Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1894

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01569 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Тийн, НШГАнд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр НШГАны шийдвэр гүйцэтгэгч С.С-гийн танилцуулсан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3/5514 дугаартай мэдэгдэлтэй холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ахлах гүйцэтгэгч Ц.Б-нд гомдол гаргасан. Энэхүү гомдлын хариуг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

НШГАны томилсон шинжээчийн тогтоосон үнэ нь илэрхий бага байх бөгөөд надад үнэлгээг танилцуулаагүй, үнэлгээчний талаарх мэдээллийг надад мэдэгдээгүй.

Иймд бидний өмчлөх эрхэд ноцтой халдсан тул гомдолтой байна. Мөн НШГА нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг баримтлан биднийг эд хөрөнгийн талаарх үнээ өгөөгүй гэсэн.

Гэтэл дээрх хуулийн заалтад зааснаар төлбөр авагчийн үнийн саналыг зөвшилцөлгүйгээр өгөх боломжгүй талаарх асуудлыг тусгасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь үнийн саналыг ирүүлээгүй тул бид үнээ өгөх боломжгүй байсан.

Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээр бодитой үнэлүүлэх гомдлыг хүлээн авахгүй байгаа үйлдэл нь хууль бус, талуудын оролцоог хангаагүй, хэт нэг талыг баримталсан тул эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр бодитойгоор үнэлүүлэх гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Тээс 55 874 481 төгрөгийг гаргуулж, “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Тийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/36973, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/38522, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2687 дугаартай албан бичгийг хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй.

Иймд дээрх орон сууцанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох “Итгэлт эстимэйт” ХХК-ийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц 62 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Б.Тт 2017 оны 02 дүгаар сарын 10-ны өдрийн 3/5514 тоот албан бичгээр мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгчид 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/7, 3/7864 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, 1 хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4362 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч Б.Тийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Б.Тийн НШГАнд холбогдуулан гаргасан Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... шинжээч “ИС” ХХК-ийн орон сууцанд хийсэн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн ...” гэж, мөн “... төлбөр авагч талын үнийн саналын зөвшилцөлгүйгээр үнэ өгөх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй ...” гэсэн.

Гэтэл миний гаргасан гомдол Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх, хууль зөрчсөн болохыг нотолсон үндэслэлтэй гомдол юм. Мөн 2 өрөө байрыг илэрхий бага үнэлсэн. Өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсаныг нотлох шаардлагагүй илэрхий үнэн юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НШГАнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дүгээр захирамжийг төлбөр төлөгч Б.Т сайн дураар биелүүлээгүйгээс хариуцагч НШГА нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Уг ажиллагааны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь Б.Т, Д.Ж, Б.А, А.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001118 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг дуудлага худалдаагаар худалдахад эд хөрөнгийн санал болгох доод үнээ харилцан тохиролцохыг төлбөр авагч болон төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/36973, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/38522, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2687 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч саналаа ирүүлээгүй байна.

Үүний улмаас хариуцагч тал 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг томилж үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцэж байна. /хх-32-40 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.Т, шинжээчийг томилсон ажиллагаанд гомдоогүй, харин шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй, шинжээчийн талаарх мэдээллийг мэдэгдээгүй, хэт доогуур үнэлсэн гэж гомдон, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт цугларсан баримтаас харахад хариуцагч талын, нэхэмжлэгч Б.Т болон өмчлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 62 000 000 төгрөгийн 70 хувь буюу 43 400 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоосон тухай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 35514 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч нь хүлээн авч гарын үсэг зурсан байна. /хх-62 дугаар тал/

 

Түүнчлэн Б.Т нь эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг оновчтой хэрэглэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                               

                          ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Ч.ЦЭНД