Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 47

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,

           улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Л.Боргил, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор /ҮД:0-433/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилд холбогдох эрүүгийн 201626030605 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 07-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжны 125 тоотод оршин суух, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хурцбаатар овогт Лхагваагийн Боргил /РД:МЮ89010773/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Боргил нь ялтай байхдаа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжны 176 тоотод оршин суух иргэн Х.Отгонхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, хууль бусаар нэвтрэн “Монел” маркийн LCD зурагт, “Самсунг Эс 2” маркийн гар утас, флаш, мөнгөн ээмэг, бөгж, гинж, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 473.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Боргил нь ялтай байхдаа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжны 176 тоотод оршин суух иргэн Х.Отгонхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, хууль бусаар нэвтрэн “Монел” маркийн LCD зурагт, “Самсунг Эс 2” маркийн гар утас, флаш, мөнгөн ээмэг, бөгж, гинж, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 473.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Л.Боргилын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн хооронд хохирогч Отгонхуягын гэрийн цонхоор орж Монел маркийн 42 инчийн эл си ди зурагт, самсунг эс 2 маркийн гар утас, гоёлын ээмэг, бөгж, флаш диск эд зүйл авсан. Тухайн айлаас эдгээр эд зүйлийг авч гараад цагдаад баригдсан. Эд зүйлсийг биетээр нь хүлээлгэн өгч, ээмэг, бөгж замдаа хаягдсан.Дараа нь ээмэг, бөгжний хохирол гэж 20.000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/

             3. Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15, 16-17/

             4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/

             5. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/

             6. Хохирогч Х.Отгонхуягийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай байшинд 13-14 цагийн орчим хулгай орж 42 инчийн “Монел” маркийн LCD зурагт нэг ширхэг, “Самсунг Эс 2” маркийн гар утас нэг ширхэг, хоёр гега багтаамжтай флаш нэг ширхэг, жижиг дугуй хэлбэртэй мөнгөн ээмэг нэг хос, жижиг дугуй шигтгээтэй мөнгөн бөгж нэг ширхэг, хүзүүний мөнгөн гинж нэг ширхэг, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би гоёлын төмөр ээмэг, бөгж болон хүзүүний мөнгөн гинж зэргийг эргүүлэн хүлээн авч чадаагүй. Учир нь манайхаас эд зүйл хулгайлсан хүн гудамжинд хаячихсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 25/

             7. Гэрч М.Ундралын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай уг тоот гэрт хулгайч орж эд зүйлс алдагдсан байсан...Тэгээд би хичээлдээ явчихаад хичээлээ тараад гэртээ 16 цаг гэж иртэл манай хашаан дахь нэг давхар цагаан өнгийн байшингийн урагшаа харсан хоёр цонхны баруун талынх нь цонх онгорхой болчихсон байсан. Уг нь би гэрээсээ гараад явахдаа дандаа цонхоо хааж явдаг. Тэгэхээр нь би гайхаад “манайд хулгайч орсон юм шиг байна” гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Тэгээд би гайхаад гэрийнхээ хаалгыг онгойлгоод явж ороод гэрээс эд зүйлс юу алга болсон байна гэж хартал манай байшингийн дотор талын том өрөөнд байдаг 42 инчийн “Монел” маркийн LCD зурагт алга болсон байсан. Тэгэхээр нь би ойлгомжтой хулгайд алдагдсан юм байна гэж бодоод үүнийг хамгийн түрүүнд ээж Отгонхуяг руу залгаж хэлж мэдэгдсэн. Ээж цагдаад дуудлага өгөөд өөрөө гэртээ хүрч ирээд өөр юу юу алга болсон байна гээд би ээжийн хамт шалгаад үзтэл ДиДиЭш телевизийн олон суваг хүлээн авагч төхөөрөмж, гоёлын мөнгөн жижиг дугуй хэлбэртэй ээмэг 1 хос, мөнгөн жижиг дугуй хэлбэртэй шигтгээтэй бөгж 1 ширхэг, хүзүүний мөнгөн гинж нэг ширхэг болон энгийн төмөр гоёлын Хятад ээмэг, бөгж буюу төмөр ээмэг хоёр хос, бөгж бас хоёр ширхэг, мөн ээжийн хэрэглэдэг “Самсунг Эс 2” маркийн гар утас нэг ширхэг, мөн 8 гега багтаамжтай хар өнгийн флаш нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Дээрх алдагдсан эд зүйлсээ сүүлд нь цагдаа нараас эргүүлэн хүлээж авсан. Хулгай хийсэн хүн нь манайхаас авсан эд зүйлсээ авч явж байгаад баригдсан гэсэн. Зурагт, флаш, гар утас, мөнгөн ээмэг, бөгж зэргийг эргүүлэн хүлээн авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

             8. Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Намайг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажлынхаа хоёр алба хаагчтай ажлаа хийгээд явж байтал Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамжинд нэг залуу хар өнгийн хавтгай, эл си ди зурагт тэврээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь очоод “хаанаас юу авч яваа болон бичиг баримтыг чинь шалгая” гэхэд “би эгчийнхээ гэрээс өөрийнхөө гэр рүү зурагтаа авч явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчтэй чинь холбогдоод үнэн худлыг асууя гэтэл тэр залуу хэсэг байж байснаа өөрийгөө хулгай хийсэн гэдгээ хэлж өгсөн. Тэгэхээр нь түүнийг саатуулж хэлтсийн байранд хүргэж тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Харахад урдаа 32 инчийн “Монел” маркийн зурагтыг ил тэвэрчихсэн байсан. Халаасандаа айлаас хулгайлсан гээд “Самсунг” маркийн хар өнгийн гар утас болон ээмэг, бөгж хийсэн байсан. Бүгдийг нь хулгайлж авсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

             9. Яллагдагч Л.Боргилын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэр жижиг хаалгаар нь явж ороод байшингийнх нь хаалганы үүдэнд иртэл хаалганд нь төмөр цоож зүүлттэй байсан. Тэгэхээр нь би цонхных нь гадна иртэл вакум цонх нь хаалттай байхаар нь гараараа нэг удаа түлхээд цонхыг нь онгойлгоод тэр цонхоор явж орсон. Би байшинд ороод унтлагын өрөөний шүүгээн дээр байсан хар өнгийн “Самсунг Эс 2” маркийн гар утас, хар өнгийн флаш, мөнгөн ээмэг нэг хос, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, энгийн төмөр ээмэг, бөгж хоёроос гурван ширхэгийг авсан...Дараа нь би том өрөө рүү ороход эл си ди зурагт байхаар нь тэр зурагтыг залгуураас нь салгаад хажууд нь байсан орны улаан өнгийн бүтээлгээр бүтээгээд нөгөө орж ирсэн цонхоороо авч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Боргил нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66, 67-72/-аар тогтоогдож байна.

                        Шүүгдэгч Л.Боргил нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас  хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасныг зөрчин 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Боргилыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нарандолгорын гаргасан “...Өмнөх үйлдэл нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар шүүгдэгч Л.Боргилыг гэм буруутайд тооцоод хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон учир энэ хүнийг ялтай гэж үзэхгүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгож өгнө үү. Мөн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч шүүгдэгчтэй эвлэрээд гомдол саналгүй гэсэн зэргийг үндэслээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь прокуророос шүүгдэгч Л.Боргилыг энэ гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгчийн өмнө холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар Л.Боргилын эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн түүнд ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж зааснаар өмнө өршөөлд хамрагдсан үндэслэлээр түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдалд өршөөлийн хуулийг дахин хэрэглэх боломжгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Л.Боргил нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжны 176 тоотод оршин суух иргэн Х.Отгонхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн орж “Монел” маркийн LCD зурагт, “Самсунг Эс 2” маркийн гар утас, флаш, мөнгөн ээмэг, бөгж, гинж, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 473.000 төгрөгийг буюу бага бус хэмжээний хохирол учруулсныг орон байранд нэвтэрсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдлоо.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

                        Шүүгдэгч Л.Боргилын хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирол төлбөрт сайн дураар 20.000 /хорин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон өмнө тухайн төрлийн /145.2/ гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан зэргийг харгалзан шүүгдэгч Л.Боргилд 2 жил 2 сарын хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

Шүүгдэгч Л.Боргилд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Боргилын эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Л.Боргилд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Боргилд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Боргилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР