Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

 

 

 

 

 

   2022          02          07                                     2021/ШЦТ/69

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: М.Оюунбат,

Шүүгдэгч: Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106000002038 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Д- нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн 154-155 дугаар павилон дээр худалдаа эрхэлж байсан иргэн О_Н-гаас 68 ширхэгтэй Тоди брендийн 6 ширхэг пампарсыг хөдөө унаанд өгч явуулах гэж байна, яаралтай авъя, төлбөрийг нь картнаас аваад өгье, барьцаанд нь нөүтбүүкээ үлдээчихье хэмээн хоосон цүнх үлдээн итгэл төрүүлж, улмаар хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, хохирогчид 162.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн С6 лангуун дотор хохирогч Н.О-т 5 уут мак кофе, 5 уут еэ, еэ кофе, 5 уут маом чихэр зэргийг худалдан авна гэж хуурч залилан бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О_Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 09-ний 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын 154-155 дугаар павилон дээрээ зогсоод байж байтал 30-40 орчим насны үл таних эмэгтэй ирээд “Тодигийн памперснаас 6 ширхэгийг авъя” гэсэн бөгөөд хариуд нь “танайх дэлгүүр юм уу” гэхэд “хөдөө явуулах гэсэн юм, хурдал” гээд байсан бөгөөд аль размер вэ гээд асуугаад авсан бөгөөд мөнгөө хийгээрэй гээд хэлтэл зүрх өвдөөд байна гээд цээжээ цохиод байсан, тэгээд мөнгөө яасан бэ гэсэн чинь нөгөө эмэгтэй картнаас мөнгөө аваад ирье гээд нөүтбүүкээ үлдээгээд явчихсан юм, тэгээд цүнхийг нь онгойлгоод үзтэл юу ч байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 4-5/,

Хохирогч Н.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс захын С6 лангуун дээр ажлаа хийж байсан юм. Тэгсэн өдөр 15 цагийн үед үл таних эмэгтэй хүн ирээд “Маом чихэр байна уу” гэхээр нь би “байгаа” гэж хэлсэн. Харин нөгөө эмэгтэй “тэгвэл 5 уут еэ, еэ кофе, мак кофе 5 уут, маом чихэр 5 уутыг авъя гэхээр нь би гаргаж савлаад хайрцаглаж өгсөн. Тэгээд “нийт тооцоо маань 230.000 төгрөг болсон” гэхэд “карт уншуулъя” гэхээр нь би “карт уншуулах боломжгүй байна” гэсэн юм. Нөгөө эмэгтэй “тэгвэл би АТМ-с мөнгөө аваад ирье, гадаа машин ирчихсэн болохоор гаргаад өгье, явуулъя яараад байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Надад нэг хар өнгийн цүнхтэй зүйл үлдээгээд явсан болохоор нь би итгэсэн. Тэгээд гарсаны дараагаар 5-10 минутын болохоор нь гарч хайгаад олдоогүй тул буцаж орж ирээд нөгөө цүнхтэй зүйлийг нь шалгахад эвдэрхий нөтбүүк гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 65/,

Яллагдагчаар Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсэгрт байрлах Нарантуул зах дээр явж байгаад миний бие өвдөөд Баялаг Ундраа худалдааны төвийн хажуу талын павилон дээр настай эгч байхаар нь “Тоди” гэх нэртэй памперсийг хөдөө өгч явуулах гэж байгаа гэж хэлээд 6 уут, 68 ширхэгтэй нийт 230.000 төгрөгийн памперс аваад, тэгээд нөтбүүкээ үлдээгээд явж, ирээд мөнгөө өгье” гэж хэлээд аваад явсан. ...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс зах дээр явж байгаад нэг лангуун дээрх үл таних эгчээс анх “еэ, еэ” кофе байгаа юу, мөн маом чихэр байгаа юу” гэж асуусан. Тэгээд тухайн эгч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тав таван уутыг авъя гэж хэлээд ...би мобайл банкаар шилжүүлэх гэтэл миний утас унтарсан байсан тул тухайн эгч АТМ ороод авчих гэхээр нь би хөдөө явуулах гээд яарч байсан тул хар цүнхтэй нөүтбүкээ үлдээгээд хайрцаганд бэлдэж хийсэн кофе, чихрээ аваад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч нарын өргөдөл /хх-н 3, 32/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 11-12, 66-68/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 19-27, 59-60/, хохирогчийн хүсэлт /хх-н 33, 81/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 84-85/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч Б.Д- нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн 154-155 дугаар павилон дээр худалдаа эрхэлж байсан иргэн О_Н-гаас 68 ширхэгтэй Тоди брендийн 6 ширхэг пампарсыг хөдөө унаанд өгч явуулах гэж байна, яаралтай авъя, төлбөрийг нь картнаас аваад өгье, барьцаанд нь нөүтбүүкээ үлдээчихье хэмээн хоосон цүнх үлдээн итгэл төрүүлж, улмаар хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, хохирогчид 162.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн С6 лангуун дотор хохирогч Н.О-т 5 уут мак кофе, 5 уут еэ, еэ кофе, 5 уут маом чихэр зэргийг худалдан авна, мөнгөө аваад ирье гэж эвдэрхий нөүтбүүк барьцаанд нь үлдээн хуурч залилан бусдад 230.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О_Н-, Н.О- нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Д- нь хохирогч О_Н-, Н.О- нараас эд зүйл худалдан авъя гэж итгүүлэн, улмаар мөнгөө АТМ-с авчирч өгье гэж хэлэн, итгүүлж, эвдэрсэн болон хоосон нөтбүүкний цүнх үлдээн залилаж, хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Д- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогч нарын эд зүйлсийг залилаж авсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч О_Н-, Н.О- нар нь хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт бичгээр /хх-н 33, 81/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 06 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхдүүдтэй, хөдөлмөрийн чадвар алдатыг 60 хувиар тогтоосон зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулсан хорих ял, өмгөөлөгчийн торгох ял оногдуулах талаарх санал зэргийг хүлээн авах нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага тохирохгүй байна гэж шүүх үзлээ.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Д-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Д-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шүилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дашчимэг нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Дашчимэгт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР