Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Х.П /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрсүд овогт холбогдох эрүүгийн 2111 00000 1284 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1991 оны 8 сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн 30 настай халх, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн удирдлага, гадаад харилцаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эх, 4 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 2-23 тоотод оршин суух хаягтай, урьд 2008 оны 02 сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар гэм буруутайд тооцож ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж байсан, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Пыг өршөөж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Х.П нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг “UB Sound” нэртэй караокед иргэн Ч.Отгонцэцэгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.П нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг “UB Sound” нэртэй караокед хохирогч Ч.Отгонцэцэгийн нүүрэн тус газарт цохиж түүний зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйх, хамар, баруун нүдний дээд зовхи, дотор булан, зүүн нүдний дотор булан, эрүү, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Х.Паас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Х.Паас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг. /хх-39/

Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2021 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Ub Sound нэртэй караокед Ундрах /86621152/, Билэгжаргал /дугаарыг нь мэдэхгүй/, Билэгжаргалын 2 эмэгтэй найзтай тавуулаа орсон юм. Бид нарыг ороход 160.000 төгрөгийн сет байгаа уг сетийг авах боломжтой гэсэн ба бид нар зөвшөөрөөд уг сетийг нь авсан. Миний хувьд тал шил пиво уусан, архинаас бага зэрэг амссан ер нь согтууруулах ундаа бараг хэрэглээгүй гэж ойлгож болох юм. Тэгээд 2 цаг дуулж байгаад цаг нь дуусаад гарах гэсэн чинь бид нарыг та нар 240.000 төгрөгийн сет авсан байна гээд текэн дээр зогсож байсан залуу болон 2 эмэгтэй хэлэхээр нь бид нар 240.000 төгрөгийн сет биш 160.000 төгрөгийн сет авсан гэж хэлээд тэнд нэлээн хэрүүл болж байгаад бид нар өөрсдөө гуйж орсон юм чинь 240.000 төгрөгийг нь төлөхөөр болоод би жоохон зайтай утсаар ярьж байтал тухайн текэн дээр байсан 2 эмэгтэй, уг караокены эзэн гэх залуу гуравуулаа нийлчихсэн манай найз Ундрахын үснээс нь зулгаачихсан байхаар нь би очоод салгачхаад Ундрахыг аваад нэг өрөөнд оруулаад суулгаж байтал Ундрах эргээд явцгаая гээд гарсан чинь Ундрахтай зөрөөд уг караокены эзэн гэх залуу орж ирээд шууд үгийн зөрөөгүй миний нүүр лүү гараараа 2, 3 удаа цохихоор нь нүүрээ дараад тонгойсон чинь миний зүүн талын хацар руу 1 удаа өшиглөсөн тэгэхэд миний хамраас их хэмжээний цус гарсан чинь манай найзууд намайг ГССҮТ-рүү дагуулаад явсан. Тэгээд очиж үзүүлэхэд миний хамар хугарсан байсан бас толгой маш хүнд доргисон байна гэсэн. Миний хувьд маш их гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг /хх-5/

Гэрч Ө.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Бид нар 240.000 төгрөгийг нь өгөөд гарах гэж байсан чинь гаднаас Пүүжээ гэх тухайн караокены эзэн гэх залуу ирж ирээд шууд Отгонцэцэгийн нүүр рүү хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна цохиод хамраас нь аймар цус гаргахаар нь Билэгжаргалын 2 найз нь Отгоцэцэгийг аваад ГССҮТ-рүү явсан..” гэсэн мэдүүлэг /хх-7/,

 

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. гаднаас хүн хүчтэй нүдэхээр нь онгойлготол Пүрэвбаатар ах гаднаас орж ирээд 3 номерын өрөөнд байсан Отгонцэцэгийн араас ороод удалгүй эргээд гарч ирсэн юм. Гэтэл араас нь Отгонцэцэг гэх эмэгтэйн хамраас нь цус гарчихсан гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-9/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 10458 дугаартай дүгнэлтэд: /хх-19/ “..Ч.Отгонцэцэгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйх, хамар, баруун нүдний дээд зовхи, дотор булан, зүүн нүдний дотор булан, эрүү, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Х.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ч.О учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.П нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж үүний улмаас хамрын ясны хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Х.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Х.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн тогтсон орлоггүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ам бүл 6 эх дүү нарын хамт амьдардаг  зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Х.Пт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ч.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Пт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Х.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР