Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Эрдэнэ нөхөрлөлийн ахлагч Д.Алтанхулганын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдаж олгогдсон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Улаан даваа буюу 23 дугаар хэсэглэлийг дахин баталгаажуулж гэрчилгээ олгохыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ нөхөрлөлд тус сумын Улаан даваа-с Янгаахай хүртэлх ойн санг буюу 6000 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон ба үүний дагуу 2012 оны 03-р сарын 05-ны өдөр тус сумын Засаг дарга гэрчилгээ олгосон.

Үүний дагуу манай Эрдэнэ нөхөрлөл дээрх ойн санг эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12-р сарын 17-ны өдрийн 146 дугаартай Нөхөрлөлүүдийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах тухай тогтоолоор манай нөхөрлөлд өмнө олгосон Улаан даваа буюу 23-р хэсэглэлийг ажлын хариуцлагагүйгээс болж хасаж баталгаажуулсныг сая он гараад мэдсэн болно.

Энэ талаар холбогдох баримтуудыг цуглуулж 2020 оны 01-р сарын 23-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тогтоолоор хасаж баталгаажуулсан 23-р хэсэглэлийг буцааж олгуулах хүсэлтийг гаргасан ба 2020 оны 02-р сарын 04-ний өдрийн 1/10 дугаартай хариу албан бичигт...ойн сангийн 23-р хэсэглэлийг хасаж баталгаажуулсан асуудал нь өмнөх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаанд баталгаажиж хийгдсэн учраас хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна. Иргэдийн хурлын шийдвэртэй санал нийлэхгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандаж болох юм...гэсэн агуулга, үндэслэл тодорхойгүй хариу өгсөн болно.

2015 оны 12-р сарын 17-ны өдрийн 146 дугаартай Нөхөрлөлүүдийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах тухай тогтоол нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын дагуу үндэслэж гарсан ба тус заалт нь ..нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагуудад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай ойлголт болохоос бус өмнө нь гарсан тогтоол, гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт биш юм.

Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь хэсэгт...Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь...ойн сангийн тодорхой хэсгийг тодорхой хугацаа.нөхцөл болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл...эзэмшил, ашиглалтад өгч болно гэж заасан хүрээнд хууль дүрмийн дагуу эзэмшиж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэнөхөрлөл нь 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан ойн сангаа ашиглаж байгаа юм.

Мөн 2015 оны 12-р сарын 17-ны өдрийн 146 дугаартай Нөхөрлөлүүдийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах тухай тогтоолоор манай нөхөрлөлд өмнө олгосон Улаан даваа буюу 23-р хэсэглэлийг хассан талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдээгүй учраас одоо болтол ашиглаж, эзэмшиж байгаа ба өөр хүн, байгууллага эзэмшээгүй болно.

Иймд манай Эрдэнэ нөхөрлөлд өмнө буюу 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдаж олгогдсон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Улаан даваа буюу 23-р хэсэглэлийг дахин баталгаажуулж гэрчилгээ олгохыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгаж өгнө үү...гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эрдэнэ нөхөрлөлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

2007 оны Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж Эрдэнэ нөхөрлөлд олгосон байсан Улаан даваа орчмын 23 дугаар хэсэглэлийн газрыг 2015 оны Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин баталгаажуулахдаа техникийн алдаа гаргаж орхигдуулсан байна.

Иймд Эрдэнэ нөхөрлөлд 2007 онд олгосон Улаан даваа орчмын 23 дугаар хэсэглэлийн газрыг Эрдэнэ нөхөрлөлд дахин баталгаажуулж олгоход татгалзах зүйл байхгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг гуравдагч этгээдэд олгосон асуудал байхгүй.

Иймд Эрдэнэ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эрдэнэ нөхөрлөлийн ахлагч Д.Алтанхулгана 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдаж олгогдсон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Улаан даваа буюу 23 дугаар хэсэглэлийг дахин баталгаажуулж гэрчилгээ олгохыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай Ойн санг гэрээгээр эзэмших иргэдийн нөхөрлөлийг баталгаажуулах тухай тогтоолын хавсралт Ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөлийн жагсаалт-ын 2 дахь хүснэгтээр Эрдэнэ нөхөрлөлд Янгаахай, Улаандаваа нэршилтэй газарт 6000 га газрыг гэрээгээр эзэмшүүлжээ.

Тус сумын 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай Нөхөрлөлүүдийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах тухай тогтоолын хавсралт 2015 оноос өмнө ойн санг гэрээгээ эзэмшиж байсан нөхөрлөлүүдийн ойн сангийн хэмжээ, хэсэглэлийн дугаар, газрын нэр-ийн жагсаалтын 16 дахь хүснэгтээр Эрдэнэ нөхөрлөлд Шавартын гол, Ар сөөгтэйн гол, Сөөгтэйн гол гэх нэршилтэй газарт 5926 га газрыг баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Эрдэнэ нөхөрлөлийн ахлагч Д.Алтанхулганын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Эрдэнэ нөхөрлөлийн ахлагч Д.Алтанхулганын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдаж олгогдсон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Улаан даваа буюу 23 дугаар хэсэглэлийг дахин баталгаажуулж гэрчилгээ олгохыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.ОДБААТАР