Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Б.Соёлмаа,

          шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

          хохирогч С.С, түүний өмгөөлөгч О.Одхүү,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Сын өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Нт холбогдох эрүүгийн 1810 0093 70445 дугаартай хэргийг 2018 оны 9 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Омбоон овгийн Г-н Н, 1990 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ......тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ......оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Г.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ....... тоотод оршин суух С.Сынд байхдаа, 1.100.000 төгрөгийг хулгайлан авч, С.Ст 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцон, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавих ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Н нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 640.000 төгрөгийг хохирогч С.Ст нөхөн төлж барагдуулсан, хохирогч С.С нь үлдэх хохирол 460.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг баталж, Г.Н нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хохирогч С.Сын өмгөөлөгч О.Одхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Г.Н нь мэдүүлэгтээ “хохирогчид бэлнээр 640.000 төгрөг өгсөн” гэж худлаа мэдүүлсэн, мөн хохирогчид авсан бүх мөнгөө шүүх хурлын дараа төлнө, тиймээс хохирлын үлдэгдэл мөнгө болох 460.000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэж шүүхэд мэдүүлж өгөөч хэмээн гуйж, өрөвдүүлж байж хохирогчоор хэлүүлсэн боловч хохирлын үлдэгдэл мөнгөө өгөөгүй, өөрөөр хэлбэл хохирогчийг болон шүүхийг хууран мэхэлсэн, хохирол бүрэн төлөгдөөгүй.

2. Г.Н нь хохирлын мөнгө өгсөн гэх боловч өөрөө төлөөгүй, хэргийн хамсаатан болох Н.Б нь хохирогчид ердөө 330.000 төгрөг цувуулж байж өгсөн ба Г.Н, Н.Б нар нь хохирогчийг гуйж, ятгаж байгаад хохиролд 640.000 төгрөг авсан гэж худал мэдүүлэг өгүүлсэн.

3. Тухайн хулгайн хэрэг гардаг өдөр Г.Н нь хохирогч С.Сын мөнгийг хулгай хийгээд Н.Бынд орж нуугдсан, үүнээс гадна хулгай хийсэн 1.100.000 төгрөгийг Н.Б, Г.Нтэй хувааж авсан. Н.Б нь хулгай хийсэн Г.Нтэй хувийн /бэлгийн/ харьцаатай, урд нь ял шийтгүүлж, олон жил хорих ял эдэлж байгаад гарсан. Ийм учраас хулгайн хэргийг хамтарч үйлдсэн, эсхүл зааж зөвлөсөн, хулгай хийсэн гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан. Тэр шөнө цагдаагаас ирж үзлэг, нэгжлэг хийхэд Г.Нийг нууж “байхгүй, явсан” гэж цагдаагийн ажилд санаатай саад учруулсан гэх олон олон нөхцөл байдлууд тодорхой болоод байна.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үүнээс улбаалан шүүхийн шийдвэр үнэн зөв байх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйлгүй, одоо 730.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйлгүй, өмгөөлөгч хэлнэ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Г.Нт холбогдох хэрэг тогтоогдсон. Гомдолд дурдсан асуудал нь мөрдөн байцаалтын шатанд яригдаагүй, хөндөгдөөгүй зүйл юм. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн 7 дугаар хэсэг, 1 дүгээр байрны 9 тоотод оршин суух хохирогч С.Сын гэрт байхдаа, түүний орны гудсан завсар байсан 1.000.000 төгрөг, хэтэвчинд байсан 100.000 төгрөгийг нууцаар авч, С.Ст нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Сын “... би буцаад гэр лүүгээ ороход ширээн дээр байсан миний түрийвч дэлгэгдсэн, доторх 100.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд би орны гудасны завсар байсан 1.000.000 төгрөг байгаа эсэхийг шалгахад байхгүй байсан...” /хх 20-22/,

 

гэрч Н.Бын “... Сүхээгийнд ирсэн охин согтуу орж ирчихээд “гар утсаа хаячихлаа” гэсэн. Би ойр хавиар гар утсыг нь хайгаад олоогүй. Тэр охин явах гээд унааны мөнгө байхгүй гэхээр нь 20.000 төгрөг өгөөд явуулсан. Дараа нь Сүхээ орж ирчихээд “танайд байна уу, мөнгө аваад явсан байна” гээд хайгаад байсан...” /хх 23/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-19/, шүүгдэгч Г.Нийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Нийг бусдын эд хөрөнгийг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хохирогч С.Сын өмгөөлөгч О.Одхүүгээс “... 460.000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэж шүүхэд мэдүүлж өгөөч хэмээн гуйж, өрөвдүүлж байж хохирогчоор хэлүүлсэн боловч хохирлын үлдэгдэл мөнгөө өгөөгүй...” гэсэн гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч С.С нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Ч.Н 640.000 төгрөг өгсөн, шүүгдэгч хэцүү амьдралтай юм байна, би 460.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлж тайлбар, мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмлэглэлд тусгагджээ. Хохирогчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 730.000 төгрөг төлөхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгч Г.Н нь гэрч Н.Бтай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв. 

 

Иймд хохирогч С.Сын өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Сын өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                                                                        

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                                Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ