Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

           

                                   

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дара Б.Буянхишиг,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч Г.Т, И.Ө /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Галширмаагийн Тэргэл, Дархан овогт Итгэлмаагийн Өлзийбат нарт холбогдох эрүүгийн 2111 00000 1337 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, , 2000 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хос Аз гутлын үйлдвэрт туслах ажилтан, ам бүл 7, эхнэр, хүүхэд, 3 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Бага Нарангийн 9-7 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэлгүй, РД:

 

2. Монгол Улсын иргэн, Дархан овогт, 1999 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Кровн бааранд хамгаалагчийн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 34-20 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэлгүй, РД:

 

Шүүгдэгч  нь Г.Т нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Караоке нэртэй бааранд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн А.Чойжилсүрэнтэй маргалдан улмаар биед нь баруун хөмсөг шарх, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун шуу, бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч И.Ө /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Караоке нэртэй бааранд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Э.Баярсайхантай маргалдан улмаар биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Тээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч И.Өаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүгдэгч Г.Тээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-35/ “.. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Чойжилсүрэнгийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч И.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-42/ “..Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Э.Баярсайханы биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч А.Чо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 03 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Караоке нэртэй бааранд найз Э.Баярсайханы хамт орсон... Пивоноос захиалаад ууж байгаад караокены бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь нэг танихгүй залуу ирээд Э.Баярсайханыг түлхсэн...Бүжгийн талбай дээр байсан шар хүрэм өмссөн байсан залуу нь манай найз Баярсайханы нүүр рүү гараараа нэг удаа цохисны дараа хамраас нь цус гараад тэгээд бид хоёр хамтдаа бие засах өрөө ороод хамрын цусыг тогтоогоод гарч ирсэн чинь нэг залуу бид хоёр дээр ирээд "тамхины өрөө оръё, манай найзуудтай та хоёр муудалцсан уу, ярилцъя" гээд дуудахаар нь би тэр залууд хандаж одоо болцгооё гэж хэлээд тамхины өрөө рүү Баярсайхан бид хоёр дахиж ороход араас 4 залуу нэмж орж ирээд тэр өрөөнд танихгүй бараг 9 залуу байсан. Миний мэдэж байгаагаар 4-5 залуу нийлээд бид хоёрыг шууд хоёр талаар хувааж аваад цохиж зодсон. Одоо миний нүүрний баруун хэсгийн хөмсөг болон нүдний доод хэсэгт язраад зүсэгдэж цус гараад байна..Миний хамар мурийж хөмсөг сэдэрсэн. Би гуравдугаар эмнэлгийн хажуу талд байдаг эмнэлэгт хамраа тэгшлүүлж 120.000 төгрөг төлсөн, толгой тархины зураг авхуулсан 130.000 төгрөг, 2 долоо хоног ажилдаа яваагүй учраас цалин 550.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан...Тамхины өрөөнд байхад миний нүүр лүү өшиглөсөн нь Тэргэл юм байна. Тэргэл миний нүүр рүү өшиглөсний дараа хамраас цус гараад хөмсөг сэдэрчихсэн байсан. Тэгэхээр миний биед учирсан гэмтлийг Тэргэл учруулсан гэж бодож байна..” гэх мэдүүлэг /хх-6-8/,

 

Хохирогч Э.Ба мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Караоке нэртэй бааранд найз А.Чойжилсүрэнгийн хамт ороод тус бүрдээ нэг нэг ширхэг Хайнекен нэртэй пивоноос ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг танихгүй залуу ирээд шууд түлхсэн. Тэгэхээр нь зөрөөд түлхсэн чинь тэр залуу шууд миний зүүн нүд рүү гараараа цохисны дараа тэр залууг надаас караокены хамгаалагч болон хажууд байсан залуучууд салгасан. ..Тэгээд удахгүй 5 минутын дараа нэг залуу над дээр ирээд манай найзтай муудалцсан юм уу, хүрээд ирээд, тамхины өрөөнд уулзъя гэхээр нь за тэгье гээд Чойжилсүрэн бид 2 тамхины өрөө рүү нөгөө залууг дагаад орсон чинь араас 3-4 залуу орж ирээд шууд намайг болон Чойжилсүрэн бид хоёрыг цохиж зодоод эхэлсэн. Эхлээд миний хамар руу нэг залуу цохисон нэрийг нь мэдэхгүй, харвал танина. Эргээд харсан чинь бас нэг залуу хойноос толгойгоо дараад байж байхад нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Харин Чойжилсүрэнг бас нэг өрөөнд байсан залуучууд нүүр лүү нь цохиж зодсон ба баруун нүдний доод хэсгээс нь цус гараад байгаа. Миний хамар хугарчихсан бололтой. Толгой руу цохиод байсан болохоор толгой их өвдөж байна..” гэх мэдүүлэг /хх-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10893 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-19-20/ “..А.Чойжилсүрэнгийн биед баруун хөмсөг шарх, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун шуу, бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10892 дугаартай шинжээчийндүгнэлтэд: /хх-24-25/ “..Э.Баярсайханы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, шүүгдэгч Г.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-50/, шүүгдэгч И.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, шүүгдэгч И.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-51/, Хохиролтой холбоотой баримтууд /хх-66/, Хохиролтой холбоотой баримтууд /хх-24-25/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Караоке нэртэй бааранд шүүгдэгч Г.Т И.Ө нар нь хохирогч А.Чойжилсүрэн Э.Баярсайхан нартай маргалдан улмаар шүүгдэгч Г.Т нь хохирогч А.Чойжилсүрэнг цохиж баруун хөмсөг шарх, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун шуу, бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл, шүүгдэгч И.Ө нь хохирогч Э.Баярсайханыг цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг тус тус үүсгэжээ.

 

Дээрх гэмтэлүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан гэмтлийг хөнгөн хохирол тус тус учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Т, И.Ө нар нь хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Г.Т, И.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Чн баримтаар гаргаж өгсөн 250.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Т, хохирогч Э.Баярсайханаас баримтаар гаргаж өгсөн 250.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч И.Ө тус тус төлж барагдуулсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Чойжилсүрэн нь цаашид дахин хамрын зураг авахуулах, мөн 7 хоног ажилгүй байсан үеийн цалин, хохирогч Э.Баярсайханаас хамар тэгшлүүлэх хагалгаа хийлгэх зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул дээрх эмчилгээний зардал, хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх тул хохирогч нар дээрх эмчилгээний баримт, болон бусад хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Т, И.Ө нарыг хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд тус тус төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Т, И.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулав.

 

Шүүгдэгч Г.Т, И.Ө нар  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, И.Ө нарт тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, И.Ө нарт тус тус оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т, И.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хохирогч Э.Баярсайхан нь хамрын салст ясны, хугарлын хагалгаанд орохтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, хохирогч А.Чой хамрын зураг дахин авахуулах, 7 хоног ажилгүй байсан үеийн цалингийн холбогдох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Т, И.Ө нар  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т, И.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.