Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 


                                  2022/ШЦТ/53

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү 
Шүүгдэгч: Г.Д, Э.М, Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Б, С овогт Эын М, О овогт Ггийн Д нарт холбогдох 2212000000034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын санитарч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ч сумын Х багийн Ц гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй О овогт Ггийн Д /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт А аймгийн Ч сумын Х багийн Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй С овогт Эын М /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт А аймгийн Ч сумын Х багийн Ц гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Б овогт Гийн Б /РД: ../

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ц гэх газарт иргэн Л.Атой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Мөрдөн байцаалтын шатанд 2212000000034 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Аын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой 19 цагийн үед би хөдөө үхрээ бүртгээд гэртээ харих гээд мотоцикльтой явж байхад Цохиотын хоёр гүүр гэх газар тус багийн иргэн М, Д, Ж, М гэх дөрвөн залуу хар өнгийн суудлын машинтай сумын төвийн чигтээ явж байсан. Би хажуугаар нь мотоцикльтой явж өнгөрөх гэхэд М, Д хоёр намайг Л.Аоо зогсож бай гээд дуудахаар нь би зогсоод бие засаад байж байхад Д ирээд миний мотоциклийн түлхүүрийг аваад машиндаа суухаар нь би одоо гэр рүүгээ явах ажилтай байна гэхэд М, Д хоёр сүртэй юм, ганц өдрийн хонь яадаг юм, машинд суучих гэхээр нь би машинд ороод суухад М, Д, Ж, М нар архи уусан, халамцуу байсан. Тэгээд 1 шил “Эликс” нэртэй 0.5 литрийн архи задлаад бид тав хувааж уусан. Тэгээд бид тав Хүрэм багийн иргэн Т гэх айлд ороод 5 шил архи уусан. Бид нар их согтсон байсан. Тэгсэн чинь М, Д хоёр машиндаа унтахад Ж гэх залуу одоо явъя гээд машинаа асаахаар нь би согтуу машин барьж яах юм гээд машины түлхүүрийг нь аваад Тийн орны гудсан завсар нуухад Ж дахин, дахин түлхүүр нэхээд байхаар нь би Жг яах гээд байгаа юм гээд нэг удаа шанаа хэсэгт нь гараараа цохиход Ж намайг зөрүүлээд нүд, хамар хэсэгт гараараа 3-4 удаа цохисон чинь М гэх залуу Жг өмөөрөөд намайг нүд, хамар хэсэгт цохиод байхаар нь би одоо болъё, үхлээ гээд орилоход Д гаднаас орж ирээд намайг тэвэрч аваад боль гэхээр нь би үхэх гээд байна гэхэд Д намайг тавихгүй болохоор нь би Дг нарийн Ггийн нарийн бандиа гэхэд Д миний хамар, хоёр нүдний дунд гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид тав Т гэх айлаас Мынд ирээд би Ж гэх залуугаар машинтай мотоциклио машин дээр ачаад гэртээ шөнийн 01 цагийн үед хүргүүлсэн. Намайг М цохиогүй. Нөгөө гурав нь нүд, хамар руу цохисон. Ж, Д, М гурав намайг ямар учраас зодсон болохыг би мэдэхгүй байна. Бид нарын дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Тухайн үед М, Д хоёр машин дотор байхдаа манай ахыг дэв М, давьдал, шинжгүй гээд байсан болохоор л би тэгж хэлсэн. Би эмнэлэгт үзүүлэхэд миний баруун нүдний ухархайн яс цөмөрч, хамар 2-3 хугаралтай байна гэсэн. Би одоо нүд, хамрын хагалгаанд орох гэж байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. М машиндаа унтсан. Т эхнэртэйгээ, Б эхнэртэйгээ, бид нар л байсан. Би эмчилгээний төлбөрийн баримтаа хэрэгт эх хувиар нь гаргаж өгнө. Би гомдолтой байна. Ж, Д, М гурваас эмчилгээ болон замын зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Г.Дгийн гэрчээр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ч сумын Х багийн Н гэх газар манай төрсөн ахын хүүхэд Мынхоос М, Т, Д Б нарын хам бид шинэ жил тэмдэглэж байгаад бид Тийнд очих гээд явж байхад замд Атой таараад бид Аыг машинд суучих хө гэсэн чинь суухаар нь бид 0,.5 граммтай “Еlexs” нэртэй архи задлаад хувааж уугаад  бид нар Тийнд очлоо, чи очих уу гэсэн чинь за гээд мотоциклио замын хажууд тавьж орхиод бүгд очсон. Тэгээд бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи 1 шилийг 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг бид хэд хувааж уугаад би тасраад унтаад сэрсэн чинь А Б хоёр нэг нэгнээ цохиж байхад М хажуугаас нь баруун шанаа руу нь 1-2 удаа цохиж байсан. Тэгээд би Аыг хажуугаас нь татаж аваад орон дээр дарж унтуулах гэсэн чинь А над руу хэл амаар доромжлоод байхаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд А та нар намайг шургааг хийсэн гэж матаж торгуулсан, тэр мөнгөө та нараас гаргуулж авна гэж орилоод байсан. Би нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Миний харснаар М нь Аыг баруун гараараа шанаа руу 1-2 удаа цохисон. Миний харснаар Б нь Аыг баруун гараараа зүүн шанаа руу 1-2 удаа цохисон. Миний харснаар Аын баруун талын нүд хавдсан байсан. Намайг хэл амаар доромжилж, нарийн Ггийн нарийн банди гэж хэлсэн. Т, Д, М, М, Б нарын хамт байсан. Өмнө нь маргалдаж, муудалцаж байгаагүй. Тийн эхнэр Д архи уугаагүй. Бусад нь уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Г.Бийн гэрчээр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Нарийн жалга гэх газар манай найз М гэх айлд Д, М, Т, Д бид шинэ жил тэмдэглэж байгаад бид Тийнд очих гээд явж байхад замд манай нутгийн залуу Атой таараад бид Аыг машинд суучих хө гэсэн чинь суухаар нь бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи задлаад хувааж уугаад тэгээд бид Тийнд очлоо, чи очих уу гэсэн чинь за гээд мотоциклио замын хажууд тавьж орхиод бүгд очсон. Тэгээд бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи 3 шилийг 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад Т ах тасраад унтсан. Тэгээд гэр рүүгээ явах гэсэн чинь машины түлхүүр А авсан байсан бөгөөд явъя хө гэсэн чинь түлхүүр өгөхгүй байснаа намайг цохихоор нь би зөрүүлээд хоёр удаа цохисон. Д, М хоёр салгасан чинь намайг өмөөрөөд М хоёр удаа цохисон. Салгаад Д Аыг орон дээр дараад хоёулаа хэрэлдээд цохилцоод байсан. Тэгээд салгасны дараа Аын нүд хөхөрчихсөн байсан. А та нар намайг ингэж зодоод байхдаа яадаг юм бэ гэж орилоод байсан юм. Намайг А шанаа руу нэг удаа гараараа цохисон бөгөөд би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаа руу нь хоёр удаа цохисон. Миний харснаар М нь Аыг баруун гараараа нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохисон. Миний харснаар Д нь Аыг баруун гараараа баруун нүд хэсэг рүү 1-2 удаа цохисон. Аын баруун талын нүд хөхөрсөн байсан. Би гэр рүүгээ явах гээд байсан чинь А машины түлхүүр өгөхгүй байсан. Тэрнээс болсон юм. Т, Д, М, М, Д нарын хамт байсан. Өмнө нь өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Тийн эхнэр Д уугаагүй, бусад нь архи уусан байсан. Баруун талын шанаа жаахан хөндүүрлэсэн бөгөөд өөр шарх сорви байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Биед гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Нарийн жалга гэх газар манай найз Мынхоос М, Д, Д Б нарын хамт бид шинэ жил тэмдэглэж байгаад бид манайд очихоор явж байхад замд Атой таараад бид Аыг машинд суучих хө гэсэн чинь суухаар нь бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи задлаад хувааж уугаад тэгээд бид манайд очих уу гэсэн чинь за гээд мотоциклио замын хажууд тавьж орхиод бүгд очсон. Тэгээд бид 0.5 граммтай “Elexs” нэртэй архи 3 шилийг, 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг бид хэд хувааж уугаад би тасраад унтаад сэрсэн чинь А, Д хоёр муудалцаж хэрэлдээд зогсож байсан. А нарийн Ггийн нарийн банди гэсэн чинь Д нэг удаа нүд рүү нь цохисон чинь А алнаа гээд хутга хайгаад чамайг алсан байхад харамсах юм алга, би хоёр бандитай, чи бандигүй, та нараас матуулсан шургаагийн мөнгөө олж авнаа, бүлэглэж зодлоо гэж орилоод байсан. Тэгээд би та нар манайхаас яв гээд бүгдийг нь гэрээсээ явуулсан юм. Бид хоёр бие биедээ гар хүрээгүй. Д нь Аыг баруун гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. Би тэгэхэд тасраад унтаж байсан. Б нь Аыг гараараа шанаа руу хоёр удаа цохисон гэж дараа нь ярьж байсан. Мэдэхгүй, хараагүй. Аын баруун талын нүд хавдсан, хамар нь бас хавдсан байсан. Бид хоёр хэрэлдэж, муудалцаагүй. Б, Д, Д, М, М нарын хамт байсан. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Манай эхнэр Д уугаагүй, бусад нь архи ууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Нарийн жалга гэх газар манайхаас Тийнд очих гээд М, Д, Д Б, Т нарын хамт бид шинэ жил тэмдэглэж байгаад явж байхад замд Атой таараад бид Аыг машинд суучих хө гэсэн чинь суухаар нь бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи задлаад хувааж уугаад цуг очих уу гэсэн чинь за гээд мотоциклио замын хажууд тавьж орхиод бүгд очсон. Тэгээд бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи 3 шилийг, 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг бид хэд хувааж уугаад би тасраад унтаад сэрсэн чинь А намайг зодсон шүү гээд орилоод байж байсан. Тэгээд би та нараас матуулсан шургаагийн мөнгөө олж авна гээд байсан. Бид хоёр бие биедээ гар хүрээгүй. Би тасраад унтсан хойгуур зодоон болсон байсан. Би зодоон хийснийг хараагүй. Миний харснаар Аын баруун талын нүд хавдсан, хамар нь бас хавдсан байсан. Бид хоёр хэрэлдэж муудалцаагүй. Б, Д, Д, М, Т, нарын хамт байсан. Бид хоёр урьд өмнө маргалдаж, муудалцаж байсан болон өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Д архи уугаагүй. Бусад нь архи ууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Э.Мийн гэрчээр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Нарийн жалга гэх газар Мынхоос Тийнд очих гээд Д, Д Б, Т нарын хамт бид шинэ жил тэмдэглэж байгаад явж байхад замд Атой таараад бид Аыг машинд суучих хө гэсэн чинь суухаар нь бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи задлаад  хувааж уугаад тэгээд бид цуг очих уу гэсэн чинь за гээд мотоциклио замын хажууд тавьж орхиод бүгд очсон. Тэгээд бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи 3 шилийг 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг бид хэд хувааж уугаад би их согтсон байсан бөгөөд ухаан орж гараад байсан. А нь Бийг цохисон. Тэгээд Б зөрүүлээд цохисон. Би Бийг өмөөрөөд хоёр удаа цохисон. Би нүүр хэсэг рүү нь баруун гараараа хоёр удаа цохисон. Б А хоёрыг нэг нэгнээ цохиж байхад би Бийг өмөөрөөд Аыг хажуугаас нь хоёр цохисноо л санаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа. Тийнхөөс Аыг явах гээд байж байхад харахад баруун талын нүд нь хавдсан байсан. Би Б найзыгаа өмөөрөөд муудалцсан. Б, Д, Д, Т, нарын хамт байсан. Бид хоёр урьд өмнө нь маргалдаж, муудалцаж байсан болон өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Д архи уугаагүй, бусад нь архи ууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Нарийн жалга гэх газар Мынхоос Тийнд очих гээд Д, М, М, Б, Т нарын хамт бид шинэ жил тэмдэглэж байгаад явж байхад замд Атой таараад М нь машинд тэр хэд үлдээд би нөхрийн хамт гэр рүүгээ түрүүлээд явсан. Тэгээд тэд нар араас манайд ирээд тэд нар 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи 3 шилийг 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад тэд нар явах гээд машинаа асаагаад орхисон байсан чинь А машиныг нь унтраагаад түлхүүрийг нь нуусан байсан. Б түлхүүрээ авъя гэсэн чинь явах болоогүй байна, байж бай гээд Бийг цохиод авсан чинь Б зөрүүлээд цохиод авсан. М салгасан. Тэгээд юм ярьж сууж байгаад М чи миний найзыг яагаад цохиж байгаа гээд Аыг цохиод авсан. Б салгасан чинь А агсраад байсан. Д боль гээд Аыг дараад авсан чинь Дг нарийн Ггийн банди гээд доромжлоод байсан чинь Д цохисон чинь хамраас нь цус гарсан байсан. Д нь Аыг баруун гараараа хамар руу нь цохисон чинь хамраас нь цус гараад байхаар нь би нойлын цаасаар арчиж өгсөн чинь нүд нь жаахан хөхөрсөн байсан. Б нь Аыг гараараа шанаа руу нь 1 удаа цохисон. М нь Аыг хацар руу нь 1 удаа цохисон. Манайхаас гарахдаа Аын баруун талын нүд хөхөрсөн, хамар нь хавдсан байсан. Машины түлхүүрээс болсон. Б, Д, М, Т нарын хамт байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Бусад нь архи ууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Пгийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Бумат гэх газар Тийнд Д, М, М, Б, Д, Б, А нарын хамт бид шинэ жил тэмдэглэж байгаад тэд нар 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи 3 шилийг, 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад манай нөхөр М тасраад унтсан. Тэгээд А Б хоёр машины түлхүүрээс болоод муудалцаад А Бийг цохиод авсан чинь Б нүүрэн тус газарт нь цохиж байсан. Тэгээд намайг Д 3 настай хүүхдээ аваад гэрээс гараад байж бай гэхээр нь би гадаа байж байгаад гэрт орсон чинь зодоон болоод дууссан байсан. Аын нүд хавдсан, хамраас нь цус гарсан байж байсан. Тухайн үед гэр дотор А, Б, М, Д, Д нар байсан. Миний харснаар Б нь Аыг нүүр тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Би тэгээд гэрээс хүүхэд аваад гарсан. Д, М хоёрыг цохисныг хараагүй. Аын баруун талын нүд хавдсан байсан. Машины түлхүүрээс болж муудалцсан. Д архи уугаагүй эрүүл байсан. Бусад нь архи ууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай багийн айл болох Тийн гэрт найз М, А, Д бид нар хамт очсон. Тэгээд хоол унд идэж дуусаад Т архи гаргаж бид нарт өгсөн бөгөөд бид 4 хувааж уугаад явах гэсэн чинь А согтуу машин жолоодож яах юм бэ, хоол идээд явъя гээд машины түлхүүр нуугаад өгөхгүй болохоор нь Атой маргалдаад зодолдсон. Тэгтэл М намайг өмөөрөөд Аыг цохисон. Гаднаас Д орж ирээд бид нарыг салгаад Аыг тэврээд дарж суугаад салгасан чинь А Дг доромжлоод үгээр идээд байсан чинь Д уурлаад Аыг цохисон юм. Болсон явдал бол ийм л зүйл болсон. Бид гурав хохирлыг барагдуулсан. Сайн дураараа эвлэрсэн. Уучлалт гуйсан. Одоо бид нарт ямар нэгэн санал, гомдолгүй. М бид хоёрыг А нь нэг, нэг удаа гараараа цохисон. Ямар ч гэмтэл учраагүй. Гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Дгийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бид гурав хохирлын мөнгө болгон Ад 8 сая төгрөг Э.Эрдэнийн дансаар шилжүүлсэн байгаа. Бид нар одоо сайн дураараа эвлэрсэн санал хүсэлт байхгүй болсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлыг талаар үнэн зөв мэдүүлсэн тул одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бид гурав Ад хохирлын мөнгө болгож 6 сая төгрөгийг дансанд нь хийсэн. Харин мөн 2 сая төгрөгийг нь миний 5151048783 гэсэн данснаас утсаар шилжүүлсэн байгаа. 6 сая төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Бид нар сайн дураараа эвлэрсэн тул хэргийн түргэн шуурхай шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Л.Аын биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хамар ясны хугарал засах, ухархайн дотор ханыг сэргээх мэс засал хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 75-77 хуу/  

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 148, 150 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68-70 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ц гэх газарт иргэн Л.А нь Г.Д, Г.Б, Э.М нарт зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ц гэх газарт иргэн Л.Атой маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: 

хохирогч Л.Аын “...М, Д хоёр машиндаа унтахад Ж гэх залуу одоо явъя гээд машинаа асаахаар нь би согтуу машин барьж яах юм гээд машины түлхүүрийг нь аваад Тийн орны гудсан завсар нуухад Ж дахин, дахин түлхүүр нэхээд байхаар нь би Жг яах гээд байгаа юм гээд нэг удаа шанаа хэсэгт нь гараараа цохиход Ж намайг зөрүүлээд нүд, хамар хэсэгт гараараа 3-4 удаа цохисон чинь М гэх залуу Жг өмөөрөөд намайг нүд, хамар хэсэгт цохиод байхаар нь би одоо болъё, үхлээ гээд орилоход Д гаднаас орж ирээд намайг тэвэрч аваад боль гэхээр нь би үхэх гээд байна гэхэд Д намайг тавихгүй болохоор нь би Дг нарийн Ггийн нарийн бандиа гэхэд Д миний хамар, хоёр нүдний дунд гараараа нэг удаа цохисон. Би эмнэлэгт үзүүлэхэд миний баруун нүдний ухархайн яс цөмөрч, хамар 2-3 хугаралтай байна гэсэн. Би одоо нүд, хамрын хагалгаанд орох гэж байгаа...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 06-08/, 

гэрч Д.Тийн “...А нарийн Ггийн нарийн банди гэсэн чинь Д нэг удаа нүд рүү нь цохисон чинь А алнаа гээд хутга хайгаад чамайг алсан байхад харамсах юм алга, би хоёр бандитай, чи бандигүй, та нараас матуулсан шургаагийн мөнгөө олж авна, бүлэглэж зодлоо гэж орилоод байсан. Д нь Аыг баруун гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. Би тэгэхэд тасраад унтаж байсан. Б нь Аыг гараараа шанаа руу хоёр удаа цохисон гэж дараа нь ярьж байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/, 

гэрч Т.Мын “...Тэгээд бид 0.5 граммтай “Еlехs” нэртэй архи 3 шилийг, 0.5 граммтай “Ауруг” нэртэй архи 1 шилийг бид хэд хувааж уугаад би тасраад унтаад сэрсэн чинь А намайг зодсон шүү гээд орилоод байж байсан. Би тасраад унтсан хойгуур зодоон болсон байсан. Миний харснаар Аын баруун талын нүд хавдсан, хамар нь бас хавдсан байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/, 

гэрч Д.Дын “...Б түлхүүрээ авъя гэсэн чинь явах болоогүй байна, байж бай гээд Бийг цохиод авсан чинь Б зөрүүлээд цохиод авсан. М салгасан. Тэгээд юм ярьж сууж байгаад М чи миний найзыг яагаад цохиж байгаа гээд Аыг цохиод авсан. Б салгасан чинь А агсраад байсан. Д боль гээд Аыг дараад авсан чинь Дг нарийн Ггийн банди гээд доромжлоод байсан чинь Д цохисон чинь хамраас нь цус гарсан байсан. Д нь Аыг баруун гараараа хамар руу нь цохисон чинь хамраас нь цус гараад байхаар нь би нойлын цаасаар арчиж өгсөн чинь нүд нь жаахан хөхөрсөн байсан. Б нь Аыг гараараа шанаа руу нь 1 удаа цохисон. М нь Аыг хацар руу нь 1 удаа цохисон. Манайхаас гарахдаа Аын баруун талын нүд хөхөрсөн, хамар нь хавдсан байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/, 

гэрч Т.Пгийн “...Тэгээд А Б хоёр машины түлхүүрээс болоод муудалцаад А Бийг цохиод авсан чинь Б нүүрэн тус газарт нь цохиж байсан. Тэгээд намайг Д 3 настай хүүхдээ аваад гэрээс гараад байж бай гэхээр нь би гадаа байж байгаад гэрт орсон чинь зодоон болоод дууссан байсан. Аын нүд хавдсан, хамраас нь цус гарсан байж байсан” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-63/,   

шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нарын гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 108-109, 118-119, 128-129/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нарын бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Цагаан эрэг гэх газарт иргэн Л.Атой маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б овогт Гийн Б, С овогт Эын М, О овогт Ггийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Л.А нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд Г.Д, Г.Б, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор тэдгээрт оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Г.Д, Г.Б, Э.М нар нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д, Г.Б, Э.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Гийн Б, С овогт Эын М, О овогт Ггийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Мийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Дг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б, Э.М, Г.Д нарт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.М, Г.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Г.Б, Э.М, Г.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б, Э.М, Г.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б, Э.М, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ