Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 850

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган суманд 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багт оршин суух, РЖ77020238 дугаар регистртэй, Саа таван тэнгэр овогт Лханаажавын Булганчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1969 онд төрсөн, 48 настай, бүрэн дунд боловсролтой, машинист засварчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багт оршин суух, РЙ69102713 дугаар регистртэй, Гүнийх овогт Дашдоржийн Энхтөрд холбогдох,

             Гэм  хорын  хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2017/00594/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Л.Булганчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Д.Энхтөр нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Булганчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Цэрэнпунцагийн төрсөн эцэг, түүний хууль ёсны төлөөлөгч юм. Миний хүү Цэрэнпунцагийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09-10 цагийн хооронд хичээл сургуультай  байхад нь Э.Идэрбат гэх  хүүхэд  сургуулийн хашаанд танхайрах явцдаа зодож зүүн гарын 2 савх ясыг хугалсан, тархи доргисон, тархины хэсгээр хавдар үүссэн, нуруу хазайлттай, хамрын зөөлөн эд гэмтэж их хэмжээний цус  алдсан,  биеийн  зүүн хөлийн  гуя гэмтэж хөхөрсөн гэмтлийг учруулсан юм. Эдгээр  гэмтлүүдийг учруулсан тухайн үед түүний аав, ээж болох Энхтөр, Эрдэнэцэцэг нар хүүг минь ял зэмгүй өнгөрөөж өгөөч, бид төлбөрийг хэд ч гэсэн хийнэ гэж байсан боловч насанд хүрээгүй гэх  үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах үеэс эхлэн зан чанар нь өөрчлөгдөж улмаар  төлбөрийг төлөхгүй болсон. Одоо хүүгийн  бие дотор  эвгүйрхэж  бөөлжих, толгой  эргэх, хугарсан яс өвдөх, сэтгэлээр унаж нойргүйдэх зэрэг зовиуртай байгаа ба эмч нарын зөвлөснөөр Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмч нарын шинжилгээ хийлгэсэн, эмчилгээ хийгдэж  байгаа болно. Бид хүүгээ бүрэн  эмчлэхийн  тулд  Мөрөн  сум  олон  удаа орж  буцсан, эм  тарианы  болон шинжилгээ эмчилгээний зардал, гэмтлийн улмаас хичээлд явж чадахгүйгээс үүссэн хичээлийн хоцрогдлыг арилгах сургалтын хөлс гээд зайлшгүй гарсан зардлыг төлүүлэх  шаардлагатай  байна. Иймд Д.Энхтөрөөс нотлох баримтаар бүрдсэн гэм хорын хохирол 1.500.000 төгрөгийг  гаргуулж  өгнө  үү гэжээ.

          Хариуцагч  Д.Энхтөр  шүүхэд  гаргасан тайлбартаа:  Би Л.Булганчулууны  нэхэмжлэлтэй  танилцлаа. 1.500.000 төгрөгийг гаргуулна гэсэн  байна. Булганчулууны хүүхэд Цэрэнпунцаг   манай хүүхдийг түрүүлж цохисон байдаг. Харилцан  цохих  үедээ  Цэрэнпунцаг  нь манай  хүүхдийг  цохиод, гар  болохоо байчихлаа  гэсэн  байдаг. Энэ  явдлын улмаас  Цэрэнпунцагт гэмтэл  учирсан юм гэсэн. Дээрх үйлдэл нь хүүхдүүдийн болчимгүй  гэнэн  зангаас үүдэлтэй  бөгөөд энд хэн  нэгний  буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна. Цэрэнпунцагт учирсан хохирлыг тооцоход зохих  хэмжээний  зардал  гарсан  болохыг  ойлгож  байна. Иймд  би 500.000 төгрөгийг  төлж барагдуулах боломжтой  байна. Харин 1.000.000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч Л.Булганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүгийн эмчилгээнд 1.500.000 төгрөгөөс илүү зардал гарсан. Би зөвхөн нотлох баримтаа үндэслэж тус зардлыг нэхэмжилсэн. Гэвч Д.Энхтөр, бид хоёр ярилцаад эвлэрч, 1.000.000 төгрөг өгч, авахаар тохирлоо. Давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Булганчулуун, бид хоёр нэг нутгийн хүмүүс тул эвлэрч, хохиролд 1.000.000 төгрөг өгч, авахаар тохирлоо. Давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Л.Булганчулуун нь хариуцагч Д.Энхтөрд холбогдуулан гэм хорын хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Энхтөртэй эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийн тал хувь болох 14.275 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэдийн төлөөлөгч Д.Ариунболд шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул зохигчийн саналыг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Булганчулууны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Энхтөрд холбогдох гэм хорын хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Д.Энхтөрөөс улсын тэмдэгтийн хураамж 14.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Булганчулуунд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА

 

                                                      ШҮҮГЧИД                       Н.БЯМБАСҮРЭН

 

                                                      Г.ДАВААХҮҮ