| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00368/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 406
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг, Туяа гэдэг газарт оршин суух Тариачин овогт Раднаабазарын Цэвэлмаа /РД:ЙМ62081001/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэгнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1978 оны 02 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд тасралтгүй малчнаар ажиласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил дутуу тул орох боломжгүй болоод хохирч байна.
Ийм учир 1978 оны 02 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Цэвэлмаа нь 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллажбайсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.
Р.Цэвэлмаа нь 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 481 тоот архивын лавлагаа /хх-ийн 4 дугаар тал/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хадланчдыг шагнах тухай 68 тоот тогтоол болон хавсралтын хуулбар /хх-ийн 6 дугаар тал/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Соёл үйлдвэрлэлийн зохион байгуулагчаар ажилласан багш нарыг шагнах тухай 26 тоот тогтоол болон хавсралтын хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, хамт ажиллаж байсан гэрч Ш.Түмэндэмбэрэл, Д.Даваасамба, О.Отгонсүрэн нарынР.Цэвэлмаа нь 1978 оноос 1990 оныг дуустал Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Нэг дор ажиллаж байсан болохоор сайн мэднэ гэх мэдүүлэг /хх-ийн 23, 25, 27 дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Р.Цэвэлмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Тариачин овогт Раднаабазарын Цэвэлмаа /РД:ЙМ62081001/-гийн 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарР.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ