Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2207000320028 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******, *******анд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,

 урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

******* овогт *******ын ******* /РД: ................./.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр , , тоотод байх гэртээ эхнэр К.ыг үл ялих зүйлээр шалтаглан шалны модоор толгойн тус газарт нь 3-4 удаа цохисны улмаас хохирогч К.ы биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун хацар, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  2. Хохирогч К.ы мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
  3. Хохирогч К.ы зөрчлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,
  4. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
  5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
  6. Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36 дахь хуудас/ зэрэг болно.

 

Харин шүүгдэгч М.*******аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр , , тоотод байх гэртээ эхнэр К.ыг үл ялих зүйлээр шалтаглан шалны модоор толгойн тус газарт нь 3-4 удаа цохисны улмаас хохирогч К.ы биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун хацар, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт:

 

  • Эрх бүхий албан тушаалтны 2022  оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн “манай нөхөр намайг зодоод байна” гэх зөрчлийн талаар харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал),

 

  • Хохирогч К.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим би ******* ******* тоотод байрлах хувийн байшиндаа очиход манай нөхөр М.******* гэртээ халамцуу байдалтай сууж байсан. Тухайн үед манай хүү Нурдас чанга чанга шуугиад тоглож байхад нь манай нөхөр “дуугүй бай” гээд загнихаар нь би уурлаад “уусан архиа зүгээр шингээ битгий хүүхэд загнаад бай” гэтэл манай нөхөр “би хүүхдээ мэдье, энэ гэрийн эзэн нь хэн юм бэ” гэхээр нь би уурлаад “би байна” гээд хэлсэн чинь манай нөхөр уурлаад шалны мод аваад намайг цохих гэхэд нь би бултаад бултахдаа хальтраад унасандаа уурлаад шалны модыг аваад өөрлүү нь шидсэн чинь намайг ******* уурлаад дахиад шалны модоор толгой руу 3 удаа цохиод гэрээс гараад явсан. Би энэ үед уурандаа цагдаа дуудсан юм. Намайг манай нөхөр ******* шалны модоор цохиж дух зулгалсан, шалны модоор булга руу цохисон, хацар руу бол цохиогүй, духанд цохисон хөхрөлт нь доошоо нүд хацар руу маргааш нь буучихсан байсан юм. Шалны мод хугарчихсан болохоор дахиад хэрэглэхгүй юм чинь гээд шатаагаад түлчихсэн. Шалны мод нь намайг цохиход нь хугарчихсан юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл огт байхгүй, бид хоёр ойлголцсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

 

  • Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай “...К.ы биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун хацар, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээ бага буюу 2 гэсэн оноо бүхий тэмдэглэл (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

 

  • Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай хүүхдүүд унтах гээд шуугилдаад уйлалдаад байхаар нь би дуугүй бай гээд шалны модоор шал цохисон чинь шалны мод хугарчихсан, тэгтэл эхнэр над руу уурлаад мод хугаллаа гээд үглэсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ яагаад тэгэж уурласан бүү мэд уурандаа эхнэр руу шалны мод далайсан чинь хальтарч унаад толгойгоо цохисон. Тэгээд босож ирээд надруу шалны модны хугархайг шидсэн. Тэгэхээр нь би уурлаад нөгөө модоороо бие үү нь 1-2 удаа цохисон. Тэгээд тэр чигээрээ гэрээсээ гараад зугтаагаад гудамжиндаа хаачихаа мэдэхгүй сууж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         

Шүүгдэгч М.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч М.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч К.ы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

            Мөн шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.*******, хохирогч К. нар нь 2018 оноос хамтран амьдарч эхэлсэн, 2 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжгүй, харин түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч К. нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч М.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНХЖАРГАЛ