Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2016/0045/Э |
Дугаар | 46 |
Огноо | 2016-08-05 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 46
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,
улсын яллагч Н.Булганчимэг,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаа,
шүүгдэгч Я.Гантуяа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2-260/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Янгигийн Гантуяад холбогдох эрүүгийн 201624000461 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 10-нд Төв аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албанд лаборант ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тайж овогт Янгигийн Гантуяа /РД:НЮ71101009/
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Я.Гантуяа нь 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг Чингисийн өргөн чөлөө Ариг банкны урд талын замд Тоёота Приус маркийн 06-08 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай У.Хүслэнг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Я.Гантуяа нь 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг Чингисийн өргөн чөлөө Ариг банкны урд талын замд Тоёота Приус маркийн 06-08 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай У.Хүслэнг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн болох нь:
1. Шүүгдэгч Я.Гантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “5 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Эрэлийн гэрлэн дохиогүй автобусны буудал дээр хүмүүс зам гарч байхаар нь хурдаа сааруулсан. Тэгтэл хүмүүс замын голд зогсохоор нь урагшаа явсан. Тэгээд машины толинд хүний гар цохигдохоор нь буугаад үзэхэд хүүхэд дайрсан байсан. Ээжээ ээжээ гээд уйлж байх хооронд нь түргэний машин ирээд анхны тусламж үзүүлж байхад хойноос нь замын цагдаа ирсэн. Түргэний эмч надад баруун хөл нь хугарсан байсан гэсэн...Анхаарал, болгоомжгүй явсан нь миний буруу...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хүүхдээ эмнэлгээс гараад 14 хонож байна. Одоо яг гишгэж эхэлж байгаа. Одоогоор жаахан далий гишгэлттэй, сорив ихтэй, хагалгаа хийсэн газраа яс нь товойлттой эдгэж байгаа. Би өмнө нь зам тээврийн осолд орж байсан. Тархины гэмтэл шууд мэдэгддэггүй 3-4 сарын дараа мэдэгддэг болохоор тархийг нь үзүүлж харуулна. Хүүхдийн минь биеийн байдал жаахан сул байгаа тул нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Бүтэн 3 сар эмнэлэгт хэвтэхдээ зөвхөн хөлний эмчилгээ хийлгэсэн. Ямар ч витамин хэрэглээгүй одоо удахгүй хичээлд орно гэхэд айдастай байна...Би яагаад ч юм энэ хүн миний охиныг ийм байдал хүргэсэн болохоор хатуу байр суурьтай байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/
4. Насанд хүрээгүй хохирогч У.Хүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад сургууль ороод давтлагаа тараад автобуснаас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Эрэлийн автобусны буудал дээр буугаад машин замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зам хөндлөн гарч яваад голын цагаан шугам дээр зогсоод машин өнгөрөөгөөд хүмүүсийг дагаад алхтал баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан Тоёота Приус маркийн цагаан цэнхэр өнгийн автомашин хурдтай орж ирээд миний баруун хөл хэсэг лүү мөргөөд унагаасан юм тэгээд би босох гэтэл хөл хугарсан босож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
5. Гэрч Л.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө Ариг банкны арын зам дээр Яармаг явдаг чиглэлд автобуснаас буусан тэгээд хажуугийн байрны Мядагбалтай тааралдсан мөн тэнд манай байрны нилээн олон хүн хамт буусан юм. Тэгээд л би цувралдаад явган хүний гарцаар машин замыг хойноосоо урагшаа чиглэлтэй зам гарч явсан тэгээд Мядагбалтай зэрэгцээд зам гараад бараг дуусаж байхад миний ар талд тас гээд л явчихсан юм. Тэгээд эргээд хартал цэнхэр өнгийн Приус маркийн автомашин манай байранд амьдардаг Хүслэн гэх хүүхдийг мөргөөд унагаасан байсан тэгээд яваад очтол Хүслэнгийн зүүн хөл нь хугарсан байсан тэгэнгүүт надтай хамт явсан Мядагбал гэрийнхэнд нь хэл хүргэх гээд явсан би хажууд нь үлдсэн юм тэгээд удаагүй эмнэлгийн явж байсан машин зогсоод Хүслэнг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/
6. Гэрч Б.Мядагбалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…автобуснаас буусан хүмүүс байрлуугаа зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад замын голд ирэхэд Яармагаас наашаа хотын чиглэлтэй явж байгаа машинууд зогсоод зам тавьж өгсөн юм тэгээд л явган хүний гарцаар гарч байтал миний ард тас гээд л явчихсан тэгэхээр нь эргээд хартал цэнхэр өнгийн Т.Приус маркийн автомашин манай байранд амьдардаг Хүслэн гэх хүүхдийг мөргөөд унагаасан байсан тэгээд яваад очтол Хүслэнгийн зүүн хөл нь хугарсан байсан би тэрийг нь хараад л шууд хамт явсан эгч болох Мөнгөнцэцэгийг үлдээгээд Хүслэнгийн аав ээж 2-т хэлэх гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/
7. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№6410/-ын дүгнэлт:
-У.Хүслэн-н биед баруун шаант, тахилзуур ясны холимог ил хугарал, баруун шилбэнд шарх, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар учирсан үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 38/
8. Техникийн шинжээчийн №358 тоот дүгнэлт:
-Т.Приус маркийн 0608 ТӨВ улсын дугаартай автомашины жолооч Я.Гантуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
-Явган зорчигч У.Хүслэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
-Тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. /хх-ийн 35-36/
9. Яллагдагч Я.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө Ариг банкны урд талын зам дээр өөрийнхөө эзэмшлийн 0608 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр машиндаа 2 хүүхэдтэйгээ явж байгаад явган хүний гарцан дээр зам гарах гээд зогсож байсан хүмүүсийн дундаас нэг эмэгтэй хүүхэд гэнэт гарч ирээд миний машины зүүн гар талын толь хэсэгт шүргэгдээд унасан юм. Тэгээд буугаад ирэхэд уг хүүхдийн хөл хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.Гантуяа нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 69/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№6410/-ын дүгнэлт, техникийн шинжээчийн №358 тоот дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Я.Гантуяагийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Я.Гантуяаг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан, шүүгдэгч Я.Гантуяагийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоовол зохино.
Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаад 2.113.000 /хоёр сая нэг зуун арван гурван мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, түүний хувийн байдал /45 настай, эмэгтэй, 3 хүүхэдтэй/ зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярмаа нь цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.
Шүүгдэгч Я.Гантуяад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Янгигийн Гантуяаг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Тайж овогт Янгигийн Гантуяаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.Гантуяагийн эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Я.Гантуяад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Гантуяад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Я.Гантуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн В ангиллын 315752 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Гантуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР