Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 48

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,

           улсын яллагч Б.Соёлмаа,

            хохирогч А.Чимэг,

шүүгдэгч М.Намхай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Салтан овогт Минсэлийн Намхайд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030628 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны 467А тоотод оршин суух, 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 178 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Салтан овогт Минсэлийн Намхай /РД:ШГ63092332/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Намхай нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 12 дугаар гудамжны 467А тоот өөрийнхөө хашааны гадна эхнэр А.Чимэгтэй “архи уучихаад гэртээ орохгүй гудамжинд хэвтлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хөлрүү өшиглөж биед нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Намхай нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 12 дугаар гудамжны 467А тоот өөрийнхөө хашааны гадна эхнэр А.Чимэгтэй “архи уучихаад гэртээ орохгүй гудамжинд хэвтлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хөлрүү өшиглөж биед нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч М.Намхайгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч А.Чимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Одоо зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/

            4. Хохирогч А.Чимэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...би өөрийнхөө хашааны гадна салхилаад зогсож байсан чинь манай нөхөр Намхай намайг гэртээ ор гээд байсан. Тэгээд намайг гэртээ орохгүй болохоор миний баруун хөлний шилбэ хэсэг рүү өшиглөсөн...өглөө 07 цагийн орчим Энхболд гэрээс гараад гэртээ орох гэсэн чинь манай гэрийн хаалга цоожтой байхаар нь би хашаанаасаа гараад 0,33 литрийн архи авч хашааныхаа гадаа ганцаараа уусан. Тэгээд би хашааны гадаа байж байсан чинь Намхай намайг гэртээ ор гэхээр нь би босохгүй байсан чинь Намхай миний баруун хөлрүү өшиглөчихөөд буцаад хашааруугаа орсон. Тэгээд би хэсэг ухаан балартаад сэрсэн чинь Намхайн дүү Энхболд намайг өргөж гэррүү оруулж түргэн дуудаж өгч би эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-19/

            5. Гэрч М.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байсан чинь манай хашааны хаалгыг 1 хүн нүдсэн тэгэхээр нь би гараад очсон чинь эгчийгээ оруулаачээ гэж хэлсэн. Тэгээд би хашаанаас гараад харсан чинь Чимэг эгч хашааны гадна сууж байсан. Тэгээд би түргэн дуудсан чинь хөл нь хугарчихсан байна гэсэн...Түргэний эмч Чимэг эгчийг өөрийнх нь гэрт орж ирж үзсэн. Тэгээд хөл нь хугарчихсан юм шиг байна гэмтлийн эмнэлэгрүү яваа гэж хэлсэн...Намхай ах Чимэг эгчийг гэртээ орохгүй байхаар нь уур хүрээд хөлрүү нь өшиглөчихсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 26-27/

            6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5702/-ын дүгнэлт:

                        -А.Чимэг-н биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31/ 

            7. Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Хохирогч дээрх гэмтлийг өөрөө авах боломж багатай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

            8. А.Чимэгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 51-59/

            9. Сэжигтэн, яллагдагч М.Намхайгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...өглөө 10 цагийн орчим манай эхнэр Чимэг гэрийн хашааны гадна талд гудамжинд согтуу хэвтэж байсан. Тэгэхээр нь би эхнэр Чимэг дээр очоод босоорой гэсэн босохгүй шал согтуу байсан. Тэгэхээр нь би оруулах гэсэн орохгүй байхаар нь миний уур хүрээд эхнэр Чимэгийн баруун хөлөн дээр өөрийнхөө зүүн хөлөөр дэвсчихээд гэртээ орчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 46-47/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Намхай нь 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 178 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шүүгчийн захирамж /хх-ийн 68, 80-81, 82, 83/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч М.Намхайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас  хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5702/-ыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч М.Намхайг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал /53 настай/ зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Салтан овогт Минсэлийн Намхайг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Салтан овогт Минсэлийн Намхайг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Намхайгийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. М.Намхайд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Намхайд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Намхайд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                    Б.БАТБОЛОР