Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0124

 

С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д зааснаархүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүйгэж байна. Гуравдагч этгээдэд Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 324 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн байдаг.  Үүнээс хойш гуравдагч этгээд уг маргаан бүхий газар амьдрах гэж удаа дараа очиж, дүүрэгт гомдол гаргаж байсан боловч гуравдагч этгээдийн өмчлөлийн газарт нэхэмжлэгч нар хууль бусаар оршин суусан тул Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6 дэх хэсэг хамаарахгүй.

Нэхэмжлэгч 2010 онд Сонгино хайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанд өргөдөл гаргаж байсан гэж цаг хугацаагаа урагшлуулж ярих нь үндэслэлгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/3 дугаартай тогтоолд газар олголтыг хугацаагүйгээр хорьсон байдаг. Сонгууль явагдаж дууссаны дараа нийслэлд газрын маргаан их байсан учраас уг маргааныг эцэслэн шийдвэрлэтэл 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд газар олголтыг хориглосон байсан тул өргөдлийг хүлээж авахгүй гэсэн хариу өгч байсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албаны архивын материалд гуравдагч этгээдийн уг маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байгааг нотлох баримтууд байгаа бөгөөд мөн хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нарыг уг газарт амьдрахаас өмнө бусдад газар эзэмшүүлэх захирамж үүссэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж хуулийн дагуу гарсан тул бусдын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дур мэдэж буусан нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд, гуравдагч этгээд С.Магсар, А.Цэрэннадмид нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Пүрэвдулам шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Пүрэвдуламын эзэмшлийн газар дээр С.Наранцэцэг, С.Магсар,А.Цэрэннадмид нарын эзэмшлийн газар дээр Л.Ууганцэцэг, Л.Болорцэцэг гэсэн айлууд буусан байгаа.

Иргэн Х.Пүрэвдулам би 2012 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 324 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын аманд 0.7 га газрыг хуульд заасан журмын дагуу баримт бичгээ бүрдүүлж авсан. Улмаар 2013 оны 06 дугаар сард хашаагаа барих гэтэл айл буусанбайсан. Тухайн үед энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хэлсэн. Нүүх байх гээд 2014 оны 03 дугаар сар хүртэл хүлээсэн боловч зөвшөөрөлгүй айл нь нүүгээгүй байсан тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Улмаар анхан шатны шүүхийн 2014 оны0дүгээр сарын 22-ны өдрийн 4284 дүгээр шийдвэрээр уг газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөдИргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1080 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хяналтын шатанд гомдол гаргаагүй тул миний бие шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах гэтэл С.Наранцэцэг мэдэгдлийг хүлээн авахгүй байсаар өдийг хүрсэн.

Иргэн С.Магсар, А.Цэрэннадмид нарын хувьд 2012 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 324 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын аманд тус бүр 0.7 га газрыг хуульд заасан журмаар авсан. Улмаар 2013 оны 06 дугаар сард хашаагаа барих гэтэл айлууд буусан байсан. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хэлсэн. Нүүх байх гээд 2014 оны 03 дугаар сар хүртэл хүлээсэн боловч зөвшөөрөлгүй айлууд нүүгээгүй байсан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анх нэг хүний нэр дээр нэхэмжлэл гаргаад шийдвэрлэгдсэн тохиолдолд болох байх гэж бодоод Л.Ууганцэцэгийн нэр дээр нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4466 дугааршийдвэрээр уг газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэнИргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1111 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг, мөнУлсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч Л.Ууганцэцэг газрыг чөлөөлж өгөөгүй.

Ингээд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөн шүүхэд хандаж, 2 айлын газар дээр үлдсэн айл болох Л.Болорцэцэг, Д.Лхагвасүрэн, Г.Саранчимэг нарыг шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан.Ингээд анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3467 дугаар шийдвэрээр дээрх хүмүүсийн хууль бус эзэмшлээс С.Магсар, А.Цэрэннадмид нарын эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн С.Магсар А.Цэрэннадмид Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Наранцэцэг, Л.Ууганцэцэг нар давж заалдах гомдолдоо: Тахилтын аманд 60-70 айл буух хоосон газарт 2012 оны 03 дугаар сард буусан.

Сонгинохайрхан дүүргийн газрын байцаагч н.Батзориг, иргэн Х.Пүрэвдулам нар 2014 оны 5 дугаар сард ирж хөөсөн. Нүүхгүй болохоор иргэний хэргийн шүүхэд биднийг өгч иргэн Х.Пүрэвдуламын талд шийдэгдсэн.

2015 оны 06 дугаар сард бид захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2015 оны 10 дугаар сарын 13-ны анхны хуралдаанаар бидний эсрэг талд гарсан боловч давж заалдах шатны шүүхийн хариуг хүлээнэ гэж хойшлоод бид гомдол гаргахад шүүх нь тойм зураг, гэрээний хуулбар, улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт зэргийг бүрдүүлэх шаардлагатай гэж тогтоол гарч буцсан.

2015 оны 12 дугаар сарын 07-нд дахин хуралдаж шаардсан баримтгүйгээр, өргөдлийн он, сар байхгүй болохоор 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан н.Золжаргал нарын 33 иргэн гэсэн өргөдөл дотор багтаж байгаа гэж тайлбарладаг. Энэ хүний он, сар ойролцоогоор нь ашиглаж 21 дүгээр хорооны иргэний баримтыг 22 дугаар хороо болгон зассан. Сүүлд хийх боломжтой баримтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн зохих заалтуудыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ 2011 онд С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгоогүй гэж тодорхойлон маргаж байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 324 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн гуравдагч этгээдүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Учир нь гуравдагч этгээд С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нар нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2011 онд гаргасан, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 324 дүгээр захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын аманд амины хашааны зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэр бүхий иргэдийн хүсэлт, иргэдийн санал, өргөдөл, гомдлын хяналтын карт, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нар газар эзэмших эрх олгосон ямар нэгэн шийдвэргүйгээр бусдын эзэмшил газарт бууж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг зөрчсөн байна. Иймээс гуравдагч этгээдүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Газрын албанд жижүүрийн тойм зураг байдаг бөгөөд энэ нь шүүхийн нотлох баримт болохгүй. Тойм зураг мэдээллийн санд ороод устдаг гэсэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ 2011 онд эзэмшүүлсэн газрыг С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нар 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн тайлбараас үзэхэд гуравдагч этгээдүүдэд 2011 онд газар эзэмших эрх үүссэн болохыг үгүйсгээгүй, мөн гуравдагч этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын хөндийд гэж газар эзэмших хүсэлтээ гаргасан байх тул нэхэмжлэгч нарын ...тойм зураг, гэрээний хуулбар, улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтгүй, газар эзэмших хүсэлт гаргасан н.Золжаргал нарын 33 иргэний нэрс дотор А.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нар багтаж байгаа нь эргэлзээтэй. Энэ хүний он, сар ойролцоогоор нь ашиглаж 21 дүгээр хорооны иргэний баримтыг 22 дугаар хороо болгон зассан гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд үүгээр гуравдагч этгээдүүдийг газар эзэмших хүсэлт гаргаагүй гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий газарт 2012 оны 03 дугаар сард буусан. Мөн газрыг эзэмших хүсэлтийг 2012 оны 09 дүгээр сард холбогдох захиргааны байгууллагад гаргасан гэх боловч хүсэлт гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн газар эзэмших тухай хүсэлтийг ямар журмаар гаргах, захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээн авч, ямар ажиллагаа хийхийг зохицуулсан ба захиргааны байгууллага газар эзэмших иргэний бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа үед хэдий нь гуравдагч этгээдүүдэд тухайн газрыг эзэмших эрх үүссэн байжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн эсэхийг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 324 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарын эрхийг хөндөөгүй байх тул гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 гэсэн маргаан бүхий харилцаанд хамааралгүй заалтыг, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 гэж хуульд байхгүй заалтыг тус тус баримталсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 848 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Наранцэцэг, Г.Саранчимэг, Л.Ууганцэцэг нарын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дүгээр захирамжийн С.Магсар, А.Цэрэннадмид, Х.Пүрэвдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН