Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 16

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Х.Шинэсар нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж хавсралтын 10 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат иргэн Х.Шинэсар би 2005 оноос эхлэн хүнсний ногоо тариалан, түүний орлогоор амьдарч ирсэн. Би 2016 оноос Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг Зэгстэй гэх газраас 4,5 га газрыг хууль ёсны дагуу өнөөдрийг хүртэл эзэмшин ашиглаж ирсэн. Энэхүү газартаа жил бүр зориулалтын дагуу тариалалтаа явуулж байсан боловч Сант сумын засаг дарга Б.Буянхүү нь 2019 оны 11 сарын 06-ны өдрийн А/126 тоот захирамж гаргаж бидний газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. Энэ эрх цуцалсан шийдвэрээ 2020 оны 3-р сарын 18-ны өдөр буюу 4 сарын дараа гардуулж өгсөн нь бидний ажид хүндрэл саад учруулж байна.

Сант сумын Засаг дарга Б.Буянхүү энэхүү шийдвэрээ хуулийг буруугаар ашиглан өөрийн албан тушаалын давуу байдлаараа биднийг хааж (боогдуулж хавчин гадуурхаж байна гэж үзэж байна Одоо буруу гэх үндэслэлээ тайлбарлая:

1.Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны сэа-07/24-на албан шаардлага нь зөрчлийг арилгуулах тухай гэж гарсан.Тариаланч өрх гэсэн тодорхойлолт нэгж талбарын хувийн хэрэгт байгаагүй нь иргэн бидний буруу биш . Үүнийг тухайн үед бүрдүүлж авсан төрийн түшмэл газрын даамлын алдаа юм. Иймд энэхүү тодорхойлолтыг шалгаж үзэх, нягтлах ажиллагааг хийгээгүй нь тариаланч бидний эрхийг шууд зөрчсөн ажилд санаатайгаар хохирол учруулж гаргасан захирамж шийдвэрээ тариалалт хийх гэж байхад минь гардуулж өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй газрыг маань авах гэсэн далд санаа үйлчилж байж магад.

2. Өмнө нь энэ Засаг дарга Орхон сумын иргэн Ц.Цэвээн-Очирын 8 га газрыг хурааж, түүнийгээ өөрөө авах гэсэн үйлдэл нь Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх дээр 2018 онд болсон шүүх хурал дээр хэлэлцэж байсан.

З.Аудитын шаардлагад дурдагдсан 22 иргэний бүх газрыг хураан авсан эргэлзээтэй. Сант сумын харьяат иргэд нь тариалалт явуулах маш өндөр магадлалтай . Ийм хэдэн үндэслэл байгаа тул баялаг бүтээж өөрсдийн амьдрал амжиргаагаа болгодог ногоочин бидэнд хүндрэлтэй тусч байгаа ба цаг хугацаагаар хорлосон үйл ажиллагаа гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны А/126 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн иргэн Х.Шинэсар нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 оны 06-ны өдрийн А/126 дугаартай захирамжийн хавсралт 2-ын 10 дахь заалтыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. Иймд:

1.Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат Х.Шинэсар газар эзэмших эрхийг цуцалсан тухай сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж нь газар эзэмших эрхийг цуцлах заалтыг буруу хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

2.Иргэн Х.Шинэсар нь газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар жил бүр газар эзэмших гэрээгээ дүгнүүлдэггүй, Тариалангийн тухай хуулийн 20.2.6-д зааснаар сумын Засаг даргад ургацын мэдээ, талбай ашиглалтын талаарх мэдээ тайланг өгдөггүй, суманд үйл ажиллагаа явуулсны орлогын албан татвар төлдөггүй мөн аймаг, сум орон нутгийн томоохон тэмдэглэлт ой, сумын онцгой нөхцлийн үед сумаас санал болгосон нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилладаггүй зэрэг зөрчил дутагдлууд гаргасан учир эдгээр зөрчил дутагдлыг арилгахыг сануулж байна...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Шинэсар нь шүүхэд Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж хавсралтын 10 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамжийн хавсралт 2-ын 10 дахь заалтаар нэхэмжлэгч Х.Шинэсарын 4.5 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Шинэсарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Сант сумын Засаг дарга нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Шинэсарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/126 дугаартай захирамж хавсралтын 10 дахь заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР