Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0147

 

О.Байгалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Байгалын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 422 дугаар захирамжаар 80 м.кв газрыг, 2012 оны 498 дугаар захирамжаар 85 м.кв газрыг иргэн О.Байгалд худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжийн хавсралтын 9 дүгээр мөрийг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Кувейтын нэрэмжит гудамжинд байрлах тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбайд байрладаг тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар эзэмшигч иргэнтэй байгуулсан Газар эзэмшүүлэх тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлан зохицуулалт оруулж, газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны ээлжит XII хуралдааны 03 дугаар тогтоолоор газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого батлагдсан бөгөөд тус бодлогын 3.3.6-д Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж, батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулна гэж заасны дагуу Кувейтын гудамжинд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй 3 удаагийн уулзалт зохион байгуулан, санал солилцсоны үр дүнд тухайн хэсэг талбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэж, шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаартай захирамж гарсан.

Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ялагчаар шалгарсан Цагаан алтан хүнс ХХК-д аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаартай захирамжаар Баян-Өндөр сумын Уурхайчин баг Кувейтын гудамжинд байрлах Хүлэг хүнсний захын ард 1400 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Цагаан алтан хүнс ХХК нь Кувейтын гудамжинд худалдааны төв шинээр барих бэлтгэл ажлаа эхлүүлж, тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, шинээр баригдах худалдааны төвийн хамгийн ашигтай байрлалд тухайн иргэний эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтай тохиролцоог хийж, энэ тухай саналаа О.Байгалд хоёр удаа албан бичгээр хүргүүлсэн байдаг.

Үүнтэй холбогдуулан Кувейтын гудамжинд газар эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан 22 иргэнд энэ талаар урьдчилан мэдэгдэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс тухайн үед 3 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байсан бөгөөд иргэн О.Байгалд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зүгээс Газар эзэмшүүлэх тухай гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж, эзэмшиж буй павильоны газраа чөлөөлөхийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 155 тоот, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж, заасан хугацаанд тухайн газрыг чөлөөлөөгүй бөгөөд павильоноо өөрийн зардлаар буулгах боломжгүй гэдгээ мэдэгдэж, улмаар аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хэрэгжүүлэхдээ О.Байгалыг эзэмшиж байсан павильон доторх эд хөрөнгөө бүрэн гаргаж дууссаны дараа газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Түүнчлэн иргэн О.Байгалын объектын үнийн дүн, түрээсийн ашиг орлого зэрэг нь хийсвэр, бодитой биш, нотлох баримтгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар шүүхэд гаргасантайлбартаа: ...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны ээлжит XII хуралдааны 03 дугаар тогтоолоор батлагдсан Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого-ын 3.3.6-д заасны дагуу Кувейтын гудамжинд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй 3 удаагийн уулзалт зохион байгуулан, санал солилцсоны үр дүнд тухайн хэсэг талбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэж, шинээр баригдах худалдааны төвийн газрын сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын шийдвэр гарсан.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад Кувейтын гудамжинд газар эзэмшигч иргэдийн холбоо болон Цагаан алтан хүнс ХХК-иуд оролцохоор материал боловсруулж ирүүлсэн. Ирүүлсэн материалуудыг үнэлгээний хороо дүгнэж үзээд Цагаан алтан хүнс ХХК-ийг ялагчаар шалгаруулж, улмаар аймгийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дахь Кувейтын гудамжинд байрлах 1400 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Цагаан алтан хүнс ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч Цагаан алтан хүнс ХХК нь Кувейтын гудамжинд үйл ажиллагаа явуулж байсан иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, ашиглагдаж байсан павильоныг нь буулган, шинээр баригдах худалдааны төвийн барилгажих талбайг чөлөөлж авах ажлаа эхлүүлсэн...

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зүгээс 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 155 тоот, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 808 тоот албан бичгээр иргэн О.Байгалд эзэмшиж буй павильоны газраа чөлөөлөхийг мэдэгдэж, Газар эзэмшүүлэх тухай гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж, төсөл хэрэгжүүлэгч Цагаан алтан хүнс ХХК-тай хамтран ажиллах боломжтой болохыг зөвлөж байсан.

Иргэн О.Байгал нь павильоноо өөрийн зардлаар буулгах боломжгүй гэдгээ мэдэгдэж, өөрийн эзэмшиж байсан павильон доторх эд хөрөнгөө бүрэн гаргаж дууссаны дараагаар аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/497 дугаар захирамжаар уг газрыг албадан чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулсан болно. Иймд иргэн О.Байгалын нэхэмжлэлдээ дурдсан надад мэдэгдэлгүйгээр буулгасан гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Иргэн О.Байгалын нэхэмжлэлдээ дурдсан түрээсийн орлогын хэмжээг баталгаажуулсан баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд иргэн О.Байгал хэдэн төгрөгийн түрээсийн орлого олж, түүнээсээ хэдэн төгрөгийн татвар төлж байсан болохыг Татварын байгууллагаар шалгуулж баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3г, 29.2-т заасныг баримтлан О.Байгалын Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Байгал давж заалдах гомдолдоо: ... 1. Орхон аймгийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 32.3.2, 39дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4, 43.5 заалтуудыг ноцтой зөрчсөн.

О.Байгал миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтын гудамжинд 80 м.кв,85 м.кв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж, үл хөдлөх хөрөнгө барьжхудалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын захирамжаар буулгасан. Би тухайн газрыг 2021 он хүртэл хууль ёсоор эзэмшихээр гэрээ хийсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагч газар эзэмшлийн гэрээ болон Газрын тухай хуулийг зөрчиж захирамж гаргасан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Зөвхөн мэдэгдэл өгсөн үү, үгүй юү гэдэгт дүгнэлт хийж,хэргийн бодит байдлыг бүх талаас нь анхаарч шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан. Цагаан алтан хүнс ХХК нь энэ газрыг авсан, та нар саадгүй газраа чөлөөлөх ёстой гээд надад мэдэгдэхгүй буулгасан. Буулгахын урьдөдөр өгсөн он, сар, өдөргүй мэдэгдлээ бид мэдэгдсэн гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн. Уг мэдэгдлийг судлан үзвэл 24 цагийн дотор чөлөөл гэсэн байсан.

Энэ байдал дараах байдлаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Кувейтын гудамжны 1400 м.кв газрыг Цагаан алтан хүнс ХХК-д эзэмшүүлэхээр болж миний газрыг авсан гэх боловч уг 1400 м.кв газарт миний газар орсон нь тодорхойгүй. Түүний 1400 м.кв газартай миний эзэмшлийн 80 м.кв,85 м.кв газрууд давхацсан талаар хариуцагч нотлоогүй. Давхцуулж Цагаан алтан хүнс ХХК нь газар эзэмших хүсэлт гаргасан бол 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалтыг зөрчсөн. Шүүх намайг энэ талаар хашаа тойруулж барихад мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн. Гэтэл хэд хэдэн павильон одоо болтол үйлажиллагаагаа явуулж байгаа. Манай павильоныг тойруулж хашаа бариагүй бөгөөд түрээслэгч нар үл хөдлөх хөрөнгийг буулгах хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан.

Иргэн О.Байгал миний бие хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу худалдааны зориулалттай газар эзэмшиж байсан нь нотлогдож байхад дахин төлөвлөлт хийгдсэн гэж худалдааны барилга барих болсон гээд үл хөдлөх хөрөнгийг буулгасан гэж байгаа боловч миний газар дээр дахин төлөвлөлт хийх болсон гэдэг нь нотлогдоогүй. Барилгын зураг төсөл байдаггүй. Хавтаст хэрэгт авагдаагүй. Газрын тухай хуулийн 34.11 дэхзаалтыг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй

Энэ сонгон шалгаруулалт явагдсаныг мөн газар давхацсан байсныг намайг мэдсэн гэж буруутгадаг. Газрын хугацаа дуусаагүй иргэдэд газрын сонгон шалгаруулалтад оролцох санал ч ирүүлээгүй. Миний газар эзэмших эрх дуусгавар болоогүй одоо ч хэвээр байгаа. Дуусгавар болсон талаар ямар ч мэдэгдэл ирээгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан 5 үндэслэл бий болсон тохиолдолд миний газар эзэмших эрх дуусгавар болно. Өнөөдрийг хүртэл миний газар эзэмших эрх хэвээр байгаа.

Газар эзэмшлийн эрх дуусаагүй байхад тусгай хэрэгцээнд авсан буюу Газрын тухай хуулийн 39.1.5-д заасан тохиолдол бий болсон бол миний газар эзэмшлийн эрх дуусгавар болохыг хуульд заасан. Миний газрыг тусгай хэрэгцээнд зориулж авсан гэдэг нь нотлогдоогүй. Тусгай хэрэгцээний зориулалтаар авч байгаа бол газрыг солих буюу нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй. Энэ нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс гадна эзэмшлийн газрыг буцаан авах тохиолдолд газар эзэмшигчтэй хуулийн дагуу урьдчилан тохиролцох талаар надтай байгуулсан газар эзэмшлийн гэрээний 5.4 дэх заалтыг Орхон аймгийн Засаг дарга зөрчсөн.

Дээрх байдлаар миний эрх ашгийг зөрчсөн захирамж гарсныг хариуцагч тал зөрчөөгүй гэдгээ нотлоогүй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн.

2. Мөн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг хэрэглэн үл хөдлөх хөрөнгийг албадан буулгасан нь хэрэглэх үндэслэлгүй хуулийн заалтыг баримтлан гаргасан хууль бус захирамж гэж үзэж байна.

Би тухайн худалдааны зориулалттай 80 м.кв, 85 м.кв газрыг 2021 он хүртэл хууль ёсоор эзэмшихээр гэрээ байгуулсан байсан. Гэтэл хууль ёсоор эзэмшиж байсан газрыг маань албадан чөлөөлөх тухай Газрын тухай хуулийн 57 зүйлийн 57.4 дэх заалтыг баримталсан захирамж гарсан. Намайг хууль бусаар газар эзэмшсэн гэх үндэслэлээ шүүхэд хариуцагч тайлбарлахдаа Цагаан алтан хүнс ХХК нь сонгон шалгаруулалт зарласны дүнд авсан учраас гэж тайлбарладаг. Газрын эзэмшлийг маань дуусгавар болгох шийдвэр гаргаагүй байж газрыг хууль бусаар эзэмшсэн гэж үзсэн нь эрх ашгийг маань зөрчсөн.

Иргэн О.Байгаль надад мэдэгдэл өгсөн гэж төрийн байгууллагын албан хаагч гүтгэж намайг буруутгасан. Хэнд хэзээ мэдэгдэл өгснийг судлан үзэхэд газрын харилцаа хот байгуулалтын газар нь нэг удаа мэдэгдэл өгсөн байдаг бөгөөд уг мэдэгдлийг Д.Бурмаа гэж хүнд өгсөн нь нотлогддог. Д.Бурмаа нь миний эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгөнд ямар ч хамааралгүй этгээд бөгөөд Засаг даргатай ямар нэгэн гэрээ хийгээгүй этгээд билээ. Засаг дарга газар эзэмших гэрээг надтай хийсэн бөгөөд ямар нэгэн хууль зөрчиж байгаа талаар нэг ч удаа надтай уулзаагүй атлаа уулзсан гэж төрийн албан хаагчийн аман үгээр шүүхийн шийдвэр гарсанд харамсаж байна. Мөн намайг ажилтай гэсэн учраас буулгах мэдэгдлийг Намсан гэх дэлгүүр дээр нь аваачиж өг гэсний дагуу аваачиж өгсөн гэж гэрч Д.Болдбаяр тайлбарладаг. Энэ мэдэгдэл нь Засаг даргын буулгах захирамж нь гараад буулгахын урьд өдөр гэдэг бөгөөд уг мэдэгдлийг худалдагчаас очоод авах үед аль хэдийн миний үл хөдлөх хөрөнгийг буулгасан байсан. Дотор нь байсан зүйлийг надтай тохиролцоод гаргасан гэдэг. Уг барилгыг би түрээсэлж байсан учир түрээслэгч нар өөрсдийн хөрөнгийг аваад гарсан гэдэг. Түүнийг миний хөрөнгө болгон ярьдаг. Энэ талаар Засаг даргатай уулзахад тохиролцъё. 2015 оны 12 дугаар сарын 05-ны дотор нөхөн төлбөр олгоё. Танай хөрөнгийг үнэлүүлсэн байгаа гэдэг.

Ингээд захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэхээр баримтуудыг зохих газруудаас гаргуулахад О.Байгалд гэсэн мэдэгдэл нэг удаа, хөрөнгө үнэлүүлэх санал нэг удаа надад хаягласан байдаг. Гэвч надад эдгээрийн алийг ч өгч байгаагүй талаар тайлбарлахдаа түрээслэгчид нь өгсөн, худалдагчид нь өгсөн гэх энэ ньнамайг төлөөлж газрын харилцаанд оролцогч этгээдүүд биш байдаг бөгөөд шүүхэд гэрчээр дуудахад мэдэгдэл авснаа санадаггүй, мэдэхгүй гэж хариулдаг. Зарим түрээслэгч нар нь мэдэгдэл өгөөгүйг нотолдог. О.Байгал надад нэг ч этгээд өөрийн биеэр болон утсаар мэдэгдэл өгч байснаа нотлоогүй. Гэтэл надтай өдөр болгон ярьж байсан гэсэн нотлогдоогүй зүйл ярьдаг. Ямар асуудлаар юу ярьсан талаарх нэг ч тэмдэглэл нотолгоо байхгүй намайг гүтгэсэн. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ байдлыг нотлогдож байна гэж үзэжИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн.

З. Захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх журам зөрчсөн.

н.Дэнзэнцоодол гэх гэрчийг оролцуулах хүсэлтийг хүлээж авсан атлаа гэрч оролцуулаагүй шүүх хуралдааныг явуулсан. Надад анх үл хөдлөх хөрөнгийг буулгаж байгаа талаар мэдэгдсэн хүн билээ.

Миний эзэмшлийн газарт Цагаан алтан хүнс ХХК-ийн 1400 м.кв газартай давхацсан талаар шүүх дүгнэсэн. Намайг тойруулаад 3 сараас хойш хашаа барьчихаад байхад маргаан үүсгээгүй гэжээ. Энэ нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа талаар дурджээ. Энэ талаар хариуцагч тайлбараа нотолсон баримт байдаггүй. Гэтэл нотлогдсон гэж үзсэн.

Миний газар давхацсан талаар одоо болтол нэг ч нотолгоо баримт байхгүй байхад миний газар давхацсан байна гэж би хаана ямар баримтыг үндэслэн гомдол гаргах ёстой байсан бэ. Миний газар давхацсан талаар нэг ч нотлох баримт надад өгч байгаагүй. Цагаан алтан хүнс ХХК-ийн 1400 м.кв газар давхцаж байгаа талаар нотлох баримт байхгүй. Харин буулгах тухай Засаг даргын захирамжтай танилцаад миний газарт байгаа хөрөнгийг хууль бусаар буулгаж байгаа талаар гомдол гаргасан .

Орхон аймгийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаар захирамж нь Газрын тухай хууль, газар эзэмших гэрээгээ ноцтой зөрчсөн захирамж байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь судалж дүгнэлтээ гаргаж чадаагүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч О.Байгальд Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжаар тус аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Хүлэг хүнсний захын ард байрлах 80 м.кв газрыг худалдааны зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Мөн Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар захирамжаар тус аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Хүлэг хүнсний захын ард байрлах 85 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Янжмаагаас О.Байгалд шилжүүлснээр О.Байгаль нь тус газрыг худалдааны зориулалтаар, 9 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон байна. Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжаар Ж.Янжмаад тус 85 м.кв газрыг худалдааны зориулалтаар, 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч О.Байгал нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Хүлэг хүнсний захын ард байрлах 80 м.кв газрыг 2017 он хүртэл, 85 м.кв газрыг 2021 он хүртэл эзэмших эрхтэй байна.

Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/497 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Кувейтын гудамжинд Хүлэг хүнсний захын ард байрлах худалдааны павильоныг эзэмшигч О.Байгалыг Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр, түүний худалдааны павильоныг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч О.Байгалын газрыг албадан чөлөөлөх үндэслэл болсон түүний Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй байгуулсан Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.2-т газар эзэмшүүлэгч нь газар эзэмшигчид дараах шаардлагыг тавих эрхтэй гээд Хугацаа дуусах буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед газрыг саадгүй чөлөөлнө гэж тусгажээ.

Гэтэл хариуцагчаас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа тухайн байршилд давхцуулан төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж[1], өөр этгээдэд газрыг эзэмшүүлж[2], улмаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн газрыг албадан чөлөөлсөн ньүндэслэлгүй байна.

Түүнчлэн тус гэрээний 4.2-т заасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого-ын 3.3.6 дахь заалтыг хэрэгжүүлсэн гэх боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан газрын харилцааны талаар баримтлах бодлогыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж үзэхгүй.

Ийнхүү нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу хууль ёсоор эзэмшиж байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчид шударга, тэгш бус хандан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Байгалын нэхэмжлэлийг хангаж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтланОрхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН