| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2022/0026/э |
| Дугаар | 2022/ШЦТ/27 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Э, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Б-гийн Э, Ш ургийн овогт Д-ын Г нарт холбогдох эрүүгийн 2235000000024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-гийн Э, 1991 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .......
Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Д-ын Г, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............
Холбогдсон хэргийн талаар:
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч А.А-ийн гэрт хохирогч болон шүүгдэгч Б.Э, Д.Г нар архидан согтуурах явцдаа шүүгдэгч Б.Э нь хохирогч А.А-ийг хэл амаар доромжилж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Д.Г нь хохирогч (шүүгдэгч) Б.Э-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000000024 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Б.Э-ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
- Б.Э-оос хохирогчоор мэдүүлэг авсан “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...Соёлын төв ороод бөх үзсэн ба миний багын найз А.А үзүүрлэж сумын заан цол авсан. Миний найз Д.Г, О.А, бид нар А.А-ийн гэрт очиход түүний ах дүү, төрөл садан бүгд ирсэн байсан. ...бид нар сүүлийн нэг шил архи ууж байтал А.А босоод орон дээр хэвтэхээр нь би “пизда минь чи босоод ир, худлаа битгий маяглаад бай, чамайг тасраад унтвал авгайг чинь шаавал яах уу” гэж хэлээд тоглоход босч ирээд миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би босоод А.Аийн цохиход хажуугаас Д.Г, О.А хоёр салгах гэж босч ирээд Д.Г миний зүүн шанаа руу гараараа цохиход би унаад хэвтэж байтал миний толгой руу хоёр удаа өшиглөсөн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
- А.Аийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
- А.А-с хохирогчоор мэдүүлэг авсан “...мөн өдөр барилдсан болохоор ядраад хэвтэж байхад Б.Э нь “чи ийм хогийн, би эхнэрийг чинь шаана шүү, би эхнэрийг чинь шааж байна, чи босч ирж чадахгүй дээ” гэх хорон үгээр миний эхнэр болон намайг доромжлоод байхаар нь би босоод “чи яахаараа миний гэр бүлийг доромжилдог юм бэ?” гэж хэлээд алгадахад босож ирээд намайг “хуцаад бай” гэж хэлээд мөргөсөн.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),
- Н.С-с гэрчээр мэдүүлэг авсан “...А.А орон дээр хэвтэж байхад Б.Э очоод татаж түлхэлцээд маргалдаад байсан.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
- А.О-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Миний нөхөр А.А “ядраад байна жаахан амраад авъя” гэхэд Д.Г “тэг тэг” гэж хэлсэн. Б.Э галын доод талаар ирээд “пизда минь би авгайг чинь шааж байна, чи босож ирдэггүй юм уу” гэж хэлэхэд хэн ч юу ч дуугараагүй юм. Би босоод “чи ямар их хүн доромжилдог юм бэ?” гэхэд Б.Э “би тоглож байна” гэж хэлсэн. Би “наадах хүн чинь ядраад хэвтэж байна” гэж хэлэхэд миний нөхөр А.А босож ирээд “чи яах гээд хэл амаар доромжлоод байгаа юм” гэхэд Б.Э миний нөхрийг босоод мөргөсөн. Би нөхрөө очоод салгаад авахад Б.Э миний толгой руу цохисон. ...Д.Г “андуудаа та нар яаж байгаа юм бэ” гэхэд Б.Э “хуцаад бай пизда, чиний авгай ямар байсан талаар мэдэх үү?, хадам ахдаа шаалгаад явж байсан биз дээ, би харсан” гэхэд “чи миний амьдралд оролцож байна уу” гээд маргалдаж эхэлсэн” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 39 дугаартай “А.А-н биед гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),
- О.Аээс гэрчээр мэдүүлэг авсан “...Б.Э А.Аийн эхнэр А.Оюунжаргалтай маргалдаж байтал А.А босч ирээд нүүр лүү нь түлхэхээр нь би Б.Эыг аваад гарсан. Б.Э гадна гарч ирээд намайг “чи А.Аийг өмөөрлөө” гээд цохисон.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 24 дугаартай “Үзүүлэгч Б.Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт, дух, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “2021 оны 12 дугаар сарын 19-ний орой А.Аийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эын биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Миний буруу байсан тул би уучлалт гуйж эргэж найзууд болсон” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Хохирогч А.Аийн “...мөн өдөр барилдсан болохоор ядраад хэвтэж байхад Б.Э нь “чи ийм хогийн, би эхнэрийг чинь шаана шүү, би эхнэрийг чинь шааж байна, чи босож ирж чадахгүй дээ” гэх хорон үгээр миний эхнэр болон намайг доромжлоод байхаар нь би босоод “чи яахаараа миний гэр бүлийг доромжилдог юм бэ?” гэж хэлээд алгадахад босож ирээд намайг “хуцаад бай” гэж хэлээд мөргөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас), гэрч Н.Самбадагвын “...А.А орон дээр хэвтэж байхад Б.Э очоод татаж түлхэлцээд маргалдаад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас), гэрч А.Оюунжаргалын “...Миний нөхөр А.А “ядраад байна жаахан амраад авъя” гэхэд Д.Г “тэг тэг” гэж хэлсэн. Б.Э галын доод талаар ирээд “пизда минь би авгайг чинь шааж байна, чи босож ирдэггүй юм уу” гэж хэлэхэд хэн ч юу ч дуугараагүй юм. Би босоод “чи ямар их хүн доромжилдог юм бэ?” гэхэд Б.Э “би тоглож байна” гэж хэлсэн. Би “наадах хүн чинь ядраад хэвтэж байна” гэхэд миний нөхөр А.А босож ирээд “чи яах гээд хэл амаар доромжлоод байгаа юм” гэж хэлэхэд Б.Э миний нөхрийг босоод мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), шүүгдэгч Б.Эын хохирогчоор өгсөн “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...Соёлын төв ороод бөх үзсэн ба манай багийн найз А.А үзүүрлэж сумын заан цол авсан. Миний найз Д.Г, О.А, бид нар А.Аийн гэрт очиход түүний ах дүү, төрөл садан бүгд ирсэн байсан. ...бид нар сүүлийн нэг шил архи ууж байтал А.А босоод орон дээр хэвтэхээр нь би “пизда минь чи босоод ир, худлаа битгий маяглаад бай, чамайг тасраад унтвал авгайг чинь шаавал яах уу” гэж хэлээд тоглоход босч ирээд миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би босоод А.Аийн цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 39 дугаартай “А.А-н биед гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал гэмтэл учирсан байна....Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас) зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын дөрөвдүгээр багийн нутагт шүүгдэгч Б.Э, Д.Г, хохирогч А.А, гэрч О.А, Н.С нар архидан согтуурах явцад шүүгдэгч Б.Э хохирогч А.Аийг “чи ийм хогийн, би эхнэрийг чинь шаана шүү, би эхнэрийг чинь шааж байна, чи босож ирж чадахгүй дээ” гэх зэргээр доромжилсны улмаас шүүгдэгч хохирогч нар маргалджээ. Улмаар хохирогч А.А шүүгдэгч Б.Эыг алгадахад шүүгдэгч зөрүүлээд хохирогчийн нүүрэн тус газар мөргөж хамар ясны хугарал гэмтэл учруулсан байна.
Мөн шүүгдэгч Б.Эын хохирогчоор өгсөн “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...Соёлын төв ороод бөх үзсэн ба манай багийн найз А.А үзүүрлэж сумын заан цол авсан. Миний найз Д.Г, О.А, бид нар А.Аийн гэрт очиход түүний ах дүү, төрөл садан бүгд ирсэн байсан. ...бид нар сүүлийн нэг шил архи ууж байтал А.А босоод орон дээр хэвтэхээр нь би “пизда минь чи босоод ир, худлаа битгий маяглаад бай, чамайг тасраад унтвал авгайг чинь шаавал яах уу” гэж хэлээд тоглоход босч ирээд миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би босоод А.Аийн цохиход хажуугаас Д.Г, О.А хоёр салгах гэж босож ирээд Д.Г миний зүүн шанаа руу гараараа цохиход би унаад хэвтэж байтал миний толгой руу хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), гэрч О.Аийн “...Б.Э нь надтай маргааш өглөө буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө дүрст дуудлага ирсэн. Би аваад ярихад “Д.Г намайг зодчихлоо. Би Б.Аийн гэрт байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), гэрч А.Оюунжаргалын “...Б.Э Д.Гид “би чамд хэлээ биз дээ, би согтуу байна битгий миний толгой руу битгий цохиод бай гэж хэлж байхад чи намайг дэвсээд байсан” гэж хэлж байсан. Д.Гоос би “сүүлд чи яагаад Б.Эыг зодсон юм бэ?” гэж асуухад “Б.Э намайг хэтэрхий хэл амаар доромжлоод байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 24 дугаартай “Үзүүлэгч Б.Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт, дух, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас) зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын дөрөвдүгээр багийн нутагт хохирогч А.А шүүгдэгч (хохирогч) Б.Э нар харилцан зодолдох явцад шүүгдэгч Д.Г салгах гэхэд хохирогч (шүүгдэгч) Б.Э “хуцаад бай пизда, чиний авгай ямар байсан талаар мэдэх үү?, хадам ахдаа шаалгаад явж байсан биз дээ, би харсан” гэж шүүгдэгчийн эхнэрийг доромжилсон байна. Улмаар шүүгдэгч Д.Г хохирогч (шүүгдэгч) Б.Эыг нүүрэн тус газар нь цохиж унагаад, толгой руу нь хоёр удаа өшиглөжээ.
Хохирогч А.Аийн биед учирсан хамар ясны хугарал гэмтэл, хохирогч (шүүгдэгч) Б.Эын биед учирсан тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 24, 39 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ. Тодруулбал хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч А.Аийг зүй бусаар гутаан доромжилсны улмаас харилцан зодолдож явцдаа хохирогчийг мөргөж хамар ясны хугарал гэмтэл учруулсан, мөн шүүгдэгч Д.Г нь хохирогч (шүүгдэгч) Б.Эод доромжлуулсны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Эыг хохирогч А.А түрүүлж цохисон байх боловч шүүгдэгч нь хохирогчийг зүй бусаар гутаан доромжилж, тухайн үйлдэл хийхэд өдөөн хатгасан тул тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл буюу аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Б.Эын хохирогч А.Аийн биед, шүүгдэгч Д.Гийн хохирогч (шүүгдэгч) Б.Эын биед тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эын хохирогч А.Аийн биед хөнгөн хохирол санаатай учруулах болон шүүгдэгч Д.Гийн хохирогч (шүүгдэгч) Б.Эын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүд нь шүүгдэгч (хохирогч) Б.Э хохирогч А.Аийг “чи ийм хогийн, би эхнэрийг чинь шаана шүү, би эхнэрийг чинь шааж байна, чи босож ирж чадахгүй дээ” гэж, шүүгдэгч Д.Гийг “хуцаад бай пизда, чиний авгай ямар байсан талаар мэдэх үү?, хадам ахдаа шаалгаад явж байсан биз дээ, би харсан” гэж доромжилсноос шалтгаалж гарчээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эын ёс суртахын хувьд төлөвшөөгүй, эмэгтэй хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгээгүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Хохирогч А.А “...2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Б.Э нь архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ миний биед халдаж хамар луу мөргөж гэмтэл учруулсан. Одоо миний биед өвдөх зовиур байхгүй. Б.Э бид хоёр хоорондоо эв зүйгээ олсон тул гомдолгүй болно” (хавтаст хэргийн 124 дугаар хуудас) гэх хүсэлт, хохирогч (шүүгдэгч) Б.Эын “...Одоо бид хоёрт маргалдах зүйл байхгүй. Ярилцаж тохиролцсон. Эв зүйгээ олсон миний биед одоо өвдөх зүйл байхгүй. Одоо санал гомдол байхгүй” (хавтаст хэргийн 129 дугаар хуудас) гэх хүсэлт Увс аймаг дахь Цагдаагийн газарт тус тус гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Э, Д.Г нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Э, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Б.Эын хувийн байдлын талаар гэрч Б.Сүхбатын “...Миний ах Б.Э нь хүнтэй нөхөрлөөд явчихдаг. Ямар ч хүний зан аашийг олчихдог. Их цайлган Өмнөговь сумын 4 дүгээр багийн ард иргэд болон хөрш зэргэлдээ байгаа Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын малчид дунд нэр хүндтэй хүн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), гэрч Ц.Отгонхүүгийн “...2017 оноос хойш таньдаг болсон. Даруухан янз бүрийн ааш гаргадаггүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 103 дугаар хуудас), Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 123 дугаар хуудас), Б.Эын яллагдагчаар өгсөн “...Би А.Аийн биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас) мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ. Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь эхнэр, хоёр хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Гийн хувийн байдлын талаар гэрч З.Дуламсүрэнгийн “...Төлөв даруу, хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг, хүний үгнээс гардаггүй хүнд их итгэмтгий тайван ямар нэгэн яаруу зан байдаггүй хүн юм. ...Миний хүү Д.Г ажил төрөл байхгүй. Өмнөговь сумын 4 дүгээр багт мал маллаж байгаа юм. Адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 90 тооны мал малладаг юм..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), гэрч Д.Гантулгын “...Манай дүү Д.Г нь хэвийн даруу, илүү дутуу зан байхгүй, хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг хүний үгнээс гардаггүй юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дугаар хуудас), Д.Гийн яллагдагчаар өгсөн “...Би Б.Эын биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх (хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас) мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч нь эх, дүүгийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчтай тохиролцсон хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчтай тохиролцсон ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э, Д.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-гийн Э, Ш ургийн овогт Д-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр,
Шүүгдэгч Д.Г-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э, Д.Г нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э, Д.Г нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА