| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2016/01030/И |
| Дугаар | 0831 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 0831
2017 оны 03 сарын 22 Дугаар 181/ШШ2016/00831 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүрэг, .. виллаж, 00 дугаар байранд байрлах, 000000 тоот регистрийн дугаартай, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн 0 дүгээр хороо, ... байранд байрлах, 000000 тоот регистрийн дугаартай, Ж ХХК-д холбогдох
Гэрээний үүргийн биелэлтэд 15.429.669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч С.Э шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын алба хаагч ажиллуулах зорилгоор Ж ХХК-тай харилцан тохирч, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр АГГ/03 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 2015 оны 07 дугаар сарын 10-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 6 сарын хугацаанд үргэлжилж, нэг хамгаалагчийн сарын төлбөр 1.000.000 төгрөг, 4 хамгаалагчийнх 4.000.000 төгрөг байхаар тохирсон. Гэвч тухайн гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт 12 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт 2 тоот, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт 3 тоот гэрээг байгуулж, хамгаалагчийн тоо, сарын хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулж, үндсэн гэрээг сунгаж байсан болно. Ж ХХК нь 2016 оны 4, 5 дугаар саруудын гэрээний төлбөрөө бүрэн төлөөгүй тул үлдэгдэл 4.296.000 төгрөг, үндэслэлгүйгээр төлүүлсэн 7.927.000 төгрөг, гэрээг 2 сар 3 хоногийн өмнө цуцалсаны хохиролд 4.200.000 төгрөг, нийт 16.423.000 төгрөгийг тус компаниас нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, үнийн дүнгээ багасгасан. Хариуцагч талаас гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт хэнтэй тооцоо нийлээд байгаа нь мэдэхгүй, нэхэмжлэх гээд ирүүлсэн байгаа баримтад нь манай захирлын гарын үсэг байхгүй байна. Талууд анх 2015 оны 07 дугаар сарын 10-наас 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл АГГ/03 тоот гэрээ байгуулж, гэрээний 2.4-т.. нэг хамгаалагчийн хөлс 1.0 сая төгрөг гэж тохирсон боловч гэрээндээ 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Анхны гэрээ нэг хамгаалагч 1.0 сая төгрөг, 4 хамгаалагчийнх 4.0 сая төгрөг байсан ба анхны гэрээнд өөрчлөлт ортлоо 3 сар 11 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд Ж ХХК 16.440.000 төгрөгийн үүрэг хүлээсэн. Эхний гэрээ өөрчлөгдөхөөр нэмэлт 12 тоот гэрээг барьж ажиллах шаардлагатай болсон. Нэмэлт 12 тоот гэрээний 2 дахь заалтад хугацааг 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01 хүртэл болгож өөрчилж, мөн гэрээний 3-т хөлсний хэмжээг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл хамгаалагчийн тоог 2 болгож, тус бүр 1.150.000 төгрөг, хоёр хамгаалагч 2.300.000 төгрөг байхаар тохирч,12 тоот гэрээгээр 11.730.000 төгрөгийн үүрэг үүссэн. Талууд дахиад 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт 2 тоот гэрээ байгуулж, гэрээний 2-т хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 01 хүртэл сунгаж, нэмэлт 2 тоот гэрээний 3-т нэг хамгаалагч 1.0 сая төгрөг, 2 хамгаалагч ажиллуулахаар тохирсон. Нэмэлт 2 тоот гэрээг 11 сар хүртэл тохирсон боловч энэ гэрээн дээр дахиад 06 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт 3 тоот гэрээ байгуулсан. Тэгэхээр 2 сар 7 хоногийн хөлс 2.466.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг хүлээсэн. Нэмэлт гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 08-наас эхлэн нэг хамгаалагчийг 1.0 сая төгрөг буюу нийт 5 хамгаалагч ажиллуулж, 5.0 сая төгрөг төлөхөөр тохирсон. Энэ хугацаа 4 сар 22 хоног үргэлжилсэн. Зөвхөн 3 тоот гэрээгээр 23.660.000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Үндсэн гэрээгээр 16.440.000 төгрөг, нэмэлт 12 тоот гэрээгээр 11.730.000, нэмэлт 2 тоот гэрээгээр 2.466.000 төгрөг, нэмэлт 3 тоот гэрээгээр 23.666.000 төгрөг, нийт гэрээний хугацаанд 54.296.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Яагаад өөрчлөөд байна гэхээр талуудын хүсэл сонирхол байсан. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заалттай нийцэж байна гэж үзэж байна. Анх үүссэн АГГ/03 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт ороод байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд яваад байсан учраас гэрээний үүргийн харилцаа үргэлжилж байна гэсэн үг. Манай компани Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний үүргээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Голомт банкны дансны хуулгыг гаргаж өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2.058.290 төгрөг, 09 дүгээр сарын 15-нд 2.888.600 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 6.450.666 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-нд 3.387.355 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-нд 2.406.452 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-нд 2.300.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-нд 2.300.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-нд 500.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 11-нд 1.804.800 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 13-нд 2.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 06-нд 4.100.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-нд 4.844.968 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-нд 1.000.000 төгрөг төлснийг тооцоход 36.041.131 төгрөг шилжиж ирсэн. Эндээс зөрүү мөнгө 18.258.869 төгрөг болж байх ба манайх уурхайгаас алга болсон материалын хохиролд 6.685.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн ба одоо зөрүү болох 15.249.669 төгрөг төлөгдөөгүй байна. Хариуцагч тал гэрээг 8 дугаар сард цуцалсан гээд байгаа. Манайх гэрээний хугацаа дуустал ажил үргэлжилсэн гэж үзэж байна. Хариуцагч тал гэрээгээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн нь үнэн. Гэхдээ манайх цаанаа хөлсөөр ажиллах гэрээ хийсэн, татгалзах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Хариуцагч тал өөрсдөө татгалзсан гээд л яваад байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т… Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан. Өөрөөр хэлбэл манайх татгалзах саналыг гаргах ёстой. Гэтэл манайх татгалзах мэдэгдэл өгөөгүй. Хуульд хэрвээ манайх мэдэгдэл өгөөгүй бол дахиад мэдэгдлээ өг гэж зохицуулсан. Гэрээний сүүлийн хугацаа 2 сар 8 хоног. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах тухай мэдэгдлээ дахин гаргаагүй. Манайх Иргэний хуулийн 362 дугаар зүйлийн 362.1-т.. Ажиллуулагч нь ажил, үйлчилгээг хүлээн авах хугацааг хойшлуулсан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажиллагч нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй гэж заасан. Манайх санал гаргаагүй байгаа учраас шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр шаардах эрх үүссэн тул хариуцагч Ж ХХК-иас 15.429.669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, өмгөөлөгч С.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын АГГ/03 тоот гэрээг Б ХХК-тай байгуулсан бөгөөд түүнээс хойш 3 удаа нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг сунгаж, гэрээний заалтад хамгаалагчийн тоо болон хөлсөн дээр тохирч гэрээгээ тухай бүрт өөрчлөөд хөлсөө төлж ирсэн. Гэвч Б ХХК нь 4, 5 дугаар сарын гэрээний үлдэгдэл төлбөрт 4.296.000 төгрөг, үндэслэлгүй суутгасан 7.927.000 төгрөг, гэрээг 2 сар 3 хоногийн өмнө цуцалсны хохиролд 4.200.000 төгрөг тус тус нэхэмжилж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хөлсөөр ажиллах гэрээний хөлсний үлдэгдэл гэж 15.429.669 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал яг хэдэн сарын, ямар төлбөрийг, яаж тогтоосон, аль сараас хэдэн төгрөг дутуу төлсөн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул манайх бүх төлсөн баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Талуудын хооронд харуул хамгаалалтын гэрээ 2015 оны 07 дугаар сарын 10-нд байгуулагдсан ба түүнээс хойш, 7, 8, 9 10, 11, 12 сарын тооцоо нийлсэн баримт, нэхэмжлэх, мөнгө шилжүүлсэн баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Сар бүрийн төгсгөлд тооцоо нийлээд, сарын эхээр дундуур хөлсийг төлсөн байгаа. 2016 оны 1 дүгээр сарын баримт нь хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд байгаа бөгөөд 02 дугаар сарын 05-нд 2.300.000 төгрөг төлж, 2, 3 сарын төлбөр төлөгдөөгүй. Хавтаст хэргийн 110 дугаар хуудасны ард өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан дээр 2, 3 сарын төлбөрийг өгөөгүй, 4.600.000 төгрөгийн өглөгтэй харагдаж байгаа. Үүнээс 500.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-нд өгөөд 4.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй харагдаж байгаа. Тус баримт нь хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд байгаа ба 4.100.000 төгрөг өгөх ёстой байсан гэсэн үг. Дахиад 4 сарын төлбөр нэмэгдээд 2.000.000 төгрөг орж, 6.100.000 төгрөгийн өглөгтэй байсан. Хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд хоёр тал тооцоо нийлж, 4.295.200 төгрөгийг төлөхөөр болсон. Б ХХК 1.470.000 төгрөгийг 2,3 дугаар сарын төлбөр буюу 4.100.000 төгрөгийн үлдэгдлээс, үлдсэн 2.825.200 төгрөгийг 4, 5 дугаар сарын төлбөрөөс суутгахаар тохирсон. Гэтэл 2, 3 дугаар сарын 4.100.000 төгрөгийг бүхлээр нь суутгаад, 4 сарын 195.200 төгрөгийг суутгасан байдаг. Захирал болон Ж ХХК-ийн нягтлан нар тохиролцож, 4.295.200 төгрөгийг төлөхөөр тохирсон. 4.295.200 төгрөгийг 2, 3 дугаар сарын мөнгөнөөс суутгаж авахаар тохиролцсон боловч бөөнөөр нь суутгасан. 4.295.200 төгрөгнөөс суутгаад 4 сарын тооцоо 1.804.800 төгрөг үлдсэн нь хавтаст хэргийн 95, 96 дугаар хуудсанд байгаа. 5 сарын тооцоо хавтас хэргийн 91 дүгээр хуудсанд байгаа ба 05 дугаар сарын 31-нд тооцоо нийлж, 2.000.000 төгрөг төлсөн нь хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд баримт байгаа. Мөн 06 дугаар сарын 30-нд тооцоо нийлэхэд 4.100.000 төгрөгийн өглөгтэй гарсан ба 2016 оны 08 дугаар сарын 31-нд шилжүүлсэн нь хавтаст хэргийн 85 дугаар хуудсан дахь баримтаар нотлогдоно. 2016 оны 07 дугаар сарын 31-нд тооцоо нийлж, 4.844.968 төгрөг төлсөн баримтууд 85, 86, 88 дугаар хуудсанд байгаа. Гэрээ дуусгавар болтол манай компани тооцоогоо хийсэн. Гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд байгаа. Нөгөө талыг гэрээний үүргээ зөрчөөд байна, танай хамгаалагч нар ажлаа хийж чадахгүй байна, нутгийн иргэд нинжа нартай нийлж архидаж, зохисгүй байдал гаргаж байгааг удаа дараа хэлж анхааруулж байсан. Аргаа бараад Иргэний хуулийн 267 дугаар зүйлийн 267.2-т зааснаар гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Хариуцагч талаас ирүүлсэн 3 сарын ажлын тайлангаа худлаа ирүүлсэн. Тус нотлох баримт нь хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан. Манайд тухайн үед ирүүлж байсан ажлын тайлан хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан бөгөөд үүний дагуу төлбөрөө өгдөг байсан. Нэхэмжлэгч тал нэг болохоор гэрээний хугацаанд дутуу төлсөн төлбөр гэж нэхээд, эсхүл гэрээ дуусгавар болсноос хойшхи төлбөр гэж нэг нэхээд байгааг ойлгохгүй байна. Манайх хөлсөөр ажиллах гэрээний үүргээ бүрэн биелүүлж хөлсөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч Ж ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 15.429.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б ХХК 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ж ХХК-тай Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын АГГ/03 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр хамгаалагч тал буюу Б ХХК нь Ж ХХК-ийн ... аймгийн ... сумын ... уурхайд гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын албан хаагч ажиллуулах, үйлчлүүлэгч тал болох Ж ХХК үйлчилгээний хөлс төлөхөөр тохирсон байна.
Зохигчид Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээг 2015 оны 07 дугаар сарын 12-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулж, гэрээний 2.4-т зааснаар хамгаалалтын үйлчилгээний сарын төлбөр нэг хамгаалагч 1.000.000 төгрөг, 4 хамгаалагч 4.000.000 төгрөг байхаар, үйлчилгээний тухайн сарын төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөхөөр тохирсон боловч 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх гэрээний 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, хамгаалалтын алба хаагч 2 хүн байх ба нэг хамгаалагчийн хөлс 1.150.000 төгрөг, 2 хамгаалагч 2.300.000 төгрөг байхаар тохирч, нэмэлт 12 тоот гэрээ байгуулж, гэрээний үйлчлэх хугацааг 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01 хүртэл байхаар тохирчээ.
Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 01 хүртэл байгуулсан гэрээний хугацаа дуусмагц гэрээг мөн өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01 хүртэл сунгаж, 2 хамгаалагчтай ажиллах ба уурхайн угаалга эхэлсний дараа шаардлагатай үед хамгаалагчийн тоог нэмэгдүүлэх боломжтой талаар гэрээний 3-т зааж нэг хамгаалагчийн сарын төлбөрийг 1.000.000 төгрөг байхаар нэмэлт 2 тоот гэрээ байгуулж, улмаар уурхайн баяжуулалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор нэмэлт 2 тоот гэрээний хамгаалагч дээр нэмэж, 3 хамгаалагч 2016 оны 06 дугаар сарын 08-нд гаргах, нийт 5 хамгаалагч үүрэг гүйцэтгэж, нэг хамгаалагчийн хөлс 1.000.000 төгрөг, 5 хамгаалагчийнх 5.000.000 төгрөг байхаар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт 3 тоот гэрээг байгуулсан нь зохигчдын тайлбар болон тэдний хооронд байгуулсан дээрх гэрээнүүдээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” нэртэй АГГ/03 тоот харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т… хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байх ба эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Б ХХК, ЖХХК-ийн хооронд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах үед Б ХХК нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа ба нэхэмжлэгч тал нэгэнт үзүүлсэн үйлчилгээний хөлсөө нэхэмжилж, талууд уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Нэхэмжлэгч Б ХХК нь Ж ХХК-иас 2016 оны 4,5 сарын гэрээний үлдэгдэл төлбөрт 4.296.000 төгрөг, үндэслэлгүйгээр төлүүлсэн гэх 7.927.000 төгрөг, гэрээг 2 сар 3 хоног цуцалсны хохиролд 4.200.000 төгрөг, нийт 16.423.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөрт 15.429.669 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгч тал 15.429.669 төгрөг нэхэмжилж буй үндэслэлээ хариуцагчийг 2015 оны 07 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хугацааны хөлсөөр ажиллах гэрээний төлбөрт дутуу төлсөн буюу үлдэгдэл төлбөр гэж, нөгөө талаар Ж ХХК гэрээг 2016 оны 08 дугаар сарын 31-нд цуцлаагүй тул 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хугацааны хамгаалалтын хөлсний төлбөр гэж хоёр янзаар тайлбарлаж байна.
Харин хариуцагч тал 2015 оны 07 дугаар сарын 12-ноос 2016 оны 08 дугаар сарын 31 хүртэл хугацааны хөлсийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч талтай тооцоо нийлж, нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно, түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 31-нд гэрээгээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж гэрээ цуцлагдсан, тэр үеэс эхлэн Б ХХК-ийн хамгаалагч нар ажиллаагүй, үлдэх хугацаанд дотооддоо болон сумаас хүн хүч авч хамгаалалтаа зохицуулсан тул үлдэх хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Ж ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 12-ноос 2016 оны 08 дугаар сарын 31 хүртэл хугацааны гэрээний төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэргийн 74, 84, 85, 86, 88, 89, 95, 96, 97, 99, 101, 102, 104, 105, 106, 112, 113, 114 дүгээр хуудсан дахь тооцоо нийлсэн баримт, нэхэмжлэх, кассын орлогын баримт, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг дээрх хугацааны төлбөрийг бүрэн төлжээ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөрт гэж 15.429.669 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэдэн сарын төлбөрт, хэдэн төгрөг дутуу төлснөөс хэд болж байгаа талаар тооцоолол гаргаж өгөөгүй, эсхүл энэ дүн нь зөвхөн гэрээ цуцлагдснаас хойшхи хамгаалалтын хөлсний мөнгө эсэх талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадсангүй гэж үзлээ.
Нөгөө талаар Ж ХХК 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот албан бичгээр гэрээгээ дуусгавар болгох тухай мэдэгдлийг Б ХХК-нд хүргүүлсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т …Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн хуулийн заалттай нийцэж байна.
Нэхэмжлэгч Б ХХК Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т… Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан, өөрөөр хэлбэл манайх татгалзах саналыг гаргах байтал татгалзах мэдэгдэл өгөөгүй, иймд нөгөө тал дахин мэдэгдлээ өгөөгүй тул гэрээний хугацаа үргэлжилж байна гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь зохицуулалт нь гэрээний талууд татгалзах хугацааны талаар тохиролцоогүй тохиолдолд үйлчлэх бөгөөд хэрэгт авагдсан Ж ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот албан бичигт… гэрээний хугацааг 2016 оны 08 дугаар сарын 31-нд дуусгавар болгохоор заасан байх тул харин ч нөгөө тал /татгалзах санал гаргаагүй/ Б ХХК хугацааг тогтоох байтал тэр эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т… Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан байх ба Б ХХК нь гэрээний үүрэг зөрчсөнөөс талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно.
Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т… Ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсаны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана гэж заасан ба энэ нь ... аймгийн ... сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний албан бичиг, Ж ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 67 тоот “Гэрээний зөрчлийн тухай” албан бичиг, тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот гэрээгээ дуусгавар болгох тухай мэдэгдлийг Б ХХК-нд хүргүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байх тул гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэрээний үүргээс үүдсэн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь: