| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0051/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/94 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч Д.Уянга,
Шүүгдэгч Г.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 00692 1291 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 сарын 05-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамтаар амьдардаг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 48-63 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 сарын 11-ний өдрийн 566 шийтгэх тогтоолоор 3 жил 1 cap хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Г.Н нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл урлагийн их сургуулийн урдах авто замын дэргэд хохирогч Б.Билгүүний нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын талстад шарх, тархи доргилт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Г.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим би өөрийн найз болох Оюунболд, Лхагвадулам нарын хамт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сууж байхад Лхагвадуламыг фейсбүүк лүү Билгүүн гэх нэртэй фэйсбүүкээс залгаад юм яриад байхаар нь би юу яриад байгаа юм бэ чи хэнтэй яриад байгаа юм бэ гэж хэлэхэд ард талд нь олон залуучууд хаана байгаа юм гэх зэргээр ярилцаж байгаад утсаа таслаад эргэж залгаад ч хаана байгаа юм бэ байгаа газар чинь яваад очоод алаад өгье гэх зэргээр хэлэхээр нь би хүрээлэн дээр байна гэж хэлэхэд чи чаддаг юм бол СУИС-ийн урд хүрч ирээд залга чадахгүй бол би 2 бацаанаа явуулчихъя гэж хэлэхээр нь би за одоо яваад очьё гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл Урлагийн Их сургууль руу Лхагвадуламыг машиндаа суулгаад хөдөлхөд ардаас хамт байсан найз Оюунболд залгаад болио хаячих гэж хэлэхээр нь би СУИС-луу явахаа болиод эргээд явж байтал над руу залгаад хаана яваад байна ирж чадах юмуу гэж хэлэхээр нь би буцаад СУИС-луу Лхагвадулам, Оюунболд нарын хамтаар очсон. Ингээд СУИС дээр ирээд би залгаад ирчихлээ хаана байгаа талаар нь асуухад очлоо гэж хэлээд удалгүй СУИС-ийн урд талд халамцуу байрын сахалтай өндөр залуу ирээд над руу дайраад байхаар нь би заандаад чи юу гэнээ гэж хэлээд маргалдсан. Бид 2 хоорондоо заамдалцаад би чамайг ахаараа алуулна гэж хэлэхээр нь би тухайн өндөр сахалтай залууг машиндаа ах дээр чинь хамт очьё гэж хэлээд СУИС-аас хүнсний нэгдүгээр дэлгүүх чиглээд явж байтал тухайн залуу ах луу фэйсбүүкээр залгахаар нь би утсыг нь автал Батхүү гэх нэртэй ах нь байхаар нь тухайн ахтай утсаар ярьтал заза ахаа одоо больё гэж хэлэхээр нь би Зоос гоёлын уулзвар дээр буулгаад явсаны...” гэсэн мэдүүлэг /хх-90-91/,
Хохирогч Б.Би мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд би Лхагвадулам руу фейсбүүкээр залгаад холбогдтол ардаас нэг эрэгтэй хүн наадах чинь юун хүн бэ, муу бацаан гэх зэргээр намайг доромжилсон. ...”хаана байгаа” гэхээр “СУИС дээр байна” гэсэн. ...ирээд над руу залгаад “ирчихлээ” гэж хэлэхээр би гараад очтол 2 залуу байсан. Намнанбаатар гэх залуу нь надтай анх уулзаад намайг боож аваад миний зүүн талын эрүүний хэсэгт гараараа наг удаа цохиход Оюунболд тохоогоороо миний зүүн доод уруул руу тохойлдсон тухайн 2 залуугийн нэг нь миний дагз руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Намнанбаатар намайг машиндаа суулгаад авч явсан. Ингээд машинтайгаа явж байгаад зоос гоёлын урд намайг буулгаад ...Намнанбаатар миний нуруу луу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Намайг Лхагвадулам гэх эмэгтэй цохисон, зодсон асуудал байхгүй..”гэх мэдүүлэг /хх-11/,
Гэрч Б.Лха мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Билгүүн согтуу залгаад “намайг уучлаарай” гэх зэргээр ярьж байхад манай найз залуу болох Намнанбаатар “наад утсаа больчихоо” гэхэд Билгүүн “хүүе, наад алиалагч чинь хэн бэ” гээд ...хэрүүл өдсөн. Билгүүн, Намнанбаатар 2 заамдалцаад хоорондоо маргалдаж эхэлсэн..” гэх мэдүүлэг /хх-13/,
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-19/ “..2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би, Намнанбаатар, Лхагвадуламын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байсан юм..Билгүүн гэх залуу фейсбүүк мессенжерээр залгаад чат бичээд байсан..Тэгтэл Намнанбаатар өөрөө Билгүүн гэх залуутай холбогдоод маргалдаад эхэлсэн..Нөгөө Билгүүн гэх залуу байн байн залгаад байхаар нь очиж нэг мөсөн асуудлаа шийдээд уулзъя гээд ..очтол.. Билгүүн ганцаараа цаанаас гараад ирсэн. Намнанбаатар, Билгүүн хоёр үгийн зөрүүгүй хоёр биенээ шууд заамдалцаад авсан. Би тэр хоёрыг цохиж зодсон зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 5501 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-46/ “..Б.Билгүүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын талстад шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..”гэх дүгнэлт, Хэрэг учралын талаар камерын бичлэгийн үзлэгт хийсэн тэмдэглэл/хх-37-43/, шүүгдэгч Г.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-80/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл урлагийн их сургуулийн урдах авто замын дэргэд хохирогч Б.Билгүүний нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын талстад шарх, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Билгүүний нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Би хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй, хэрэг хавсаргуулаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н нь өмнө гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн гуравдугаар бүлэгт заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт ороогүй, энэ хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдэл шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах шаардлагыг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль нь Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжоос бүрдсэн ба эдгээр хуульд шүүх хуралдаанаас аливаа этгээдийг гэм буруутайд тооцож, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэргийг заасан бөгөөд дээрх хуулиудад заасан ажиллагааг хийж гүйцэтгэн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамрагдах шаардлага хангасан этгээдийн эрүүгийн хэргийг бүхэлд нь өршөөн хэрэгсэхгүй болгох нь энэ хуулийн зорилтод нийцэж байна. Улсын яллагчаас үүнтэй адил дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Г.Нт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР