Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

            Улсын яллагч Г.Чанцалдулам,

            Хохирогч Б.Төмөр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн

            Шүүгдэгч Б.Э*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******ын Э***********ад холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            Шүүгдэгч Б.Э*********** нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай гэх газарт иргэн Б.Т************н эзэмшлийн “Эстима-20” маркийн 49-15 ХӨҮ улсын дугаартай автомашины 4 дугуйг сүхээр цохиж, тээврийн хэрэгслийн копудыг хөшиж, машины салхины шилэнд цууралт үүсгэж бусдын тээврийн хэрэгсэлд 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Э***********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би он сар өдрийг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан 2021 оны 9 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Би найз Б************тэй хамт Бүрэнтогтох сумын Сангийн далай баг руу өөрийн эзэмшлийн бонго-3 маркийн 92-74 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй. Сангийн далай багт байдаг Батзориг гэдэг айлд байсан гэрт нь эхнэр хүүхэд хоёр байсан. Бид хоёр Батзоригийнд өглөө 05 цаг өнгөрч байхад очсон. Очоод хэсэг унтаад өглөө 09 цаг 30 минутын үед боссон тэгээд байж байтал Батзоригийн эхнэр манай хонь үргээд байна.  ... төд удалгүй гэрийн эзэн Батзориг гэртээ ирсэн. Тэгээд Батзориг хониндоо явсан. Тэгээд бид хоёр ч бас араас нь очсон. Модон дотор байсан хүмүүс бид хэдтэй уулзахгүй зугтаж гүйгээд байсан. Тэгэхээр би дотроо малын хулгайчид байна гэж бодоод Батзоригийн мотоцикл унаад нөгөө хүмүүсийн газар очоод уулзъя гараад ир гэж орилсон чинь нөгөө хүмүүс гарч ирэхгүй байсан. Харин модон дотор тэр хүмүүсийн машин бололтой нэг цагаан өнгийн гэр бүлийн машин зогсож байсан. тэгэхээр нь би дуудаад уулзахгүй байхаар нь угаасаа малын хулгайч нар байна гэж бодоод өөрийнхөө машин дээр очоод хурц сүхээ аваад нөгөө цагаан машины 4 дугуйг нь цавчиж хаячхаад би Батзоригийн гэрт очоод байж байтал араас үл таних 1 хүүхэн 2 залуу ирсэн. Ирээд нөгөө хүмүүс яагаад дугуй хагалж байгаа юм гэж ирсэн. Тэгэхээр нь би та хэдийг нэлээн хэдэн удаа дуудсан та хэд өөрсдөө уулзаагүй. Манай найз Батзориг өмнө жил нь 70 гаран хонь алдсан учраас та нарыг хонины хажууд байхаар нь би малын хулгайчид байна гэж бодоод л дугуйг чинь хагалчихсан шүү гэж би хэлсэн чинь тэр хүмүүс тэр газар өмнө дараа ухан тэрийгээ ламаар аргалуулах ажилтай явна гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс явсан. ... би 4 дугуйг нь цавчсан.  Салхины шил, копот руу бол ёстой хүрээгүй. Сүүлд Б.Төмөр гэдэг хүн манай гэрт ирээд надтай уулзаад би 4 дугуйг нь төлж өгөхөөр болоод машин түлээ буулгахаар болоод тохиролцоод явсан. ...” гэх мэдүүлэг,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-9-10х),

            Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт (хх-11х),

            2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2145617200503 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-33-34х),

            Хохирогч Б.Т************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд хувиараа ламын ажил хийдэг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Бүрэнтогтох сумын Сангийн далай гэх газарт байх Батжаргал гэх айлын эмэгтэй намайг гэртээ залсан юм. Тухайн өдөр Мөрөнгөөс Батжаргал гэх засал хийлгэх гэж байгаа хүн миний машинд суугаад хамт гэр лүү нь явсан. Тухайн үед миний нүдэнд өвдөг гарсан тул машинаа Ганаа гэх танил дүүгээр жолоо бариулж явсан. Эхнэр болох Гэрэлмаа хамт явсан юм. Тэгээд Бүрэнтогтох сумын Сангийн далайн Нурамт гэх газарт Батжаргал гэх эмэгтэйнд очоод засал хийгээд ууланд гарах шаардлага гараад тухайн уулынхаа бэлд машинаа орхиод дээшээ гараад зан үйл үйлдчихээд тухайн өдрөө 13 цагийн үед 20 орчим минут болчхоод буугаад ирэхэд миний машины 4 дугуйг сүхээр цавчиж хийг нь гаргасан, мөн урд копутыг хөшиж хонхойлгож нугасыг гажаасан байсан ба түүнээс болж салхины шилийг цуурсан байсан. Миний машины хажууд өөрийгөө Б************, Э*********** гэж өөрийгөө танилцуулсан хоёр залуу миний машиныг эвдэж гэмтээсэн байсан. Тухайн үед согтуу байсан тул тухайн хүмүүстэй ойлголцож чадаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...би тухайн машинд үүссэн эвдрэлээс болж комиссын 4 дугуй тус бүр 100,000 төгрөгөөр буюу 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Салхины шил 300,000 төгрөг, урд копут хонхойж нугас нь гажсан, урдаас орж ирсэн нь 300,000 төгрөг байдаг юм. Машин хөдлөх боломжгүйгээс болж хоёр удаа Бонго-3 гэх машин хөлсөлж тухайн машин эвдэрсэн машин дээр очсон үүнд нэг явалтад 100,000 төгрөгөөр тохирч 2 удаа явсан нь 200,000 төгрөгөөр тохирсон уг мөнгө мөн надаас гарсан тул тухайн хүмүүсээс нэхэмжилж байна. Надад гомдол, санал хүсэлт байхгүй. Э*********** гэдэг хүн үнэлгээгээр тогтоосон миний хохирлыг барагдуулж өгөх, мөн нааш, цаашаа явсан бензин тосны зардал 200,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хх-17-18, 21х),

            Гэрч Ц.Б************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёрыг очиход манай дүү Батзориг гэртээ байхгүй хадландаа явсан байсан. Гэрт нь эхнэр, хүүхэд хоёр нь байсан. Очоод хэсэг унтаад өглөө 10 цаг 05 минутын үед боссон тэгээд байж байтал Батзоригийн эхнэр манай хонь үргээд байна модноос хоёр, гурван хэсэг болоод тасарч гарч ирээд байна гэхээр нь би мал байгаа газар луу дурангаар харахад хонь гурав тасарсан цаана нь 3 хүн яваад байсан. Төд удалгүй гэрийн эзэн Батзориг гэртээ ирсэн. Тэгээд Батзориг хониндоо явсан. Э*********** бид хоёр ч араас нь Э***********ын машинтай очсон чинь модон дотор байсан хүмүүс бид хэдтэй уулзахгүй зугтаж гүйгээд байсан. Тэгээд манай найз Э***********, Батзоригийн мотоциклийг унаад тэр хүмүүсийн араас явсан. Батзориг бид хоёр Э*********** машиныг тэвшин дээрээс юм аваад байсан юу авсныг нь мэдээгүй. Батзориг бид хоёр хонио туугаад гэр лүүгээ явсан. Төд удалгүй араас Э*********** ирсэн. Нөгөө хүмүүстэйгээ уулзъя гэж асуусан, 4 дугуйг нь сүхээр хаглаад хаясан одоо ч явж чадахгүй муу хулгайч нар гэсээр ирсэн. Нэлээн хэсэг хугацааны дараа бид гурвын араас 1 хүүхэн, 2 эрэгтэй хүн яагаад дугуй хагалж байгаа юм гэж ирсэн. Тэгсэн Э*********** та хэдийг нэлээн хэдэн удаа дуудсан та хэд өөрсдөө уулзаагүй. Манай найз Батзориг өмнө жил нь 70 гаруй хонио алдсан учраас та нарыг хонины хажууд байхаар нь би малын хулгайчид байна гэж бодоод л дугуйг чинь хагалсан шүү гэж тэр хүмүүст яриад байсан. ...” гэх мэдүүлэг (хх-24-25х),

            Гэрч Ц.Г************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Орой 22 цагийн үед хөдөөний айлд очсон. Тэр шөнө Төмөр ах тэнд ном уншаад засал хийгээд хоносон. ... очоод засал номоо хийгээд байж байсан чинь 2 залуу бид хэдийн машин орхисон газар хөх өнгийн портертой 2 залуу ирж байсан. Төд удалгүй би машин дээр яваад очсон. Нөгөө хоёр залуу уруудаад машинтайгаа явж байсан. Төмөр ахын машин дээр ирэхэд салхины шил цуурсан, кобуд нь гажсан 4 дугуйг нь сүхээр цавчаад хагалаад хаясан байдалтай байсан. Араас Төмөр ах нөгөө засал хийлгүүлж байсан хүмүүстэйгээ ирсэн. Тэгээд нөгөө машин дээр ирсэн хүмүүсийн машин нэлээн доор айлын гадаа байхаар нь бид хэд бүгдээрээ очсон. Очсон чинь нөгөө машин бариад 2 залуу согтуу байсан. очоод уулзсан чинь Э*********** гэдэг залуу урдаас хэл амаар доромжлоод би хагалсан, эвдсэн тэгээд яах юм гээд байсан. Угаасаа тэр Э*********** гэдэг залуу согтуу байсан болохоор хэл ам авалцаагүй. Бид хэд засал хийлгэсэн хүмүүсийн машинаар аймгийн төв Мөрөн сум руу машинаа чирүүлж төвөөс 4 дугуй авч ирж тавьж орж ирсэн. ...тухайн үед эвдэж байхад нь бол хараагүй. Бид нарын байсан газар тэр хоёр согтуу машинтай залуугаас өөр хүмүүс байгаагүй тэд нар л эвдсэн л тодорхой байсан. Дараа нь угаасаа тал дээр байсан айл руу очиход Э*********** гээд дундаж нуруутай бор залуу би эвдсэн гээд л урдаас хэрэлдээд байсан. ...” гэх мэдүүлэг (хх-28-29х),

            Гэрч Н.Г************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Батжаргал гэх эмэгтэйн өвөлжөө бууц нь таарахгүй болохоор манай нөхрөөр засал ном хийлгэж, уул, усаа аргадуулахаар дагуулж явсан юм. ... Ууланд гараад сүү цагаан идээний дээж өргөчхөөд нар зөв бууж ирсэн чинь уулын бэлд байсан манай машины 4 дугуйг цавчсан, кобутыг нь хөшиж, салхины шил нь цуурсан байсан. Тэгтэл урдаас хөх өнгийн портер машин ирж явсан. Тэр машинаас 2 согтуу залуу бууж ирсэн. Өөрсдийнхөө нэрийг хэлэхдээ Э***********, Б************ гэж байсан. Яагаад ингэсэн юм бэ гэж асуухад хохино би эвдсэн юм яадаг юм хонь, мал үргээдэг та нар хэн юм гэж хэлээд байсан. Тэгээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-45х), Б*******ын Э***********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-52х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-53х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-54х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “эд хөрөнгө гэмтээх” гэж ойлгох ба тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.  

            Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.

            Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Э*********** нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай гэх газарт иргэн Б.Т************н эзэмшлийн “Эстима-20” маркийн 49-15 ХӨҮ улсын дугаартай автомашины 4 дугуйг сүхээр цохиж, тээврийн хэрэгслийн копудыг хөшиж, машины салхины шилэнд цууралт үүсгэж бусдын тээврийн хэрэгсэлд 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаад устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-9-10х),

            Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт (хх-11х),

            2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2145617200503 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-33-34х),

            Хохирогч Б.Т************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-17-18, 21х),

            Гэрч Ц.Б************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-24-25х),

            Гэрч Ц.Г************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-28-29х),

            Гэрч Н.Г************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-31х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн дагуу шүүх үнэлээгүй болно.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

            Шүүгдэгч Б.Э***********ын үйлдэлд бусдын эд хөрөнгийг эвдэж, устгаж болохгүй гэдгийг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эд зүйлийг эвдэж, бага хэмжээнээс дээш хохирол учруулан, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Э***********  нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хх-45) тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э***********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч Б.Э***********ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т************н автоминд 750.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч автомашины эвдрэл хохирлын үнэлгээг нийт 750.000 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна. 

            Иймээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчиний дүгнэлтээр тогтоогдсон 750.000 төгрөг гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тухайлан зааж зохицуулсан байна.

            Хохирогч Б.Төмөр нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ирж, очих унааны зардал 200,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт автомашины эвдрэл хохирлын үнэлгээ буюу 750,000 төгрөгийг авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.Э***********ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 750,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул шүүгдэгч Б*******ын Э***********аас 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг  гаргуулж, хохирогч Б.Т************ олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э***********ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Б.Э*********** оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Б.Э*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.Э*********** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн машинаар тээвэр хийж амьжиргаагаа залгуулдаг учраас ажиллах боломжийг нь үлдээж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт, өмгөөлөгчийн саналд шүүх дүгнэлт хийгээд шүүгдэгч Б.Э***********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэх нь зүйтэй.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Б*******ын Э***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б*******ын Э***********ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Э*********** нь торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э*********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Э***********ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э***********аас 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т************ олгосугай.

6. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э***********ад шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЭЭЖИН