| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00341/И |
| Дугаар | 130/ШШ2017/00381 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00381
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00381 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Топ харагай ХХК /захирал Л.Т/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч М******** овогт Б.Ут холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Вакум хаалга, хаалтын үнэ 1914000 төгрөг, алданги 861300 төгрөг, нийт 2775300 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Топ харагай ХХК-ийн захирал Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг нь "Топ харагай" ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр "Шилэн хана, хаалт, хаалга цонх нийлүүлэх гэрээ" байгуулсан ба тэгэхдээ нийт 3914000 төгрөгийн үнэ өртөг бүхий бүтээгдэхүүнийг тус оны 01 дүгээр сард багтаан захиалагч байгууллага болох Нэгдсэн эмнэлэгт суурилуулан хүлээлгэн өгөхөөр тохиролцож, төлбөрийг явцын дунд буюу 1500000 төгрөгийг төлж, үлдэх 2414000 төгрөгийг хүлээлгэн өгсний дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын дотор төлөхөөр тохиролцсон юм. Уг ажлын хөлснөөс 2 удаагийн гүйлгээгээр 2.0 сая төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэн төлсөн боловч үлдсэн 1914000 төгрөгийг санхүүжилт хүрэлцэхгүй байна гэх шалтгаар төлж өгөхгүй чирэгдүүлсээр байна. Анх гэрээ байгуулахдаа хэрэглэгч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдагдлыг нийлүүлэгч байгууллагад төлөхөөр тохиролцсон юм. Иймд "Топ харагай" ХХК-ны захирал Л.Т миний зүгээс захиалагч талын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1914000 төгрөгийн 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 90 хоногийн хугацаанд ноогдох алданги болох 861300 төгрөгийг нэмж тооцон, нийт 2775300 төгрөгийг нэхэмжилж байна. Гүйцэтгэгч болох миний бие төлбөр тооцоогоо хийж дуусгахыг хүсэж, 2017 оны 03-р сарын 07-ны өдөр, мөн оны 4-р сарын 17-ны өдөр тус тус Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжанд албан бичиг хүргүүлж, мэдэгдэн, хүсэлт гаргаж байсан боловч, одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй чирэгдүүлсээр байна. Урин дулааны цаг аль хэдий эхэлчихсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсэн, захиалга ид нэмэгдсэн энэ үед би тус эмнэлгээс авах ёстой мөнгөө хугацаандаа авсан байсан бол эргэлтэд оруулж, нэлээд орлого, ашиг олох боломжтой байсан юм. Иймд миний Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс авах ёстой вакум хаалга, хаалтын үнэ болох 1914000 төгрөг, түүний алданги 861300 төгрөг, бүгд 2775300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Топ харагай ХХК-ийн захирал Л.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус компанийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогч Б.Уаас вакум хаалга, хаалтын үнэ 1914000 төгрөг, алданги 861300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Би шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогч Б.У нь манай компанийн дансанд вакум хаалга, хаалтын үнэ 1914000 төгрөг, алданги 861300 төгрөгийг бүрэн шилжүүлж компанийг хохиролгүй болгосон байна. Иймд вакум хаалга, хаалтын үнэ 1914000 төгрөг, алданги 861300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогч Б.У биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Топ харагай ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Б.Ут холбогдуулан Вакум хаалга, хаалтын үнэ 1914000 төгрөг, алданги 861300 төгрөг, нийт 2775300 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Б.У нь нэхэмжлэгч Топ харагай ХХК-ийн нэхэмжилсэн вакум хаалга, хаалтын үнэ 1914000 төгрөг, алданги 861300 төгрөг, нийт 2775300 төгрөгийг бүрэн төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Топ харагай ХХК-ийн захирал Л.Ты шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Б.У нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Топ харагай ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59355 төгрөгийн тал болох 29677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас 29677 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Б.Уаас 29677 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Топ харагай ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Топ харагай ХХК-ийн вакум хаалга, хаалтын үнэ 1914000 төгрөг, алданги 861300 төгрөг, нийт 2775300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Б.У биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Топ харагай ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59355 төгрөгийн тал болох 29677 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаар данснаас 29677 төгрөг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Б.Уаас 29677 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Топ харагай ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН