Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1907

 

Л.Д, Д.Г, Д.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01538 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Д, Д.Г, Д.Г нарын, НШГАнд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд “Н ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Д, Д.Г, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0000 дугаартай захирамжаар Д.Г, Д.Г, Л.Д нараас 29 896 300 төгрөгийг гаргуулж, “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу НШГА нь Д.Г, Л.Д нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 41 дүгээр байр, 45 тоот хаягт байрлах орон сууцыг шинжээч томилсон. Бид шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 50 772 700 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байрлалтай бөгөөд 1 м.кв талбайг нь хэдэн төгрөгөөр үнэлсэн эсэх мэдээллийг бидэнд өгөөгүй. Манай орон сууцны зах зээлийн үнэ 65 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгөөр үнэлэгддэг.

Тухайн орон сууцны анхны албадан дуудлага худалдааны үнэ 35 000 000 төгрөг, 2 дахь албадан дуудлага худалдаагаар үнэлсэн үнэлгээ нь 25 000 000 төгрөг болсон тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14812 дугаартай захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Улсын бүртгэлийн Ү-2205020742 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 41 дүгээр байр, 45 тоот орон сууцыг битүүмжилж, хураан албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон 50 772 700 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/7621 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК нь хариуцагч Д.Г, Л.Д, Д.Г нараас 29 881 300 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14812 тоот захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 23879 тоот захирамжийн дагуу НШГАтай гэрээ байгуулан ажиллаж, барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгч Д.Г, Л.Д, Д.Г нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн.

Манай зүгээс хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг үнэн зөв гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг удаашруулах, саад учруулах, ажиллагаа явуулах хугацааг уртасгах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01538 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан Л.Д, Д.Г, Д.Г нарын гаргасан НШГАнд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4725 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ц.Төмөрцэцэгээс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Д, Д.Г, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь уг орон сууцны 1 м.кв талбайг яаж үнэлсэн талаарх мэдээллийг бидэнд өгөөгүй, мөн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа нь энэ үнэлгээнээс доогуур явагддаг. Дээрх орон сууц нь хотын төвд байрлалтай, бүх үйлдвэр, үйлчилгээний газрууддаа ойрхон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Нэхэмжлэгч Л.Д, Д.Г, Д.Г нар нь НШГАнд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14812 дугаар захирамжаар Л.Д, Д.Г, Д.Г нар нь зээлийн гэрээний үүрэгт 29 881 300 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийн хамт “Нэткапитал финанс корпораци” ХХК-д төлж барагдуулах, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцон эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан ба төлбөр төлөгдөөгүйгээс төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн байна.

Хариуцагч НШГА Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу ажиллагаа явуулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь Л.Д, Д.Г, Д.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020742 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 41 дүгээр байрны 45 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнээ харилцан тохиролцохыг төлбөр авагч болон төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2427 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч тэд саналаа ирүүлээгүй байна.

Үүний улмаас хариуцагч тал 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг томилж, барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцэж байна. /хх-41-46 дугаар тал/

Нэхэмжлэгч Л.Д, Д.Г, Д.Г нар шинжээч томилсон ажиллагаанд гомдоогүй, харин шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй, хэт доогуур үнэлсэн гэж гомдон, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд хариуцагч НШГАнаас нэхэмжлэгч нарт хүргүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/7621 тоот мэдэгдэлд шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар дурдсан байх тул нэхэмжлэгч нарыг шинжээчийн үнэлгээг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-5 дугаар тал/

Түүнчлэн Л.Д, Д.Г, Д.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 181/ШШ2017/01538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААДОРЖ                                                                                            

                              ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                                                           Ч.ЦЭНД