Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1176

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26         Дугаар 181/ШШ2017/01176              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40в байр 54 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, ЦБ:63041178 тоот регистрийн дугаартай, Ялавцай овогт Санжрагчаагийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ-ийн гудамж, МТ байранд байрлах, 2779145 тоот регистрийн дугаартай, МТ Авто ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийхийг ажил олгогчид даалгах, үндэслэлгүйгээр суутгасан 1.299.811  төгрөг гаргуулах,

МТ авто ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй С.Энх-Амгаланд холбогдох компанид учруулсан хохирол 1.451.934 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, С.Нэргүй, хариуцагч МТ авто ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, З.Баттөмөр, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Энх-Амгалан миний бие 2011 оны 5 дугаар сараас эхлэн МТ Авто ХХК-д ажилд орж автоцистерны жолоочоор ажиллах болсон. Өдийг хүртэлх хугацаанд ачиж тээвэрлэсэн бензинээ нормоор өгсөн түлшээр заасан газарт нь тоо ёсоор нь хүргэж өгч байсан бөгөөд ачаагаа дутааж өр төлбөр гаргаж байгаагүй. 2016 оны 1 дүгээр сард МТ Авто ХХК-ийн нийт жолооч нар удирдлагадаа жолооч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, томилолтын мөнгө олгож байх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нормын хувцсыг цаг тухайд нь олгож байх, засварчин хүрэлцээгүйн улмаас жолооч нар өөрсдөө машинаа засдаг байдлыг арилгах, чиргүүлийн дугуйнд норм тогтоох, чиргүүлд байнга хуучин дугуй өгдөгөөс үргэлж хагардаг, дугуйг өөрсдөө засуулдаг /засварын хөлс нь 10.000-80.000 төгрөг/, жолооч нарыг ачаа тээврийн даатгалд хамруулах, илүү цагийн болон баяр ёслолоор ажилласан үөийн цалингийн нэмэгдэл бодож олгож байх зэрэг хууль ёсны шаардлага тавихад байгууллагын удирдлага хулээж аваагүйгээр зогсохгүй жолооч нарыг хомроголон халсан болно. Мөн жолооч нарыг байгууллагын хөрөнгө завшсан гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарган шалгуулж, цагдаагийн байгууллагаас шийдвэр гараагүй байхад дээрх үндэслэлээр ажлаас халсан. Компани ажилчдаа ялгаварлан харьцдаг. Хөдөө хол явах ажлыг удирдлагад талтай хүмүүст, эсвэл түрээсийн машинуудад өгдөг. Цалин маш бага, амралтын хугацаа гэж бараг байхгүй, өглөө ажилдаа ирээд ихэнхдээ орой 23, 24 цаг хүргэж харьдаг, амралтын болон баяр ёслолын үеэр ч амарч чаддаггүй, хөдөө холын аймагт тээвэр хийхэд томилолтын мөнгө огт өгч байгаагүй. Ажлын нөхцөл хүнд, хортой байхад хэвийн гэж тооцон, цалин нийгмийн даатгал багаар боддог. Нүд аргах, харшил өгөх, дотор муухайрах бол хэвийн үзэгдэл юм. Дээрх байдлыг нь удирдлагад хэлэхэд зохих арга хэмжээ авахын оронд бидний хэдэн хүмүүсийг зориуд шахаж, ажлаас халах тушаал гаргасанд гомдолтой байна. С.Энх-Амгалан надад байгууллагаас 1.451934.000 төгрөгний шатахууны өр төлбөр тавьсан нь үндэслэлгүй бөгөөд ажилд орсон цагаас алдаа дутагдал гаргаж байгаагүй, Тус компанийн ШТС 20-оос жолооч нарын бензин авч байхад хийсэн бичлэг нь надад огт хамаагүй, зарим үед бакандаа бензинтэй байх үед 10,20 литрийг нөгөө жолооч нарын машинд хийгээд дараа нь авах тохиолдол байдаг. Харин өөр машинд бензин хийж мөнгө завшсан тухай ярьж байна, над дээр тийм зүйл байгаагүй, камерийн бичлэгээс харахад би бензинээ дутуу шахаад өөр машинд хийж байгаа бичлэг огт байхгүй, нэг тохиолдол нь цэнхэр өнгийн портер маркийн машин бензин авч байх үед хийсэн бичлэг байх ба тэр нь огт харагдахгүй, машины ард байгаа зүйлийг авсан мэт болгож таамаглаж байгааг зөвшөөрөхгүй. Миний хувьд байгууллагын хөрөнгө завшиж байгаагүй, оногдсон ажлыг цаг тухайд нь хийж ирсэн. МТ Авто ХХК нь С.Энх-Амгалан намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьдхи ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Мөн 2016 оны 10 дугаар сард олгосон цалингаас 422.501 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард олгосон цалингаас 366.958 төгрөг тус тус үндэслэлгүйгээр суутгаж, 2016 оны 10 дугаар сард олгох ёстой байсан 170.000 төгрөгийг олгоогүй байх тул нийт 1.299.811 төгрөгийг МТ авто ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч МТ авто ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, З.Баттөмөр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн автоцистерний жолоочоор ажиллаж байсан С.Энх-Амгалан нь сар бүр компаниас олгосон зөвшөөрлийн бичгээр албаны хэрэгцээнд хэрэглэх ёстой бакны шатахууныг хувьдаа бэлэн мөнгө болгон ашиглаж, компанид 1.451.934 төгрөгийн хохирлыг учруулсан нь Дотоод аудитын газрын шалгалтаар тогтоогдсон. С.Энх-Амгалангийн энэ үйлдэл нь компанийн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.13-т.. Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасан тул ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Дотоод аудитын газрын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 59/16 тоот илтгэх хуудсаар 35-81 УНТ улсын дугаартай автоцистерний жолооч С.Энх-Амгалан шатахууны зөвшөөрлийн бичгийг бэлэн мөнгө болгон хувьдаа ашиглаж 1.451.934 төгрөгийн хохирол учруулсан. Үүнтэй холбоотойгоор МТ Авто ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сэргэлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 67/16 тоот тушаалаар 2016 оны 9,10 дугаар сарын цалингаас нь суутгаж төлүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч МТ авто ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, З.Баттөмөр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: МТ авто ХХК нь автоцистерний шатахуун тээвэрлэж тээвэрлүүлэгчийн заасан шатахуун түгээх станц эсхүл тухайн цэгт нь шатахуун хүргэх үйлчилгээ үзүүлж ажилладаг. Дээрх үйлчилгээг үзүүлэхийн тулд хөдөлмөрийн гэрээгээр жолооч нарыг ажиллуулж түүнд тохирсон хөлсийг өгдөг. Жолооч нар нь гэрээнд заасны дагуу автомашинаар, компанийн шатахуунаар тээвэрлэлт хийх ажлыг хийж гүйцэтгэдэг. Автоцистерний жолоочоор ажиллаж байсан С.Энх-Амгалан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа автоцистерний баканд хийх ёстой компанийн шатахууныг санаатайгаар ШТС-ын түгээгч нартай хуйвалдан хувьдаа завшиж компанид 1.451.934 төгрөгийн хохирол учруулсан. С.Энх-Амгалангийн энэ үйлдэл нь компанийн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.13-т Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалттай нийцсэн тул ажлаас нь халсан болно. Иймд автоцистерний жолоочоор ажиллаж байсан С.Энх-Амгалангаас компанид учруулсан хохирол болох 1.451.934 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд цалингаас нь 1.229.811 төгрөг суутгаж авсан тул үлдэгдэл 222.123 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Энх-Амгалан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Энх-Амгалан миний бие тус компанитай хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ шударгаар гүйцэтгэж байсан. Хот орон нутагт бензин түгээх зорилгоор компаниас зориулалтын дагуу км зайны шатахууныг хүлээж авдаг. Компаниас хуваарилсан шатахууны бичгээр шатахууныг хүлээж аваад, ажил үүргээ 100 хувь гүйцэтгэдэг. Компаниас олгосон шатахууныг илүү байдлаар хэрэглэж компанид хохирол учруулсан зүйл байхгүй, компанийн шатахуун түгээх үйл ажиллагаанд саад учруулж байгаагүйн хувьд нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захирал Ч.Баярсайхан нь урьд нь хээл хахууль авсан байдлыг гэрчилж жолооч нар дотоод хяналтад мэдээлэл өгч байснаас болж тус байгууллагын захирлын ажлаас халагдаж байсан асуудал байдаг /2015 онд/. Энэ хүн одоо эргээд захирал болмогцоо жолооч нартай хувийн өс хонзонгийн тооцоо хийж байна гэж ойлгож байна. С.Энх-Амгалан нь байгууллагаас өгсөн үүрэгт ажлыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж ирсэн, түүнчлэн байгууллагын хөрөнгийг хувийн зорилгоор ашиглаж завшаагүй тул 1.451.934 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Энх-Амгалан нь МТ Авто ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгочид даалгах, үндэслэлгүйгээр суутгасан 1.299.811  төгрөгийг гаргуулах, МТ Авто ХХК нь С.Энх-Амгаланд холбогдуулан компанид учруулсан хохиролд 1.451.934 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад суутгасан 1.229.811 төгрөгийг хасаж, 222.123 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

            С.Энх-Амгалан нь 2011 оны 5 дугаар сараас эхлэн МТ Авто ХХК-д автоцистерны жолоочоор ажиллаж байсан бөгөөд С.Энх-Амгаланг МТ Авто ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 93/16 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус компанийн гүйцэтгэх захирлын “Ажлаас халах тухай” тушаалаар тогтоогдож байна.      

 

С.Энх-Амгалан МТ Авто ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 93/16 тоот тушаалыг мөн өдөр хүлээн авч, тус дүүргийн шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 19-нд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т… “Ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалттай нийцэж байна.

 

МТ Авто ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 93/16 тоот тушаалд “…Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.2.7, компанийн дотоод журмын 3.1.1 дэх заалт, Дотоод аудитын газрын 71/16 тоот илтгэх хуудсыг тус тус үндэслэн ажилтан С.Энх-Амгаланг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай” гэжээ.

 

            Нэхэмжлэгч С.Энх-Амгалан нь тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй, ачиж тээвэрлэсэн бензинээ нормоор, өгсөн түлшээр заасан газарт нь тоо ёсоор нь хүргэж өгч байсан бөгөөд ачаагаа дутааж өр төлбөр гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж маргаж, дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

           Харин хариуцагч МТ Авто ХХК нь дээрх тушаалынхаа үндэслэлийг… ….С.Энх-Амгаланг сар бүр компаниас олгосон зөвшөөрлийн бичгээр албаны хэрэгцээнд хэрэглэх ёстой бакны шатахууныг хувьдаа бэлэн мөнгө болгон ашиглаж, компанид 1.451.934 төгрөгийн хохирол учруулсан нь Дотоод аудитын газрын шалгалт болон бусад баримтуудаар тогтоогдсон, энэ үйлдэл нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.13-т… Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан тул ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.         

  

   МТ Авто ХХК-ийн Дотоод аудитын газраас Сонгинохайрхан дүүрэгт байрлах ШТС 20-оос 2016 оны 7,8,9 дүгээр саруудад шатахуун олгох зөвшөөрлийн бичгийн дагуу автоцистерний бакандаа шатахуун авсан эсэхийг 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 2016 оны 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх хугацаанд шалгасан гэж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 71/16 дугаартай илтгэх хуудсыг гаргасан байх бөгөөд илтгэх хуудсыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

    Уг шалгалтаар МТ Авто ХХК-ийн 2016 оны 7,8,9 дүгээр саруудад автоцистерний баканд шатахуун олгогдсон тайланг шалгахад нийт 31 жолооч 53.866 литр буюу 84.386.961,50 төгрөгийн бакны шатахууныг ШТС-ын түгээгч нартай урьдчилан бэлдсэн хуурамч баримтаа ашиглаж бэлэн мөнгөөр хувьдаа авч хэрэглэснийг камерийн бичлэг, түгээгүүрийн мэдээлэл /фюшин программ/, картын тайлан зэргийг тулгаж илрүүлсэн гэжээ.

 

    Дээрх аудитын шалгалтаар камерийн бичлэг, түгээгүүрийн мэдээлэл /фюшин программ/, картын тайлан зэргийг тулгаж зөрчлийг илрүүлсэн гэж хариуцагч талаас нотлох баримтаар камерийн бичлэгийг SD-нд буулгаж, SD-ний бичлэгээ цаасанд буулгаж, улмаар ИХШХШТХ-ийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хөндлөнгийн 2 гэрч байлцуулан үзлэг хийж баталгаажуулсан бөгөөд камерийн бичлэг, цаасан дээр буулгасан тэмдэглэл хоёр таарч зөрүүгүй болохыг баталгаажуулж авав.

 

   Шүүх хуралдааны явцад нотлох баримт судлахад зохигчид уг бичлэгийг нэг бүрчлэн үзэж, шинжлэн судлах хүсэлт гаргаснаар бичлэгийг эхнээс нь дуустал үзэж судлав.

 

   Камерийн бичлэгээс харахад 35-81 УНТ автоцистерний жолооч С.Энх-Амгалан 2016 оны 07 дугаар сарын 10, 2016 оны 09 дүгээр сарын 16, 09 дүгээр сарын 26, 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд ШТС 20-оос бензин авч байгаа бичлэг байх ба хариуцагч талын тайлбарлаж байгаачлан С.Энх-Амгалан өөрийн машины баканд дутуу бензин шахаж, үлдэх хэсгийг өөр машины баканд хийж байгаа гэж бичлэгүүдийг харуулж байгаа ба бичлэгээс харахад автоцситерний жолооч нар машины урдуур хойгуур явах, ШТС-ын байр руу орох, түгээгүүрийн хошууг барьж яваад өөрийн машинд хийлгүй өлгүүрт буцааж, өлгөх зэрэг үйлдлүүд харагдаж байгаа боловч С.Энх-Амгалангийн машинд бензин хийж байгаад өөр машинд бензин хийж байгаа үйлдэл шууд харагдахгүй, машины ард байгаа үйлдлийг чухам юу болж байгаа талаар таамаглах боломжгүй юм.

 

  SD-нд бичигдсэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн бичлэгт: …” 5:53:25 PM цагт эмэгтэй түгээгч ШТС-ын байрнаас гарч ДТ80 түгээгүүрийн хэсэгт ирж 35-81 УНТ улсын дугаартай Nord Benz шатахууны машины жолоочийн хамт түгээгүүр машины дундуур орсон. 5:54:23 PM цагт түгээгүүрээс хошууг хэн нэг нь авсан. 5:56:29 PM цагт эмэгтэй түгээгч 35-81 УНТ улсын дугаартай Nord Benz шатахууны машин талаас түгээгүүрийн хошууг барьсаар гарч ирэн түгээгүүрт хийлгүйгээр шууд цэнхэр өнгийн Портер маркийн машины бак руу хийсэн, 5:56:58 PM цагт 35-81 УНТ улсын дугаартай Nord Benz машины жолооч ШТС-ын байр руу явсан. 5:57:10 PM цагт эмэгтэй түгээгч цэнхэр өнгийн Портер маркийн машины бакнаас түгээгүүрийн хошууг авч, түгээгүүрт өлгөсөн. Түгээгч 5:57:18 цагт түгээгүүрийн хошууг дахин авч өмнөх зогсож байсан цэнхэр өнгийн Портер маркийн машины бак руу хийж орхин ШТС-ын байр руу явсан” гэх бичлэг байх ба цэнхэр өнгийн  Портер маркийн машины бак руу хийж байгаа хэсэг харагдахгүй, машины ард орсон ба хариуцагч тал уг камерийн бичлэгийг түгээгүүрийн мэдээлэл /фюшин программ/-тай тохирч байгаа гэх боловч бензин авч эхэлсэн, дууссан, цаг хугацаа зөрүүтэй, дээрх байдлаас харахад нэхэмжлэгч талын камерийн бичлэг, түгээгүүрийн мэдээлэл /фюшин программ/ нь хөдлөшгүй баримт гэж үзэх үндэслэлгүй, хоорондоо зөрүүтэй, бичлэг нь бүрэн биш, түгээгүүрийн ард, машины ард болж байгаа үйлдэл, болоогүй ч байж болох явдлыг таамаглаж SD-нд буулгасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй гэж үзэв.

 

    Нөгөө талаар аудитын илтгэх хуудсанд С.Энх-Амгаланг зөвшөөрлийн бичгээр авах шатахууныг тооцож, 900 литр бензений зөрүүнд 1.451.934 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа мөн илтгэх хуудсанд 2016 оны 9 дүгээр сарын автоцистерний жолооч нарын тооцооны хуудас, ашиглалтын менежерийн гаргасан тайлангаас шатахууны үлдэгдлийг үзэхэд 32 литр бензин хэмнэсэн /алдагдалгүй/ гэдгийг хүснэгтээр харуулсан байна.

 Түүнчлэн нэхэмжлэгч нь шатахуун олгох зөвшөөрлийн хуудасны дагуу хариуцагчаас олгосон шатахууныг хариуцагчийн түгээгчийн үйлдсэн картын дагуу хүлээн авч, тогтоосон хугацаа болон газарт холбогдох ачааг хүргэж өгч байсан болох нь зөвшөөрлийн хуудас, картын болон ажлын гүйцэтгэлийн, жолооч нарын тооцооны хуудасны хуулбараар тогтоогдож байна. 

 Нэхэмжлэгч С.Энх-Амгалан хариуцагч МТ Авто ХХК-ийн итгэл найдварыг алдаж, шатахууны зөвшөөрлийн бичгийг бэлэн мөнгө болгон хувьдаа ашиглан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбар нь зөвшөөрлийн хуудас, картын болон ажлын гүйцэтгэлийн, жолооч нарын тооцооны хуудасны хуулбараар үгүйсгэгдэж байна. 

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т… “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах”, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “ ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанг ... ажлаас халах ... хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”-аар заажээ.

 

   Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч санаачлагаараа гэрээг цуцлахаар заасан ба талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.7-д… Мөнгө буюу бараа материал, техник хэрэгслийг хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаа нь компанийн зүгээс уг ажилтанд үзүүлсэн итгэл найдвар алдах үндэслэл болсон, 6.2.13-т…Компанийн эд хөрөнгө, мөнгө бараа материалыг хувийн зорилгоор ашигласан, дутагдуулсан аливаа үлйдэл нь шалгалтаар нотлогдсон бол…ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна.

 

  Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон дээр дурдсан үндэслэлүүдээр С.Энх-Амгаланг  компанийн зүгээс уг ажилтанд үзүүлсэн итгэл найдвар алдаж, шатахууны зөвшөөрлийн бичгийг мөнгө болгон хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй байна гэж үзэв.

 

   Иймд С.Энх-Амгаланг МТ Авто ХХК-ийн автоцистерний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны сарын үндсэн цалинг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж 2.003.755 төгрөгийг 3-т хувааж, нэг сарын цалин, түүнийг ажлын 21.5 хоногт хувааж, нэг өдрийн цалин /2.003.755:3:21.5/=31.065 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ноос шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017 оны 04 дүгээр сарын 26 хүртэл 4 сар 14 хоногоор тооцож нийт /667.918х4/=2.671.672 төгрөг, /31.066х14 хоног/=434.924 төгрөг, нийт /2.671.672 +434.910/=3.106.596 төгрөгийг гаргуулан С.Энх-Амгаланд олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

   

С.Энх-Амгалан нь байгууллагаас хөрөнгө завшиж байгаагүй, оногдсон ажлыг цаг тухайд нь хийж ирсэн байхад 2016 оны 10 дугаар сард олгосон цалингаас 422.501 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард олгосон цалингаас 366.958 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр суутгасан, 2016 оны 10 дугаар сард олгох ёстой байсан 170.000 төгрөгийг олгоогүй байх тул нийт 1.299.811 төгрөгийг МТ авто ХХК-иас нэхэмжилж, хариуцагч тал Дотоод аудитын газрын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 59/16 тоот илтгэх хуудсаар 35-81 УНТ улсын дугаартай автоцистерний жолооч С.Энх-Амгалан шатахууны зөвшөөрлийн бичгийг бэлэн мөнгө болгон хувьдаа ашиглаж 1.451.934 төгрөгийн хохирол учруулсантай холбоотойгоор МТ Авто ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сэргэлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 67/16 тоот тушаалаар 2016 оны 10,11,12 дугаар сарын цалингаас 1.229.811 төгрөгийг суутгаж төлүүлсэн нь хуульд нийцсэн гэж эс зөвшөөрч маргаж байна.

 

 

         Хариуцагч нь шатахууны зөвшөөрлийн бичгийг бэлэн мөнгө болгон хувьдаа ашигласан гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.Энх-Амгалангийн 2016 оны 10,11,12 дугаар сарын цалингаас 1.229.811 төгрөгийн суутгал хийсэн нь тус компанийн  гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 67/16 тоот тушаал, 2016 оны сарын сүүл цалингийн дэлгэрэнгүй баримтаар тогтоогдож байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т… Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж заажээ.

         Нэхэмжлэгч нь 2016 оны 10,11 дүгээр сарын цалингаас суутгал хийж байгаа, 2016 оны 10 дугаар сард олгох ёстой байсан 170.000 төгрөгийг олгоогүй талаар мэдэж байсан боловч 3 сарын дотор хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн байх тул цалингаас суутгал хийсэн, дутуу олгосон цалинд 1.229.811 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т… Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

 

 Тус компанид автоцистерний жолоочоор ажиллаж байсан С.Энх-Амгалан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа автоцистерний баканд хийх ёстой компанийн шатахууныг санаатайгаар ШТС-ын түгээгч нартай хуйвалдан хувьдаа завшиж компанид 1.451.934 төгрөгийн хохирол учруулснаас 1.229.811 төгрөгийг цалингаас суутгасан гэж үлдэгдэл 222.123 төгрөг нэхэмжилж байх боловч  эдгээр нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон       

  ТОГТООХ нь: