| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00607/И |
| Дугаар | 848 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 848
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2017/00848 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1957 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 17 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, РЮ57020504 дугаар регистртэй, Цагаан урад овогт Дэжидийн Бямбаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 38-03 тоотод оршин суух хаягтай, одоо Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Хорих 443 дугаар ангид ял эдэлж байгаа, РХ66011711 дугаар регистртэй, Оргио овогт Бадарчийн Мөнхсайханд холбогдох,
Гэм хорын хохирол 4.777.370 /дөрвөн сая долоон зуун далан долоон мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2017/00607/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, иргэдийн төлөөлөгч Л.Нямдорж, нэхэмжлэгч Д.Бямбаа, хариуцагч Б.Мөнхсайхан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр М.Жаргалсайханы амь нас эрсдэхэд Б.Мөнхсайханы үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсний улмаас нөхөр маань бусдын болон эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан учир Б.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 3 жил 4 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, оршуулгын зардал 6.196.422 төгрөг гаргуулж, надад олгохоор Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Гэвч Б.Мөнхсайхан дээрх хохирлыг төлж барагдуулаагүй өдий хүрсэн. Бид авсан шинэ газартаа байшин барих зорилгоор талийгаач нөхөр маань 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан байсан. Уг зээлээ аваад 10 ч хоноогүй нас барсан ба тэр мөнгийг хэрэглэж амжаагүй байсан тул түүний оршуулга болон буяны ажилд нь зарцуулсан. Тухайн зээлийг авахдаа манай охин Ж.Оюунсүрэн хамтран зээлдэгчээр орсон ба бид хамт амьдардаг. Талийгаач нөхрийн авсан тэтгэврийн зээл 4.777.370 төгрөгийг төлж барагдуулахыг биднээс банк байнга шаардаж байсан тул би тэтгэврийн нэмэлт зээл авч нөхрийнхөө тэтгэврийн зээлийг хааж, 2020 оны 8 дугаар сар хүртэл ямар ч тэтгэвэр авах эрхгүй болсон. Хэрэв миний нөхөр амьд сэрүүн байсан бол надад ийм хохирол учрахгүй байсан. Б.Мөнхсайханы хүүхэд Японд сурдаг, төлбөрийн чадвартай учир түүнээс 4.777.370 төгрөг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мөнхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.Бямбаад талийгаач нөхрийн нь авсан тэтгэврийн зээлийг төлөх үндэслэлгүй. Бодит үнэн гэвэл уг зээлийг ар гэр болох эхнэр Д.Бямбаа нь өөрөө хэрэглэж зарцуулсан байтал би тэр зээлийг төлөх ёсгүй. Өнгөрдөгийг тухайн үед нь надтай хамт явсан Д.Мөнхбат /өнгөрдөгийн найз/ буулгасан энэ талаар давж заалдах шатны хуралд тодорхой бичсэн ч би хилс хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар 3 жил 4 сарын хугацаатай хорих ял эдэлж байна. Үнэн гэж байдаг бол суллагдаж гараад дахин өөр газраар явж өөрийн гомдлоо барагдуулна. Би сэтгэл гаргаж хохирлоос 1.000.000-2.000.000 төгрөг өгч барагдуулъя гэхэд хүлээж аваагүй. Одоо би эрүүл мэндийн хувьд маш муу, даралт ихэсдэг, хавантай, нурууны суулттай, тэр нь байнга өвддөг, зүрхээр хатгадаг зэрэг өвчинд нэрвэгдсэн. Эндээс амьд гарах баталгаагүй байна. Та намайг ганцхан талийгаачийн үхэлд буруутгаж болохгүй. Тэр хүн өөрөө архи уудаг байсан, олон хоног архи уугаад явахад нь гэр бүлийн хүмүүс түүний араас анхаарал тавьж хөөцөлдөж яваагүй байдаг. Намайг ял эдэлж байх хугацаанд эхнэр маань нэг ч удаа эргэж ирээгүй. Хүүхэд маань Японд сурдаг нь үнэн ч би одоо нэхэмжилж байгаа тэтгэврийн зээлийг төлөх боломжгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагч Б.Мөнхсайханд холбогдуулан гэм хорын хохирол 4.777.370 /дөрвөн сая долоон зуун далан долоон мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Б.Мөнхсайханы үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсний улмаас нас барсан нөхөр М.Жаргалсайханы авсан тэтгэврийн зээл 4.777.370 төгрөгийг банкинд төлж барагдуулсан тул уг мөнгийг гаргуулж авна, хариуцагч нь уг зээлийг ар гэр болох эхнэр Д.Бямбаа нь өөрөө хэрэглэж зарцуулсан тул хохирлыг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Бямбаа, талийгаач М.Жаргалсайхан нар гэр бүл байсан бөгөөд хариуцагч Б.Мөнхсайханы гэм буруутай үйлдлээс М.Жаргалсайхан 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан зэрэг нь зохигчийн тайлбар, 02 дугаартай гэрлэгсдийн болон 0000169065 дугаартай нас барсны гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар магадлал зэрэг баримтуудаар нотлогдсон болно.
ХААН банк, зээлдэгч М.Жаргалсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Оюунсүрэн нарын хооронд байгуулагдсан тэтгэврийн зээлийн гэрээний төлбөр 4.777.370 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бямбаа эргүүлэн төлж, тэтгэврийн зээлийг хаасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар, Д.Бямбаагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, ХААН банкны Хөвсгөл салбарын зээл хаасан тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “...зээлдэгч Магсарын Жаргалсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Жаргалсайханы Оюунсүрэн нар нь...энэхүү гэрээнд заасан нөхцлийг харилцан зөвшөөрснөөр байгуулсан болно...” гэх бичилттэй тэтгэврийн зээлийн гэрээний нөхцлийг зөвшөөрч М.Жаргалсайхан, Ж.Оюунсүрэн нар гарын үсэг зурж, 4.608.200 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүү тооцон авчээ. Өөрөөр хэлбэл тус зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Оюунсүрэн тул тэтгэврийн зээлийн төлбөр 4.777.370 төгрөг гаргуулахаар Д.Бямбаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд “...оршуулгын зардал 6.196.422 төгрөг гаргуулж, надад олгохоор Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан...талийгаач нөхөр маань 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл...аваад 10 ч хоноогүй нас барсан ба тэр мөнгийг хэрэглэж амжаагүй байсан тул түүний оршуулга болон буяны ажилд нь зарцуулсан...” гэх тайлбар гаргасан бөгөөд хэрэв тэтгэврийн зээл 4.777.370 төгрөгийг талийгаач М.Жаргалсайханы оршуулгын зардалд хэрэглэсэн бол энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.
Иймд Б.Мөнхсайханаас гэм хорын хохирол 4.777.370 /дөрвөн сая долоон зуун далан долоон мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай Д.Бямбаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч Б.Мөнхсайханаас гэм хорын хохирол 4.777.370 /дөрвөн сая долоон зуун далан долоон мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бямбаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА