Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 184/2018/04087/И |
Дугаар | 001/ХТ2019/00907 |
Огноо | 2019-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2019/00907
Т.Н-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00186 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 524 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Т.Н-
Хариуцагч: О.С-т холбогдох
1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н-, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2016-01-14-ний өдөр гэрээ байгуулж, 1 сая төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10%-н хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд буцааж нийт 90,000 төгрөг төлөгдсөн. Гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагчаас 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Би 2015 онд 3-р хороололд майханд н.Ц-гийн эзэмшлийн лангууг ажиллуулдаг байсан. Барааны хомсдол үүссэн учраас би н.Ц-д түрээс төлөхөд хэцүү байна гэж хэлж, нэхэмжлэгчээс зээл авах талаар хэлсэн. Би очиж уулзсан боловч надад өгөөгүй учраас н.Ц-гээр дамжуулж 2015-11-14-ний өдөр зээл авсан бөгөөд зээлийн гэрээг 2016-01-р сард нөхөж байгуулсан. Тухайн үед гадаа хүйтэн болоод бараа зарагдахгүй байсан тул зээлийг төлж чадахааргүй болсон. Би нэхэмжлэлээс татгалзах зүйлгүй ч Ц- миний барааг хурааж аваад өгөхгүй байна. Би өөрөө хохирч үлдэхийг хүсэхгүй байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 184/ШШ2019/00186 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 910,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 190,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 26,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 524 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Миний худалдаалж байсан зүйлийг Ц-гээр хураалгаж авсан атлаа одоо шүүхээр нэхэмжилж мөнгө авах гэж байна. Иймд намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Т.Н- 2018-11-28-ны өдөр О.С-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 1,100,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...2015-11 дүгээр сард 1,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж, гэрээг 2016-01-14-ны өдөр бичгээр хийсэн... 90,000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...Ц-гээр дамжуулан зээл авсан...90,000 төгрөг төлсөн...миний барааг Ц- зээлийн төлбөрт тооцож авсан...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 910,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Т.Н- нь О.С-т 2015 онд 1,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авсан, талууд тохиролцоогоо 2016-01-14-ний өдөр баталгаажуулж гэрээг бичгээр байгуулсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.
Хоёр шатны шүүх хариуцагчийн зээлсэн 1,000,000 төгрөгөөс төлсөн 90,000 төгрөгийг хасаж, үлдэх 910,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч “...зээлийг Ц-гээр дамжуулан авсан...тэрээр миний лангууны барааг 1,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож авсан...” гэх боловч энэ нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотойг нотлох баримт хэрэгт байхгүй тул О.С- Т.Н-ын нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.
Шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэр гаргана. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлоогүй байх тул тус шүүхэд гаргасан гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.
О.С- нь өөрийн барааг бусдаас шаардаж авахад Т.Н-ын нэхэмжлэлтэй хэргийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00186 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 524 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ