Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

   2022          01          19                                     2021/ШЦТ/58

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Р.Энх-Оюун /томилолтоор/,

Шүүгдэгч: М.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000621 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, .....тоот регистртэй,

Шүүгдэгч М.М- нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-280 тоотод хамт архи ууж байсан Г.Ю-ын Хаан банкны виза картнаас 665.000 төгрөг, кейн брэндийн цохилттой дрилл 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, лазеран тэгш ус 1 ширхэг, энгэрийн цүнх /паск/ 1 ширхэг, LG-X6 загварын гар утас 1 ширхэг, иргэний болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.12.7300 төгрөгийн,

- 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй зочид буудлаас Я.О-ын Самсунг Эс-7 загварын гар утас, монетон бөгж, Хаан банкны карт зэргийг авч картаас 830.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.180.000 төгрөгийн, нийт 2.307.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд: “...Би болчимгүй зангаасаа болж хэрэг хийсэндээ гэмшиж байна. Юу хийснээ маш сайн ойлгож байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэв.

Хохирогч Г.Ю-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 29-ний өглөө босоод бид 2 дахиж дэлгүүр ороод 0.75 литрийн хэмжээтэй 1 шил, 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи уусан. Би тухайн үед согтоод сэрсэн чинь миний халаасанд байсан LG X-6 загварын гар утас, Миний хаан банкны карт мөн уутанд хийгээд тавьсан байсан 4 талтай лазер /улаан өнгийн/, улаан өнгийн “Кейн” брэндийн цохилттой дрилл, энгэртээ үүрдэг жижиг цүнх, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс алдагдсан. Улмаар миний алдагдсан Хаан банкны виза картаас 665.000 төгрөг авчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Хохирогч Я.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би урьд нь хамт барилга дээр ажиллаж байсан дүү М.М-ийн хамт 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Зайсанд барилгын ажил хийхээр тохироод тухайн газраас 2.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан ба тэр өдөр Нарантуул зах дээр очиж хувцас аваад хоёулаа хамт ажиллах юм чинь гээд би тухайн үедээ Мижиддоржид картнаасаа 700.000 төгрөгийг бэлнээр авч өгчихөөд 21 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 28 дугаар сургуулийн эсрэг талд байрлах Аялгуу нэртэй зочид буудалд өрөө авч хоёулаа хамт хоносон. Тухайн үед бид 2 гаднаас 12 ширхэг лаазтай Нийслэл пиво авч ороод ууцгаасан ба би 23 цагийн орчимд гарч нэг найзтайгаа уулзчихаад 01 цагийн орчимд буцаж ирсэн. Тэр үед гадаа 2 ширхэг пиво уусан. Тэгээд пивоо ууж сууж байгаад унтсан. ...өглөө сэрэхэд миний Самсунг Эс-7 загварын гар утас, мөн тухайн үед 20.000 төгрөгөөр худалдан авч байсан нокиа загварын гар утас, мөн миний карт, гарт байсан монетон бөгж зэргийг аваад явчихсан байсан. ...Нокиа загварын гар утас хамаагүй эргүүлж авахгүй байсан ч болно. Самсунг эс-7 загварын гар утас, 810.000 төгрөг болон монетон бөгжөө төлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16/,

Яллагдагчаар М.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ю- ах согтоод унтчихсан. Тэгэхээр нь би Ю- ахын манайд ирэхдээ авчирч ирсэн цахилгаан тасдагч 1 ширхэг, цохилтоой дрилл 1 ширхэг, 4 талтай лазер тэгш ус 1 ширхэг, энгэрийн цүнх буюу паск байхаар нь тэдгээр зүйлсийг нь унтаж байх хойгуур нь өөрт нь мэдэгдэлгүй аваад хувцасны халаасанд нь байсан “Хаан банк”-ны виза карт, LG-X6 загварын гар утас зэргийг бас аваад явсан. ...ганцаараа унтаж байтал О- орж ирээд унтахаар нь би өглөөгүүр О-ын Самсунг Эс-7 маркийн гар утас 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг болон хаан банкны виза картыг нь аваад явчихсан юм. Тэгээд уг картнаас АТМ ороод 830.000 төгрөгийг аваад явсан ба гар утсуудыг нь өөрөө хэрэглэж байгаад эвдээд хаячихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-43, 124-125/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 14-15/, депозит дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 19, 81-/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 23, 94-96, 100-102/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 24-34, 67-68/, хохирогчийн өргөдөл /хх-н 78/, хохирогчийн хүсэлт /хх-н 46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.М- нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-280 тоотод хамт архи ууж байсан Г.Ю-ын хаан банкны виза картнаас 665.000 төгрөг, кейн брэндийн цохилттой дрилл 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, лазеран тэгш ус 1 ширхэг, энгэрийн цүнх /паск/ 1 ширхэг, LG-X6 загварын гар утас 1 ширхэг, иргэний болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.12.7300 төгрөгийн,

- 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй зочид буудлаас Я.О-ын Самсунг Эс-7 загварын гар утас, монетон бөгж, хаан банкны карт зэргийг авч картаас 830.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.180.000 төгрөгийн, нийт 2.307.300 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Ю-, Я.О- нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.М- нь хохирогч Г.Ю-, Я.О- нартай цуг байсан ба улмаар тэдгээрийн унтсаны дараа эд зүйлийг нь хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч М.М- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогч нарын эд зүйлсийг  хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Ю- нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ буцаан авсан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 46/ гаргасан, хохирогч Я.О-ын хохирлыг түүний эзэмшлийн хаан банкан дахь данс руу шилжүүлсэн баримтыг шүүгдэгчийг өмгөөлөгч шүүх хуралдаанд гарган өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч М.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.М-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.М- нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, нийт 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож үлдэгдэл 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нь 16 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР