Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0175

 

Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагшүүхэд гаргасан тайлбартаа: Б.Энхтуяа нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдаж, шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг хүчингүй болгох сахилгын шийтгэл хүлээсэн.

Сахилгын шийтгэл авагдсан шалтгаан нь иргэн Н.Аравнаасүрэнгийн гаргасан гомдлоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн удирдамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяагийн ажлыг шалгасан шалгалтын дүн болно. Уг шалгалтаар Б.Энхтуяа нь төлбөр төлөгч Н.Аравнаасүрэнгээс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөрт гаргуулсан гэх 7130741 төгрөгийг бэлнээр хүлээн авсан баримтыг санаатайгаар засварласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол нь төлбөр төлөгдөхөөс 1 сарын өмнө үйлдэгдсэн, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгосон, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг 2 сарын хугацаанд сэргээх ажиллагааг хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрч, Б.Энхтуяа нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон.

Түүний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.3, 136 дугаар зүйлийн 136.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Энхтуяагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний б/1115 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь нэхэмжлэлдээ захиргааны актыг зөрчил гаргаагүй гэж үгүйсгэж маргаагүй, харин зөрчлийн улмаас хохирол учраагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж маргасныг шүүх анхаараагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Сахилгын шийтгэл авагдсан шалтгаан нь Н.Аравнаасүрэнгээс гаргасан гомдлоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу шалгасан шалгалтаар ...зөрчлүүд илэрч, ...иргэний Үндсэн хуулиар олгогдсон гадаадад зорчих эрх зөрчигдсөн тул арга хэмжээ авсан... гэж тайлбарласан байхад шүүгч шийдвэртээ...Н.Аравнаасүрэнд хохирол учраагүй ...гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий захиргааны акт нь өмгөөлөгчийн үндэслэл болгож буй журмын уг заалтыг үндэслэж гараагүй болохыг дурдах нь зүйтэй... гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн.

Хариуцагчийн тайлбарт Н.Аравнаасүрэнгийн эрх зөрчигдөж, гомдол гарсны улмаас шалгалт хийж, зөрчил илрүүлэн Б.Энхтуяаг ажлаас халсан гэсэн утга агуулагдаж байхад шүүх Н.Аравнаасүрэнд хохирол учирсан гэсэн үндэслэлээр захиргааны акт гараагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хохирол учраагүй бол арга хэмжээ авах тохиолдолд зөрчлийн шинж чанар, хүнд хөнгөн, гэм буруугийн хэр хэмжээ, ажилтны хувийн байдлыг харгалзан үзэх зохицуулалтыг байгууллага хэрэглэх боломжтой байхад Б.Энхтуяагийн эрх зүйн байдлыг дордуулан шууд ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна.

Ажил хийж байгаа хүн ажлын ачаалалд дарагдаад зарим зүйлийг мартаж, дутуу хийх зүйл гарч болно. Шүүгч хүн хүртэл заримдаа алдаа гаргадаг. Гэхдээ тэр болгоныг ноцтой зөрчил гэж үзэн хүндрүүлж, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзахгүйгээр шууд ажлаас халж, амьдралын баталгаагүй болгож байгаа асуудлыг шүүх нарийвчлан авч үзэж, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхтэй холбож авч үзэх ёстой.

Тэгээд ч аливаа хэрэг, зөрчилд гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх хууль зүйн үндсэн зарчим байдаг. Шүүгч энэ байдлыг нэн тэргүүнд харгалзан үзэх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүртэл гэм буруугийн хэр хэмжээнээс шалтгаалж ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх зарчим үйлчилдэг байхад ажил хийж яваад алдаа гаргасан хүнд энэ зарчим яагаад үйлчилж болдоггүй юм бэ. Хэдийгээр Б.Энхтуяагийн гаргасан зөрчлүүд холбогдох дүрэм, журам, хуулийг зөрчсөн боловч хамгийн гол нь хүндрүүлж авч үзэх ямар нэгэн хор уршиг учруулаагүй байгааг шүүх анхаарах ёстой.

Мөнгө хүлээн авсан баримтыг санаатайгаар засварлаж, мөнгө ашиглаагүй, тогтоол үйлдэж дугаар авахдаа андуурч он, сарын зөрүүтэй авсан, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх сэргээгээгүйгээс хохирол учраагүй зэргээс үзэхэд Б.Энхтуяагийн гэм бурууг хөнгөрүүлэх боломжтой.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д ...гаргасан зөрчлийн шинж байдал, хүнд хөнгөн, гэм буруугийн хэр хэмжээ, ажилтны хувийн байдал зэргийг харгалзанаШүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5-д ...сахилгын шийтгэл ногдуулахдаа ...түүний гаргасан зөрчлийн шинж байдал, зөрчлийн улмаас үүссэн хор хохирлыг харгалзана гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ нөхцөл байдлуудыг харгалзан мөн журмын 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль тогтоомж, энэ журам болон үйлчилгээний стандарт, ёс зүйн дүрэм, бусад журам, зааврыг зөрчсөн албан хаагчид тухайн зөрчил шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзан энэ журмын 10.2-т зааснаас бусад сахилгын шийтгэл оногдуулна гэсэн заалтуудын дагуу арга хэмжээ авах байхад шууд ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн63 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Энхтуяаг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Энхтуяад төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажлаас халсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм-ийн 2.3-д Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна, 2.3.8-д ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй гэж заасантай нийцсэн, хууль ёсны шийдвэр болжээ.

Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шалгалтын удирдамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг шалгахад шийдвэр гүйцэтгэгч Б.ЭнхтуяагийнДүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5668 дугаар шүүгчийн захирамжаар Н.Аравнаасүрэнгээс 7130741 төгрөгийг гаргуулж Скай Ворлд финанс ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч иргэний гадаад улсад зорчих эрхийг 2 сарын хугацаанд сэргээх ажиллагаа явуулаагүй, төлбөрт гаргуулсан 7210741 төгрөгийн бэлэн мөнгө хураасан акт үйлдэхдээ засварласан, төлбөрийн мөнгийг төлбөр авагчид олгосон баримтгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, дуусгавар болгосон тогтоол нь төлбөр төлөгдөхөөс өмнө үйлдэгдэж, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгосон зэрэг зөрчил илэрч, нотлох баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.Энхтуяагийн төлбөрт гаргуулсан 7210741 төгрөгийн бэлэн мөнгө хураасан акт үйлдэхдээ засварласан, төлбөрийн мөнгийг төлбөр авагчид олгосон баримтгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг 2 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид 1 хувийг өгч, 1 хувийг нь хувийн хэрэгт хавсаргана72.3-д Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна гэж заасныг зөрчсөн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Харин Н.Аравнаасүрэнгээс 7130741 төгрөг гаргуулж, Скай Ворлд финанс ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Аравнаасүрэнгийн гадаад улсад зорчих эрхийг 2 сарын хугацаанд сэргээх ажиллагаа явуулаагүй зөрчлийн тухайд шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-д заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/2969 тоот албан бичгээр төлбөр төлөгч Н.Аравнаасүрэнгийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал боловсруулж, улмаар Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Н.Аравнаасүрэнгийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Гэвч нэхэмжлэгч Б.Энхтуяа нь төлбөр төлөгдөж дууссаны дараа албан үүргээ биелүүлж, түүний гадаадад зорчих эрхийг сэргээх ажиллагааг хийгээгүйн улмаас Н.Аравнаасүрэн нь 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор зорчих үедээ саатуулагдаж, хилээр нэвтэрч чадалгүй эрх нь зөрчигдсөн байна.

Ийнхүү нэхэмжлэгч Б.Энхтуяагийн гаргасан зөрчлүүд нь хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажлыг шалгасан дүнгийн илтгэх хуудас[1], 0007121 дугаартай бэлэн мөнгө хураасан акт[2], шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол[3], Б.Энхтуяагийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ж.Наранбаатарт гаргасан 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тайлбар[4] зэргээр нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч Б.Энхтуяа өөрөө сахилгын шийтгэл хүлээх болсон зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөрчлийн улмаас хохирол учраагүй байхад шууд ажлаас халсан нь үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН