд Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Хайлаастын эцсийн автобусны буудал дээр байрлах Хайлааст гэх нэртэй супермаркет руу ороод зээ охиндоо чипс худалдаж авахаар орсон юм. Гэтэл танихгүй надаас насаар арай дүү эрэгтэй хүн надаас мөнгө байна уу? Хоёулаа хамт архи уух уу? Гэж асуухаар нь би чамд мөнгөний өртэй биш яахаараа чамд архи авч өгдөг юм гээд тэр хүнтэй маргалдаад би тэр хүний нүүр рүү 2-3 удаа цохитол дэлгүүрийн худалдагч эмэгтэй намайг дэлгүүр дотор агсам согтуу тавиад байна гэж хэлээд дэлгүүрээс намайг хөөгөөд гаргасан юм. Би хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод байж байтал араас нөгөө хүн гарч ирээд бид 2 хоорондоо дахин муудалцаад би тэр хүний нүүр рүү 2-3 удаа цохитол Ц.Мөнхбат гэж хүн толгойгоо 2 гараараа дараад доош тонгойхоор нь би ар нуруу руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөөд дараа нь газраас чулуу барьж аваад Ц.Мөнхбатын толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод Ц.Мөнхбатын духны баруун талын хэсгээс цус их хэмжээгээр гарахаар нь би айсандаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 58/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 81-82/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Р.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын эцсийн буудлын Хүнсний дэлгүүрийн гадна Ц.Мөнхбаттай маргалдан улмаар түүний толгой руу гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, дух, зулай, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Р.Г нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Р.Г нь хохирогч Ц.Мөнхбатын эмчилгээний зардалд 138.000 төгрөг төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Р.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ