Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт О-гийн Т-д холбогдох эрүүгийн 2235000000013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О-гийн Т, 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Сарнай” зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.Д-ы куртик, малгай, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг бичиг баримттай хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар хохирогч Г.Д-ы Хаан банкны виза картыг ашиглан түүний Хаан банк дахь 5815093915 дугаарын данснаас 500’000 төгрөг авч нийт 654’500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000013 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хаан банкны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааны “Уг хяналтын камерын бичлэгт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 59 минутад ...эрэгтэй хүн орж ирээд Сонор мэлмий харуул хамгаалалтын ажилтнаас АТМ-аас мөнгө авч өгөхийг гуйх бөгөөд АТМ-д очиж картыг хийж үзэхэд болохгүй байсан тул хажуу талын АТМ-аас мөнгө авч өгч байгаа бичлэг хадгалагдаж үлдсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас),

- Таньж олуулах ажиллагааны “Танигч А.Моломдагвыг цагдаагийн газрын 210 тоот ороонд оруулж 1-6 хүртэл дугаарласан зургийг эгнүүлэн тавьж заалгахад “5 дугаартай зурагт байгаа хүн надаар АТМ-аас мөнгө авхуулсан хүн мөн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас),

- Хохирогч Г.Ды Хаан банк дахь 5815093915 дугаарын дансны “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 18:00 цагт 500’000 төгрөгийн зардал гарсан” гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай “Эрүүгийн 2235000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 3 минут 56 секундийн дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- Т.Д-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

- Г.Д-аас хохирогчоор мэдүүлэг авсан “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 00 минутад орж архи уугаад амрахаар тохиролцож байрласан. О.Т (О.Т) бид хоёр Сарнай зочид буудлын тоотын сайн санахгүй байгаа бөгөөд өрөөнд орж нэг шил 0.5 литртэй архи хувааж уугаад би өөрөө унтсан. Намайг унтахад миний өмдний халаасанд түрийвч, бичиг баримт (жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт) байсан. Уг картад 926’995 төгрөг байсан. 20 цагийн үед би сэрээд харсан чинь О.Түмэнжаргал миний хажууд байхгүй байсан. Өөрийнхөө өмсөж явсан куртик, малгайгаа орхиод миний өмсөж явсан куртик, малгай өмсөөд явсан байсан. Мөн миний халаасанд байсан бичиг баримтын хавтас буюу түрийвч дотор нь жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт байсан алга болсон байсан. Би буудлын рессепшин эмэгтэйгээс “надтай хамт байсан хүн хаачсан болон өөр хүн өрөөнд орсон эсэх” талаар асуухад “тэр хүн удалгүй гараад явсан. Таны өрөөнд ямар нэгэн хүн ороогүй” гэж хэлсэн. Би гар утсаараа дансаа шалгаж үзэхэд 18 цаг 00 минутад миний данснаас 500’000 төгрөг алга болсон. АТМ-аас бэлнээр гаргаж авсан талаар мэдээлэл байсан тул би дахин авч магадгүй гээд дансаа хаалгасан. Миний Хаан банкны виза картын нууц кодыг О.Түмэнжаргал нь хамт явж виза карт уншуулж бензин, архи авахад цээжилж авсан байх гэж бодож байна. ...Би О.Т гэж нэрийг нь буруу санаж байж магадгүй. Аавыг нь О гэдэг харин хүүг нь миний санахаар О.Т гэдэг харин О.Т гэж байж магадгүй...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 20-22, 25, 27 дугаар хуудас),

- Д.О-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сарнай зочид буудалд ажлаа хийж байхад Г.Д хажуудаа танихгүй эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй ирсэн. Тэд нар ороод удаагүй байж байтал хамт орсон залуу нь гараад явсан. Буудалд Г.Д хамт орсон эмэгтэйтэйгээ байж байгаад гарч ирээд “миний түрийвч, куртик, малгай алга болсон байна. Надтай хамт буудалд орсон эрэгтэй хэзээ гарсан бэ? миний өрөө рүү өөр хүн орсон эсэх” талаар надаас асуусан. Би “ямар нэгэн хүн ороогүй” гэж хэлсэн. Тэр миний түрийвчинд байсан виза картаас 500’000 төгрөг алга болсон байна гэж ярьсан...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

- А.М-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Нэг хар куртик, саарал өнгийн малгай, түрийтэй гуталтай зүс таних эрэгтэй хүн надаас “туслаад АТМ-ээс мөнгө аваад өгөөч” гэж гуйсан. Би картын аваад АТМ-аас мөнгө авах гэсэн боловч тухайн АТМ гүйлгээний алдаа заахаар нь дараагийн АТМ-д очиж картын уншуулаад тэр хүнээр өөрөөр нь кодыг хийлгэхэд 500’000 төгрөг гарч ирснийг тэр хүн аваад явсан...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

- Эд зүйл үнэлсэн шинжээчийн 355 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2021 оны 12 дугаар сарын байдлаар алдагдсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, бичиг баримтын хавтас, Хаан банкны виза картын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 154’500 (нэг зуун тавин дөрвөн мянга таван зуу) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Ц.С-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...О.Т нь зан аашийн хувьд сайн, илүү дутуу зангүй, хүнтэй харилцаа сайтай залуу юм. О.Т сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг болчихсон. Архи уухаараа янз бүрийн хэрэгт холбогдоод байгаа юм шиг байсан.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Ц.О-гоос гэрчээр мэдүүлэг авсан “...О.Т нь архи их уудаг, архи уугаад болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд гадуур яваад байдаг учраас эхнэр нь салаад явсан байх гэж бодож байна. О.Т нь архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй, эрүүл үедээ хэл ам гаргаад байдаггүй” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

- О.Т-ээс яллагдагчаар мэдүүлэг авсан “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас),

- Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 тоот тодорхойлолтыг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч Г.Д-гийн “...миний өмсөж явсан куртик, малгайг өмсөөд явсан байсан. Мөн миний халаасанд байсан бичиг баримтын хавтас буюу түрийвч дотор нь байсан жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан банкны виз карт байсан алга болсон байсан. ...Би гар утсаар дансаа шалгаж үзэхэд 18 цаг 00 минутад миний данснаас 500’000 төгрөг алга болсон АТМ-аас бэлнээр гаргаж авсан талаар мэдээлэл байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас), гэрч Д.О-ийн “...Буудалд Г.Д хамт орсон эмэгтэйтэйгээ байж байгаад гарч ирээд “миний түрийвч, куртик, малгай алга болсон байна. Надтай хамт буудалд орсон эрэгтэй хэзээ гарсан бэ? миний өрөө рүү өөр хүн орсон эсэх” талаар асуусан. Би “ямар нэгэн хүн ороогүй” гэж хэлсэн. Тэр “миний түрийвчинд байсан виза картаас 500’000 төгрөг алга болсон байна” гэж ярьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), гэрч А.М-ын “...АТМ-д очиж картын уншуулаад тэр хүнээр өөрөөр нь кодыг хийлгэхэд 500’000 төгрөг гарч ирснийг тэр хүн аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), Хаан банкны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас) болон дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч О.Т-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас) зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Т нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Сарнай” зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.Д-ы куртик, малгай болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг бичиг баримттай хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар хохирогч Г.Д-ы Хаан банкны виза картыг ашиглан түүний Хаан банк дахь 5815093915 дугаарын данснаас 500’000 төгрөг авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч Г.Д-ы хулгайд алдсан малгай, куртик, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, бичиг баримтын хавтас, Хааны банкны виза карт нь нийт 154’500 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн хохирогч Г.Д-ы хаан банкны виза карт ашиглан түүний Хаан банк дахь 5815093915 дугаарын данснаас 500’000 төгрөг гарган авч нийт 654’500 төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон ба хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.Т нь шунахайн сэдлээр буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирогчийн эд зүйлийг нууцаар, зөвшөөрөлгүй авсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч О.Тийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хохирогч Г.Д “...Би бичиг баримтууд, малгай, картаас авсан 500’000 төгрөг зэргээр хохирсон. Би өөрийн хар өнгийн куртикийг маргааш нь О.Тээс авсан бөгөөд куртикт ямар нэгэн гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), шүүгдэгч О.Т “...Хохирогчид учирсан хохирлыг би төлөөгүй. Одоогоор төлөх боломжгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас) тус тус өгчээ.

Шүүгдэгч О.Т 50’000 төгрөгөөр үнэлэгдсэн куртикийг буцаан өгсөн, хохирогчийн 7’000 төгрөгөөр үнэлэгдсэн Хаан банкны виза карт, 30’000 төгрөгөөр үнэлэгдсэн иргэний үнэмлэх, 12’500 төгрөгөөр үнэлэгдсэн жолооны үнэмлэх, 5’000 төгрөгөөр үнэлэгдсэн бичиг баримтын хавтас, 50’000 төгрөгөөр үнэлэгдсэн ноолууран малгай, Хаан банкны виза картаас авсан 500’000 төгрөгийг нөхөн төлөөгүй болох нь дээр дурдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Д-ы Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх,  жолооны үнэмлэх, бичиг баримтын хавтас, ноолууран малгай зэргийг шинжээчийн 355 дугаартай дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр буюу 104’500 төгрөгөөр тооцож, нийт 604’500 (=эд зүйлийн үнэлгээ 104’500 төгрөг + Хаан банк дахь 5815093915 дугаарын данснаас авсан 500’000 төгрөг) төгрөгийг шүүгдэгч О.Тээс гаргуулж хохирогч Г.Дд олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ц.С-ийн “...О.Т нь зан аашийн хувьд сайн, илүү дутуу зангүй, хүнтэй харилцаа сайтай залуу юм. О.Т сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг болчихсон. Архи уухаараа янз бүрийн хэрэгт холбогдоод байгаа юм шиг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), гэрч Ц.О-гийн “...О.Т нь архи их уудаг, архи уугаад болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд гадуур яваад байдаг учраас эхнэр нь салаад явсан байх гэж бодож байна. О.Т нь архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй, эрүүл үедээ хэл ам гаргаад байдаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-91 дүгээр хуудас), шүүгдэгч О.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (2002 онд батлагдсан) 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Т нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах хохирогч Б.Алтанзулын улсын дугааргүй “Мустанг-150” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогдож, тухайн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэхүү гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж, шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500’000 төгрөгийг шүүгдэгч О.Т-ээс албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Т-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялаас 5 сар 29 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Тийн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Хаан банкны хяналтын камерын 3 минут 56 секундийн бичлэгийг агуулсан Дивиди диск нь хэргийн ул мөрийг бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Т-д энэ хэрэгт холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт О-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 (таван) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Т-ийн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Т-д оногдуулсан 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500’000 төгрөгийг шүүгдэгч О.Тээс албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

6. Шүүгдэгч О.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ээс 604’500 (зургаан зуун дөрвөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-д олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Дивиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

9. Шүүгдэгч О.Т-ээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХЗАЯА